Монголын хамгийн том гэр театртай танилц

Хуучирсан мэдээ: 2019.11.05-нд нийтлэгдсэн

Монголын хамгийн том гэр театртай танилц

Монгол гэр хэлбэртэй театрт дөхөх тусам хэмжээ нь улам томорно. Өндрөөрөө гурван давхар байшинтай тэнцэх уг театр нь Монголын хамгийн том баганагүй гэр гэдгээрээ онцлог.

Энэ гэр театрыг Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн хань нь түүнд зориулан таван сарын хугацаанд байгуулж, ашиглалтад оруулаад байгаа нь энэ. Ингээд Скай ресортод байрлах Монголын хамгийн том гэр театрыг зорин очиж, сурвалжиллаа.

Үүдээр ороход л том орон зай угтаж, гэрлэн чимэглэл нь яг л тэнгэрийн одод шиг харагдах аж. Монгол гэрийг хэд дахин томруулсан болоод ч тэр үү нэг л нүдэнд дасахгүй байх шиг. Хэдийгээр монгол гэр хэлбэртэй ч орчин үеийн шинэлэг шийдэл бүхий театр нь 300 хүний суудалтай. Гэрийн диаметр нь 30 метр, тооно хүртэлх өндөр нь 13.8 метр буюу гурван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй. Нийт 720 м.кв талбайтай. Харин тоглолтын тайзны урт нь 17, өргөн нь есөн метрийн өргөнтэй.

 “ЯНЗ БҮРИЙН ХЭЛБЭРТЭЙ ТЕАТРЫН ТАВАН Ч ЗУРАГ ТӨСӨЛ ХИЙЛГЭСЭН”

Гэр театрыг байгуулсан Д.Болор-Эрдэнэ театраа анх байгуулах болсон тухайгаа ярихдаа “Би Япон улсад олон жил ажиллаж, амьдарсан хүн. Эх орондоо ирсний дараагаар 10-аад жилийн өмнөөс л театр байгуулах хүсэл мөрөөдөлтэй болсон. Ер нь би ханийгаа өөрийн гэсэн нэг тайзтай болгохыг хүсдэг байлаа. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд бид хоёр шантралгүй олон жил зүтгэсэн. Бид хоёр өнгөрсөн хугацаанд янз бүрийн хэлбэртэй театрын таван ч зураг төсөл хийлгэсэн. Тэгээд яг нэг жилийн өмнө Японоос хөрөнгө оруулалт хайж, театр байгуулах хэмжээний санхүүжилтийг босгож чадсан. Театр байгуулах газраа хайж, олон газраар явж, цөөнгүй хүнтэй ч уулзсан. Урлагийн театр гэдэг утгаараа маш гоё газар байрлах ёстой. Тэр ч үүднээсээ Улаанбаатар хотод гоё газар хайгаад явахаар олдохгүй юм билээ.

Тэр нэг азтай өдөр эхнэр бид хоёр олон жил хамтран ажилласан “М-Си-Эс Эстэйтс” компанийн Ж.Уранцэцэг захиралд төслөө танилцуулсан. Тэр хүн маань бид хоёрыг “М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж.Од захиралтай уулзуулж өгсөн юм. Тус группийн захирал Ж.Од захирал бидний төслийг их сайхан хүлээн авч “Би бас Морин хуурын чуулгад зориулсан гэр театр босгохоор зураг төслийг нь батлуулах гэж байсан юм” гэдгээ хэлсэн. Тэгээд “Скай рэсорт”-од газар гаргаж өгөхөөр болж, өнгөрөгч 2018 оны дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн. Ж.Од захирлын театрын зураг төслийг хөгжүүлж, ажиллах хүсэлт тавихад зөвшөөрч, ажлаа эхлүүлсэн. Ямар ч төсөл санхүүгийн боломж бүрдэхгүйгээр хэзээ ч бүтэхгүй л дээ энэ гэр театр төслийн гол санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүн бол Япон улсын иргэн Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ сан болон миний оюутан цагаас өдийг нөхөрлөж ирсэн анд найз Орхон аймгийн Төгөл группийн захирал Д.Гантөмөр юм” гэв.

“ХҮН” ЧУУЛГЫГ БАЙГУУЛЖ, УРАН БҮТЭЭЛЭЭ ХҮРГЭЖ ЭХЭЛНЭ

Гэр театрыг зориулалтаар нь ашиглахаас гадна сандлуудыг нь аваад ч ашиглаж болох ажээ. Угтан авах танхим, тоглолтын тайз, уран бүтээлчдийн өрөө, бие засах газар, бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бие засах өрөөг хүртэл тусад нь хийсэн нь чамгүй сэтгэл, зүтгэл, хүч хөдөлмөрөө гарган байгуулсныг илтгэж байв.

Барилгын зураг төслийг гурван компани хийж барилгын ажлыг гүйцэтгэхэд дөрвөн ч компани оролцжээ. Гэр театрын халаалт, агааржуулалт, сантехник. цахилгаан, галын дохиолол гээд бүх ажлууд стандартын дагуу шийдснээс гадна тайз декарац, гэрэлтүүлэг, хөгжим аппаратур нь гэр театрынхаа онцлогт тохирсон өвөрмөц шийдэлтэй.

УРЛАГИЙН ГЭР БҮЛ

Д.Болор-Эрдэнийх гурван охинтой айл. Манай том охин Б.Замилан нь Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангийг төгссөн бөгөөд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсчээ. Тэрбээр их сургуульдаа суралцаж байхдаа “Говийн домог” уран сайхны кинонд тоглосон байна. Харин хоёр дахь охин Б.Хүслэн нь Монгол Улсын консерваторийн балетын ангид сурдаг. Саяхан ОХУ-ын Москва хотноо болсон олон улсын балетын тэмцээнд оролцож, тусгай байр эзлээд ирсэн сурагтай. Тэдний бага охин нь хоёр ойтой ажээ.

Тэрбээр “Энэ театр эхнэрийн минь театр. Тиймээс ч хань маань бүжгийн урлагтаа тулгуурласан “ХҮН” чуулга хэмээх шинэ чуулгыг байгуулж байгаа” гэдгийг дуулгасан юм. Цоо шинэхэн чуулга ирэх хавраас гадаадын жуулчдад зориулсан хөтөлбөрөө гаргаж, уран бүтээлээ үзэгчдэдээ хүргээд эхлэх гэнэ. Удахгүй энэ сарын 7-нд нээлтээ хийх гэж буй шинэхэн театрт нээлтийн арга хэмжээний бэлтгэл ид өрнөөд эхэлжээ. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн хувьд ирэх арванхоёрдугаар сарын эхээр ЮНЕСКО-гийн төв байранд  эрдэмтэн, судлаач С. Дулам гуайн судалгаанаас сэдэвлэн бүтээсэн "Хөмөргөн гурвалжин" бүжгэн жүжгийг тоглохоор бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа ажээ.


Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж