Жокер яагаад жагсагчдын бэлгэ тэмдэг болоод байна вэ? | News.MN

Жокер яагаад жагсагчдын бэлгэ тэмдэг болоод байна вэ?

Жокер яагаад жагсагчдын бэлгэ тэмдэг болоод байна вэ?

Жокер яагаад жагсагчдын бэлгэ тэмдэг болоод байна вэ?

Дэлхийн олон хотууд, далайн наана, цаана гудамжинд гарч зогсож, аливаа зүйлийн төлөө тэмцэж байгаа хүмүүст нэг нийтлэг зүйл ажиглагдах боллоо. Цагаан царай, улаан уруул. Жокер.

Анх Иракийн дизайнер Ахмед Шавки Иракад болж буй бослогын үеэр дарсан зурагнууд дээр Жокерийг эвлүүлж, цахим ертөнцөд тавьсан нь хүмүүсийн анхааралд их өртсөн. "Кинон дээрх Жокер нийгмийн алдаатай байдлаас болж зовж, зүдэрдэг. Харин Иракийн гудамжинд жагсаж буй хүмүүс нийгмийн алдаатай байдлын эсрэг тэмцэж байгаа нь нийтлэг санагдаж байна" хэмээн Ахмед тайлбарлажээ.

Мөн хэн нэгэн Чилийн Сантиагогийн хөшөөн дээр "Бид бүгд алиалагч" хэмээн бичсэн

Харин Хонконгод тэмцэгчид Жокерийн баг зүүж, хувцас өмссөн.

Тэдний нөхцөл байдлууд өөр өөр. Засгийн газрын эсрэг, эрх чөлөөний төлөө, энгийн ард, эрх баригчдын эрс ялгаатай байдлаас болсон гэх мэт.

Чухам яагаад Ливан, Ирак, Чили, Болив, Хонконг, Спаний тэмцэгч, жагсагчид психопат алуурчныг өөрсдийн бэлгэ тэмдэг болгоод байна вэ?

ЗАРИМ НЬ ӨӨРСДИЙГӨӨ ЖОКЕР ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА

Ливаны гудамжны уран бүтээлч Мухаммед Каббани "Жокер бол бид. Бэйрүт бол шинэ Готам хот" хэмээн CNN агентлагт ярилцлагадаа хэлсэн байна.

Кинонд Готам хот бол нийгмийн үйлчилгээ тасалдсан, гэмт хэргээр дүүрсэн, чинээлэг баячууд нь тосонд умбаж, торгонд хөлбөрч байх зуур энгийн иргэд хүчгүйдээ гутарч, хэлгүйдээ гуниж явдаг хот. Ар араасаа үргэлжилсэн хар бараан өдөр хоногууд Артур Флекийг солиоруулж, эцэст нь Жокер болгодог.

Чухам түүнтэй л адил чинээлэг баячууд болон энгийн иргэдийн ялгаатай байдал Ливанд үүсээд байна гэж Каббани тайлбарлажээ.

"Энэ бүхэн бол өнөөгийн Ливаны нийгэм. Хаа сайгүй золбин ноход, итгэл найдвараа гээсэн хүмүүс гээд л. Бүгд л аймшигтай зовж, итгэл найдварын гялбаа мөрөөдөн цонхоор харан сууна" хэмээн Каббани ярьж байна.

Араб хип хоп болон гудамжны урлагаар дамжуулж, Каббани болон түүний ихэр Омар нар нийгэмд үгээ хэлсээр, Бэйрүтийн иргэд гудамжиндаа гарч ирж жагсахад Жокерийг тэдний бэлгэ тэмдэг болгожээ.

Тэд өөрсдийн каллиграф хэв маягаар молотов барьж буй Жокерийг дүрсэлж, толгой дээр нь Арабаар 72 цаг гэж бичжээ. 72 цаг бол Ерөнхий сайд Саад Харири Ливаны эвслийн Засгийн газарт тавьсан шинэчлэл хийх шаардлагын эцсийн хугацаа юм.

Ах дүүс зургаа цахим ертөнцөд нийтэлж, хэвлээд гудамжинд тараав. Мөн тэд ганц дайчин байж ганцаардсангүй.

28 настай график дизайнер Цинтиа Абоужөүд Бэриүтийн гудамд Жокерийн нүүр будалттай гарч жагсав. Зүгээр л ингэх ёстой юм шиг санагдсан гэж Цинтиа үүнийгээ тайлбарлажээ.

"Би өөрсдийн санааг ойлгуулах ганц бөгөөд зөв зам бол энэ л гэж бодсон. Бид зовж байна. Бид гомдож байна. Бид бүгд яг ижил ийм л "Жокер" мэдрэмжтэй байна. Өнөөгийн амьдрал бидэнд ердөө л амьдрахын төлөө зогсолтгүй худал хэлж, бусдыг хуурж сурахаас өөр сонголт өгөхгүй байна. Харин би тэгж амьдармааргүй байна" гэж Цинтиа CNN-д захидал бичжээ.

ЗАРИМ НЬ ЭНЭ КИНОГ ӨӨРСДИЙНХ НЬ НИЙГМИЙН ТУСГАЛ ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА

Чилид хүмүүс амьдралын хэт өндөр өртөг, бага хөлс, эрүүл мэндийн муу үйлчилгээ, төрийн бодлогын эсрэг жагсацгааж буй. Сэтгэл зүйч Валентина Элварез очиж чадах бүх л жагсаал цуглаанд очиж байгаа.

Аравдугаар сарын 24-нд тэр Жокер нүүр будалттай, Ерөнхийлөгч Себестиан Пинерад хандсан мессэжтэй жагсаж байхдаа дуранд өртсөн. Түүнээс хойш олон жагсагчид Жокерийн нүүр будалт хийж, хувцас өмсөж жагсах болсон.

Жокер шиг хувцаслах нь нийгэм ямар арчаагүй байгааг илэрхийлнэ гэж Элварез хэлжээ. Мөн түүнтэй ижил бодож байгаа хүмүүс олон бий гэнэ.

"Жокер бол хаягдсан, ганцаардсан, буруу ойлгогдсон дүр. Чилийн энгийн иргэд бид яг түүнтэй ижил мэдрэмж тээн амьдарч байна" хэмээн Элварез CNN-д захидал бичжээ.

ЗАРИМ НЬ ҮҮНИЙГ ХҮЧ ЧАДЛЫН ДОХИО БОЛГОЖ БАЙНА

Жокер бол нэг талаараа муу муухай нийгмийн эсрэг хамгийн их дарлагдсан иргэн хэрхэн босч ирж чадахыг харуулсан дүр.

Жокерийг тэмцэгчид дуурайж буйн нэг шалтгаан бол бусаддаа өөрсдөд нь буй хүч чадлыг сануулах мессэж болох явдал юм гэж Мартин Лютер их сургуулийн HoF институтын судлаач Эндреас Бийр үзэж байна.

"Жокерийн нүүр будалт, маск зүүн жагсаж байгаа тэмцэгчид ХонКонг, Ливан хамаагүй бүгд л адилхан "Бид солиороход бэлэн байна. Шийдвэрээ болгоомжтой гарга!" гэсэн мессэжийг төрдөө хүргэхийг зорьж байна" хэмээн Бийр ярьжээ.

ЗАРИМ НЬ АНХААРАЛ ТАТАХЫГ ХҮСЧ БАЙНА

Жокерийг дуурайх нь бусдын анхаарлыг татаж, харагдаж, сонсогдох нэг арга гэж Бийр үзэж байна.

Учир нь шинэхэн кино дэлхий даяар маш их алдартай болсон. Түүнийг танихгүй хүн үлдээгүй. Жокерийг дуурайснаар бүгдийн анхаарлын төвд хялбархан орж болно.

"Хэрвээ та ХонКонг, Бэриүт, Чили аль нэгт нь жагсаж байвал хэрхэн дэлхийн өөр буланд буй хүмүүсийн анхаарлыг татаж өөрсдийн асуудалд оролцуулах вэ? Хамгийн энгийн арга бол яг одоо бүхний анхаарлын төвд байгаа поп урлаг" хэмээн Бийр ярьж байна.

Орчин цагт супер баатар биш сайн сөрөг дүр бүгдийн хайрыг татах болсон.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: edition.cnn.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-04 107.77.173.57

Ойрхи дорноын Парис гэж алдаршиж,цэцэглэн хөгжиж байсан амгалан тайван Ливаныг Зөвлөлт Оросын тэжээсэн Ясир Арафат тэргүүтэй алуурчдын өлгий Палестины чөлөөлөх байгууллага цусанд умбуулсан даа.Өнөөдрийг ойрхи дорнод,лалын ертөнц дахь дайн самуунд оросын оролцоо их байдаг юм билээ.

Avatar

Зочин 2019-11-04 193.154.23.218

Хуцна биз. Арабын хавараар сүйрээ биз дээ.

Avatar

Зочин 2019-11-04 203.91.114.244

сөрөг дүр???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж