Шүүхийг доромжилсон тохуурхал

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Шүүхийг доромжилсон тохуурхал

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлосон цагтаа эхэлсэн боловч өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ш.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг дур мэдэн хаяж гарснаар шүүхийн үл хүндэтгэсэн зөрчил гаргалаа. Л.Гансүх нарын өмгөөлөгчид өөрсдийн тавьсан хүсэлтэй "бичгээр өгнө" гэж гарч явсан ч хэл чимээгүй алга болжээ. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарыг шүүх хуралдааны журам зөрчсөн гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулсан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв. 

Өмнө нь удаа дараа шүүх хурлыг элдэв шалтгаанаар дөрвөн ч удаа хойшлуулж байсан өмгөөлөгчид ийнхүү Монголын шүүх засаглалыг гутаан доромжлов. тэд үйлчлүүлэгчдээ буруугүй гэж мэдэгдэн, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргахдаа бодитой баримтгүйгээр хандаж, зориуд энэ хэргийг удаашруулах "өмгөөлөгч" тактик хэрэгжүүлэх болжээ. 

Удаа дараалан шүүх хурлыг хойшлуулж, шүүгчдээс татгалзаж буй энэ үйлдэл нь үнэхээр нүүрс хөтөлбөрөөс мөнгө авсан нь нотлогдсон болохоор аргаа барахдаа ийм тактик хэрэглэж байна гэж хардахад хүргэв. 

Монгол Улсын шүүхийн өмнө хүн бүхэн эрх тэгш. Энэ утгаараа шүүх хурлыг үл хүндэтгэх, түүнийг орхин гарах эрх хэнбугайд ч байхгүй. Ямар ч албан тушаал хашдаг, аль намынх зэргээс үл хамаарч шүүх хуралдааны дэг жаягийг баримтлах үүрэгтэй. Гэтэл ийнхүү удаа дараалан шүүхийг үл хүндэтгэж, баримт нотолгоогүйгээр дур зоргоороо аашилдаг үзэгдэл анх удаагаа гарав. Хэрэв буруугүй юм бол энэ удаан хугацаанд шүүх хурлыг хойшлуулах хэрэг байхгүй л болов уу. Харин ч шүүхээр өөрсдийн нэр төрөө сэргээлгэхээр хандаж, шүүх хурлыг хэвийн үргэлжлүүлэх ёстой. 

Гэтэл өөрийн хүсэлтээр гэрчээр оролцож мэдүүлэг өгнө гэсэн гэрч нь сураг чимээгүй алга болж, шүүгч өөрийнх нь хүссэнээр шийдвэр гаргахгүй бол дур зоргоороо орхиод гараад явдаг өмгөөлөгчид ямар хуулийг барьж үйлчлүүлэгчээ өмгөөлөөд байна вэ? Тэд үйлчлүүлэгчийнхээ талд байна уу эсвэл өөр хэн нэгний захиалгаар үйлчлүүлэгч болоод Монгол Улсын шүүхийг үл тоомсорлон, тохуурхаад байна вэ? Аливаа хүний гэм буруутайг зөвхөн шүүх тогтооно гэж эцэг хуулийн үндсэн зарчимыг бүдүүлгээр зөрчөөд байвал хүй нэгдлийн хүчээр бүхнийг шийддэг үе рүүгээ ухарсан хэрэг болох нь дамжиггүй. Тиймээс ч шүүх хуулиа мөрдүүлж, хариуцлагагүй этгээдүүд хатуу хуулиа мөрдүүлэх үүрэгтэй билээ. 

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж