1800 иргэнд үнэ төлбөргүй англи хэл заана гэв

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

1800 иргэнд үнэ төлбөргүй англи хэл заана гэв

Дэлхийн улс орнуудад суралцдаг Монголын Оюутан, Залуучуудын холбооноос өнөөдөр нийслэлийн 1800 иргэнд үнэ төлбөргүй англи хэл заах болсноо дуулгалаа.

Дэлхийн улс орнуудын их, дээд сургуульд суралцдаг Монголын 100 гаруй залуус нэгдэж, иргэдэд англи хэлний мэдлэг олгох “Англи хэлтэй дүүрэг-2015” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл хангасан байна. Хөтөлбөрийн хүрээнд 1800 иргэнд үнэ төлбөргүй хичээл заах аж. Хичээлийг анхан, дунд, гүнзгий гэж ангилна. Суралцагчдыг шалгаруулахдаа есөн дүүргийн хороодоор дамжуулан 10 мянган ширхэг сугалаа тараана. Тэднээс сурах эрмэлзэлтэй 1800 иргэнийг сонгох аж. Сургалтыг ирэх аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын дунд хүртэл хийх аж. Нийтдээ 48 цагийн хичээл заана, хичээл 10.00-20.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.

Онцлоход, Дэлхийн улс орнуудад суралцдаг Монголын оюутан, залуучуудын холбооноос энэ оны нэгдүгээр сараас “Англи хэлтэй дотуур байр”, “Англи хэлтэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрт 5000 оюутан, 18 аймгийн 15000 иргэн хамрагдаж, англи хэлний зохих мэдлэгтэй болсон байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж