Япон дахь Монголын докторант, судлаачдын эрдэм-шинжилгээний форум II арваннэгдүгээр сарын 23-нд болно. Уг форумыг Японд суугаа Монголын Элчин сайдын яам, Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм хамтран зохион байгуулж байгаа аж. Тус бүлгэм нь Япон улсын өнцөг булан бүрт суугаа монгол иргэдийн, тодруулбал, нийгэм, байгаль, хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр тус улсад сурч, ажиллаж байгаа 200 гаруй доктор, докторант, судлаачийг холбосон албан бус нэгдэл юм. Форумын гол зорилго нь залуу судлаачид хоорондоо танилцах, судалгааны арга зүй, мэдлэг мэдээлэл солилцох, цаашид хамтран ажиллах сэдэл санааг өдөөх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудыг эрэлхийлэхэд чиглэгдэж байна. Форум нь Зочин багшийн илтгэл, Судлаачдын илтгэл, Постер илтгэл, Хамтарсан төслийн илтгэл, Дугуй ширээний хэлэлцүүлэг, Номын булан гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэх аж. Зочин багшаар АШУИС-ийн Био-анагаахын сургуулийн профессор Ж.Сарантуяа, "Осака" их сургуулийн Хэл, соёлын тэнхимийн дэд профессор, монгол судлаач Имаока Рёоко, Австралийн Куртин их сургуулийн Боловролын сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Довчингийн Сэндэр нар оролцох юм байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ