Зургаан сар хүлээлгэсний эцэст Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн 20.9 км автозам өчигдөр /2019.11.4/ ашиглалтад орж, зун, намаржин шороон замаар сүлжилдэн, тоос шороонд дарагдаж, энхэл донхол дунд машин тэргээ сүйдлүүлэн “зовсон” иргэдийг баярлуулав. Эл мэдээтэй зэрэгцэн Налайхын зам нээлтээ хийсэн ч, ашиглалтад ороогүй байна, жолооч нар шинэ зам нээгдэхийг хүлээн түгжрэл үүсгээд байна зэрэг мэдээлэл түгэв. Ингээд шинэхэн замыг зорьж, шинэ замын хөдөлгөөнд жолоочид хэр соёлтой оролцож байгааг сурвалжиллаа.
Биднийг 17.00 цагийн үед очиход тус замаар автомашинууд зогсолтгүй сүлжилдэж байв. Замын зүүн тийш чиглэх урсгал дагуух автобусны буудал дээр ээж, хүү хоёроос өөр автобус хүлээн зогсох хүн байсангүй. Тэднээс шинэ зам ашиглалтад орсноор ямар өөрчлөлт гарч буйг лавлалаа.
ГАРЦГҮЙГЭЭС ЦЕМЕНТ ДЭЭГҮҮР НЬ ДАВЖ ГАРЧ БАЙНА
“Манай ажил энэ хавьд байдаг. Харин гэр маань Эм эмийн ургамалд байдаг юм. Гэр, ажлын дунд дөрөвдүгээр сараас эхлэн шороон замаар явлаа. Шороон замаар явахад тоос шороо бужигнахаас эхлээд маш хүнд байсан. Өнөөдөр шинэ замыг нээнэ гэдгийг сонсоод маш их баярлаж суулаа. Энд ирээд 10 минут орчим автобус хүлээгээд байна. Одоохондоо хүйтрээгүй байгаа ч өвлийн жавраар бага насны хүүхэд хөтлөөд автобус хүлээх ямар хүнд байдаг билээ дээ. Тиймээс Налайхын автобусны тоог нэмэх шаардлагатай байна. Бас явган хүний гарцыг нэмэх шаардлагатай. Шинэ зам дагуу цөөн тооны явган хүний гарц байгаа ч тэр нь маш нарийн, хүүхдийг ганцааранг нь явуулалтгүй юм байна. Эмийн ургамлын ойролцоо ийм нарийн гарц ч байхгүй. Автобусанд суухын тулд цемент дээгүүр нь даваад л гараад байгаа” гэж байлаа.
ОЙР ХАВЬД ГАРЦ БАЙХГҮЙ
Удалгүй автобус ирж, хэсэг хүн бууж ирсэн юм. “Налайхын зам өнөөдөр ашиглалтад орсноор, шороон замаар тоос бужигнуулан явахгүй их сайхан байна. Өнөөдөр азаар автобус хүлээлгэлгүй ирлээ. Налайх чиглэлийн автобус ер нь их хүлээлгэдэг. Энэ чиглэлийн автобусны тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Бас явган хүний гарцыг нэмэхгүй бол горьгүй нь. Яг энд гарц харагдаж байгаа ч ойр хавьд үүнээс өөр гарц байхгүй.
ЭНЭ ЗАМААР 60 КМ/ЦАГ ХУРДТАЙ ЯВАХ ЁСТОЙ
Ингээд шинэ замаар цааш явтал хэсэг машин зам чөлөөлөн зогссон байв. Шинэ замаар хурд хэтрүүлэн яваа жолоочдыг түр “саатуулаад” байгаа нь энэ ажээ. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөн зохицуулагч Д.Бат-Эрдэнээс шинэ зам нээгдсэнтэй холбоотойгоор жолооч нар ихэвчлэн ямар зөрчил гаргаж байгааг тодрууллаа.
-Шинэ зам дээр жолооч нар ихэвчлэн ямар зөрчил гаргаж байна вэ?
-Шинэ бүтээн байгуулалтын хүрээнд Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн 20.9 км зам ашиглалтад орсонтой холбоотойгоор ТЦА-ны Замын цагдаагийн газраас хяналт шалгалт явуулж байна. Шинэ замд хурд хэтрүүлсэн зөрчил маш их гарч байна. Нэг цагийн дотор 30 гаруй хүн хурд хэтрүүлсэн зөрчил гаргаад байна.
-Нэг цагт 30 жолооч хурд хэтрүүлж байна гэдэг ноцтой сонсогдож байна. Үүнтэй холбоотойгоор ТЦА-аас ямар ажил зохион байгуулах вэ?
-Нийт жолооч нарт анхааруулах хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, энэ замыг жолооч нар орон нутгийн зам гэж бодоод хурд хэтрүүлээд байх шиг байна. Шинэ зам нь суурин газар доторх зам тул замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 60 км/цаг хурдтай явах ёстой. Манай байгууллагын зүгээс энэ маягаар ажиллаж, жолооч нарт сэрэмжлүүлгийг хүргэсээр байх болно.
-Маш олон машин зэрэгцэн явж байхад хурд хэтрүүлж яваа жолоочийг хэрхэн илрүүлээд байна вэ?
-Жолооч нар дүрэм зөрчөөгүй байхад хурд хэтрүүлсэн гэж гүтгэлээ хэмээн маргадаг. Бид хурд хэтрүүлж байгаа эсэхийг шинэ багажаар илрүүлж байгаа. АНУ-д үйлдвэрлэсэн энэ багажид бичигдсэн бичлэгийг нь үзүүлж, энэ асуудлыг шийдвэрлэж байна. Мөн энэ багаж нь хурд хэтрүүлж яваа машиныг тодруулж, мэдээллийг ил болгодог.
-Таны дурдсан шиг жолооч нар энэ замыг орон нутгийн зам гэж бодоод хурд хэтрүүлээд яваа байж болох юм. Тэгсэн ч Зөрчлийн тухай хуулиар торгож, хариуцлага тооцож байгаа юм уу?
-Хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.31, 32-т заасны дагуу суурин газар 90км/цагаас дээш хурдтай явах юм бол 50 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь гурван сараар хасдаг, харин 90 км/цагаас доош хурдаар зөрчил гаргасан бол 50 мянган төгрөгөөр торгодог. Гэхдээ бид энэ удаад жолооч нарт сануулга өгсөн. Дараагийн удаад дүрмийн дагуу шийдвэрлэнэ. Дураараа биш дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг нийт жолооч нартаа дахин дахин анхааруулмаар байна.
ХУРД ХЭТРҮҮЛЖ ЯВААГАА АНЗААРСАНГҮЙ
Хурд хэтрүүлж, дүрэм зөрчин “саатуулагдаад” байгаа жолоочийн төлөөллөөс хурд хэтрүүлсэн шалтгааныг лавлаад, зургаан сар хүлээсний эцэст шинэ замаар зорчиход төрсөн сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр “Шороон замаар явж байгаад шинэ замаар явсан чинь гоё юм. Гэхдээ хурд хэтрүүлж яваагаа ч анзаарсангүй. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэх тайлбарыг өгсөн юм.
“УРГАХ НАРАН”-ГИЙН АВТОБУСНЫ ТООГ ЗАЙЛШГҮЙ НЭМ
Ингээд баруун тийш чиглэх урсгалд орлоо. Замын хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байлаа. Хэсэг явсны эцэст автобус хүлээн зогсох хэсэг хүмүүстэй таарсан юм.
“Ургах наран” хорооллын буудал дээр автобус хүлээж цаг орчим зогслоо. Ирэхгүй болохоор нь эндээс автобусанд суух гээд ирсэн юм. Налайхын автобусны хүлээгдэл “Ургах наран”-гаас арай гайгүй байдаг юм. Ес эхлэхээр цэцэрлэг, сургуулийн хүүхэд хөтлөөд энэ хоёрын дунд явах амаргүй. Өвлийн улиралд бүр хүнд. Тиймээс “Ургах наран” чиглэлийн автобусны тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна.
Автобусны буудлын ойролцоо хурд хэмжин зогсоо замын хөдөлгөөн зохицуулагчидтай таарлаа. Тэднээс зам нээснээс хойш замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэчнээн зөрчил илрүүлээд байгааг асуухад “Одоогоор 20 гаруй жолооч хурд хэтрүүлээд байна. Хурд хэтрүүлсэн жолооч нарт энэ удаад сануулга өгсөн. Ихэнх зам дээр 60 км/цаг, тусгай тэмдэглэгээтэй газар 50км/цаг хурдтай явах заалтыг мөрдүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.
Замын голд гэрлийн шон, гэрэлтүүлгийн материалыг цувуулан тавьсан байлаа. Ойрын өдрүүдэд багтаан зам дагуух гэрэлтүүлгийн ажлыг дуусгахаар шаргуу ажиллаж байгаа нь энэ ажээ. БНХАУ-ын 36 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр баригдаж буй уг замын ажил бороо, ус ихтэй байсны улмаас товлосон хугацаанаас 29 хоногоор хойшилсон ч зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд буй нь энэ юм.
Гэхдээ замын ажил бүрэн дуусаагүй бөгөөд гүйцэтгэл 80 хувьтай байгааг Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нээлтийн үеэр онцолсон юм. Харин ирэх хавар замын өнгө хучилт, явган зам, дугуйн зам байгуулах аж. Эдгээр ажлыг хийхэд зам хаах шаардлагагүй бөгөөд тус зам дээр 100 тонн хүртэлх ачааны машин явах боломжтой гэдэг утгаараа гурван жилийн баталгаатай ч 60 жил ашиглах боломжтой юм байна.
Баригдаж эхэлсэн цагаасаа л гарц, гармын асуудал дагуулсан тус замд стандартын дагуу явган хүний таван гүүрэн гарц байгуулж, дөрвөн километрт нэг гарц, нэг аюулгүйн тойрогтой байхаар төлөвлөсөн байна. Мөн мал, амьтны нүхэн гарцыг ч шийдсэн гэнэ. Одоо зам стандарт, төлөвлөгөөний дагуу баригдах эсэхийг харах л үлдлээ.
Холбоотой мэдээ