Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдралын тухай өгүүлсэн “The Medicine Buddha” баримтат киноны нээлт өнөөдөр /2019.11.04/ Гэгээнтэн кино театрт болжээ. Уг киноны зураг авалтыг сар гаруй хугацаанд үргэлжилсэн ба зураг авалт АНУ-ын Лондон хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Завхан аймгийн Цагаанчулуут суманд хийсэн байна.
“Гэгээнтэн” цогцолборт болсон нээлтэд шашин төрийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, уламжлалт анагаах ухааны салбарт ажиллаж, сурч байгаа хүмүүс гээд маш олон хүмүүс ирсэн байлаа. Сонирхуулахад, киноны найруулагчаар Британийн найруулагч Бенжамин Жонс ажиллажээ. Тэрбээр 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртсэн байна.
Ийнхүү Английн “EYE-CUE FILMS”-ийн “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны хүрээнд бүтээсэн “The Medicine Buddha” киног бүтээжээ. Харин зөвлөх продюсероор Константин Палвидис, зураглаачаар Жерри Васбентер нар ажилласан бол киноны тайлбарыг Холливудын алдарт жүжигчин Бэн Кингсли уншсан юм. Жерри Васбентер нь өмнө нь “Бөгжний эзэн” болон “Гравити” зэрэг холливудын кинонуудын зураг авалтыг хийж гүйцэтгэж байсан дэлхийн нэрт зураглаачдын нэг юм.
Эдгээр дэлхийн томчуудын бүтээсэн “The Medicine Buddha” кино нь 2018 онд Монголын үндэсний кино урлагийн академийн “Академи авардс-2018″ наадмын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан бөгөөд өнөөдөр монголчуудад албан ёсоор нээлтээ хийж байгаа нь энэ юм байна.
“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, ШАШИНГ СЭРГЭЭЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА”
Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч, профессор Д.Нацагдорж нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Шинийн 8-ны билэгт сайн өдөр “The medicine Buddha” хэмээх баримтат нээлтээ хийж байна. Энэ кинонд миний бие оролцсон. Тиймээс миний болон монголчуудын талаар кинонд гарах болно. Тэр тусмаа Цагаан сарын үеэр зураг авалт болсон учир Монголын өв соёл, уламжлалт анагаах ухааны онцлог байдал, Монголын байгаль хангай гээд бүхнийг багтаасан. Цаашид монголчуудын өв соёл, уламжлалт анагаах ухаан, бурхан шашны энэ олон зүйлийг дэлхийд таниулж байгаа кино болсон гэж итгэж байгаа. Одоо АНУ, Англи, Канад зэрэг улсад энэ кино гарч байгаа юм билээ. Тиймээс монголчуудынхаа өв соёлыг дэлхийд таниулахад өөрийн чадах хэмжээгээрээ хувь нэмрээ оруулсан болов уу гэж бодож байна.
Сар гаруйн хугацаанд 60 гаруй цагийн зураг авалт хийсэн байдаг юм. Түүнээсээ түүвэрлэн нэг цаг 50 минут буюу 110 минутын киног бүтээсэн гэсэн. Нэг ёсондоо гадныхны нүдээр “бичигдсэн” кино гэж хэлж болох юм. Миний хувьд энэхүү кинонд оролцсондоо баяртай байна. Яагаад гэвэл Монголын уламжлалт анагаах ухаан, шашин маань буурч доройтож явсан үе бий. Буруугаар сурталчлагдаж байсан үе бий. Одоо юм ил тод болсон энэ цаг үед зөв талаас нь мэдээлэл өгч байгаа болов уу гэж бодож байна. Хамба лам Д.Нацагдорж гэвэл мэддэг нэг хэсэгхэн хүрээлэл байгаа болохоос бүх нийт массаараа мэдэхгүй. Тэр тусмаа гадныхан бүр ч мэдэхгүй. Харин Монгол гэдэг ийм улс байдаг юм байна. Монголын анагаах ухаан, шашин, өв соёл нь ийм байдаг юм байна гэдэг талаас нь Монголын дэлхийд харуул байгаа кино гэж харж байгаа” гэв.
“ХАМБА БАГШААР ДАМЖУУЛАН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХЫГ ХҮССЭН”
Харин тус киноны найруулагч Бенжамин Жонс ярихдаа “Би дэлхийн олон орноор аялж баримтат кино хийж байсан. Энэ удаагийн киног хийх болсон шалтгаан нь бол хамба багш маань монголчууд төдийгүй дэлхийн олон улсын хүмүүсийг анагааж, итгэлийг нь хүлээж байгааг харсан, мэдсэн. Тиймээс хамба багшид түшиглэн кино хийж, түүний үйл хэргийг дэлхий дахинд таниулахыг зорьсон. Өнөөдөр Монгол Улсдаа нээлтээ хийж байна. Цаашид ямар нэгэн онлайн хэлбэрээр үзэгчдэд хүргэх арга хэлбэрийг судална” гэсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ