Биомеханикийн лабораторитой боллоо

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Биомеханикийн лабораторитой боллоо

ШУТИС-д Биомеханик судалгааны лабораторийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болов. Уг лабораторийг “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 394 мянган ам.долларын санхүүжилтээр байгуулж байгаа аж. Монголд биомеханикийн судалгааны лаборатори анх удаа байгуулагдсан нь энэ юм.

Өнөөдөр нээлтээ хийж буй уг лаборатори нь 22 төрлийн багаж, тоног төхөөрөмжтэй. Ийм лабораторийг Монголд нээснээр хүзүү, нуруу нугасны гэмтэл, хиймэл эд эрхтэн, хиймэл ясны суурь бүтэц, булчин шөрмөсийн систем, биомеханикийн судалгаа хийх боломжтой болсон талаар албаныхан онцлов.

Энэ нь эргээд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохон түлхэц болно хэмээн үзэж байна. ШУТИС-ийн дэргэд ийм лабораторийг нээснээр залуу боловсон хүчнээ давхар дадлагажуулан бэлтгэх боломжтой гэв. Харин лабораторид ажиллах боловсон хүчнийг долоон жилийн өмнөөс БНСУ-д бодлоготойгоор бэлтгэжээ. Тиймээс боловсон хүчний дутагдалд орохгүй гэдгийг албаныхан тайлбарлав.

Дашрамд дуулгахад, Биомеханикийн судалгаагаар Америк, Герман, Солонгос тэргүүтэй орнууд дээгүүрт ордог байна. Монголд энэ лабораторийг нээсэн нь Биомеханикийн судалгааны ажлын эхлэл хэмээн албаныхан тайлбарлалаа.

Б.ЗАЯА

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж