Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо амжилттай үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 65 кг, эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, бүсгүйчүүдээс гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ С.Бямбацэрэн, Б.Шоовдор, Г.Наранчимэг нар барилдана.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд С.Бямбацэрэн Тунисийн тамирчин Марва Амри, 58 кг-д Б.Шоовдор АНУ-ын Аллисан Макензие, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг Унгарын Габриэлла Слейц, 75 кг-д Г.Наранчимэг АНУ-ын Аделина Грейтэй тус тус эхний тойрогт оноолт таарчээ.
Энэ жилийн ДАШТ-д жин тус бүртээ эхний зургаан байрт орсон тамирчид олимпийн эрхээ халааслах учиртай. Манай тамирчдаас эхний өдөр гурван бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн 69 кг-д О.Насанбурмаа шагналт V байрт шалгарч "Рио-2016" олимпийг зорих эрхээ аваад байна.
Лас-Вегаст болж буй ДАШТ-ий хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагт эхэлж байгаа бол медалийн төлөөх барилдаан 10.30-13.00 цагийн хооронд болох юм.
ТЭМЦЭЭНИЙГ ШУУД ҮЗЭХ ЛИНК:
https://unitedworldwrestling.org
Ч.БОЛ