Хэвлэлийн мэдээллийн мөрөөр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Өчигдөр “Өдрийн сонин”-д УИХ-ын гишүүн Л.Болд Авлигатай тэмцэх газарт шалгаж буй гэх асуудлаар дэлгэрэнгүй тайлбар өгчээ. Тэнд дурдагдсан зүйлсээс Батлан хамгаалах яамны захиалгаар баригдаж байгаа 300 айлын орон сууцны барилгыг тантай холбож удаа дараа хэвлэлээр бичсэн. Та, эсвэл таны хүү яагаад тэр барилгын ажлыг гүйцээхгүй байгаа юм бэ?
-Энэ асуудлаар хэвлэлийнхэн өмнө нь ч надад хандаж, асууж тодруулж байсан. Тэр болгонд би энэ асуудалд ямар ч холбоогүй гэдгээ тайлбарладаг. Одоо ч үүнийгээ хэлж нотлоход бэлэн байна. Батлан хамгаалах яамны захиалгат орон сууцны барилгын тендер тухайн үед ил нээлттэй зарлагдсаны дагуу манай хүүгийн компани ном журмынх нь хүрээнд оролцоод, шалгарч чадаагүй юм билээ. Тэгээд дахин зарлагдсан тендерт огт өөр компани шалгарч, тэр барилгыг барихаар болсон гэж би ойлгосон. ХӨМОТЭ гэдэг компани шалгарсан, барилгаа бариад дуусчихсан, харин ч Батлан хамгаалах яамны одоогийн зарим удирдлага ажлыг нь зогсоочихоод байгаа гэж би хэвлэлээр гарсан мэдээллүүдээс ойлгоод байгаа шүү дээ. Л.Болд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаанаад цаад учрыг нь гаргаад тун сайн тайлбарласан байна лээ дээ уг нь. Аливаа тендерийн асуудал Сангийн яам хавьцаа шийдэгддэг. Тэр ном журмаараа болоод өнгөрсөн тендерт Батлан хамгаалахын сайд оролцож нөлөөлсөн байх ямар ч үндэсгүй. Тэгээд ч Л.Болд тийм эрх ашгаар хөдөлж, хүний өмнөөс хууль бус юм гуйж явдаг хүн биш л дээ. Хэрэв үнэхээр тендер гэж зүйл ярих гэж байгаа бол түүнд хэн ч бай, ямар ч компани бай оролцох эрхтэй, шалгарах ч эрхтэй шүү дээ. Тэр байтугай Монгол Улсад зарлагдсан бүх л томоохон тендерийг цөөхөн хэдэн “ногоон гэрлийн” компани авдаг гээд л хэвлэлээр бичдэг шүү дээ. Миний хүү ч юм уу, хэн нэгэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсний төлөө хууль хүчний байгууллагууд хаа хамаагүй журмын нөхөр рүү минь дайраад байж ч болохгүй.
-Л.Болд гишүүн та хоёр улс төрд нэг намын, Зүүн Хойд Ази фракцийн гишүүд. Энэ утгаар нь хөөж үзвэл Батлан хамгаалахын сайд байхдаа танд давуу байдал бүрдүүлж өгсөн байх талтай?
-Бидний улс төр тусдаа, бизнес тусдаа. Тэгээд ч би улс төрөөс гараад удаж байна. Хэрэв тийм хардлага, сэжүүр байгаа бол намайг тэр хуулийн байгууллагаас өдийд дуудаад уулзчихмаар урт хугацаа өнгөрч байна. Бүр цаашлаад баталгаа байгаа бол барьж хориход ч болохоор, би ямар төрийн хамгаалалтад байгаа албан тушаалтан биш. Янз бүрийн логик зохиож олоод тэрийгээ суртал ухуулгадаа ашиглаад улстөрчдийг намнадаг энэ хар технологио одоо больчихмоор юм. Асуудалд намайг холбоотой гэж үзэж байгаа бол шалгаад шийдчихгүй хэрнээ Л.Болдыг л хэвлэлээр гөвөх, нэр төрийг нь хөөдөх зорилгоор яваад байгаа улс төрийн сонирхол юм аа даа янз нь?
-Таныг “Бодь цамхаг”-ийн тодорхой хувийг эзэмшдэг гэх юм билээ. Олны мэдэж байгаагаар энэ барилгын эзэн нь Л.Болд шүү дээ. Үүний цаана нэгдмэл эрх ашиг харагдаад байх шиг?
-Үл хөдлөх хөрөнгийг хувьцаагаар нэг бус хүмүүс хувааж эзэмшиж болдог. Энэ жишгээр олон жилийн өмнө энэ өндөр барилгыг ганц Л.Болд ч биш, “Голомт”-ын Д.Баясгалан нар эзэмшдэг байх үед манай хүү гэрээ байгуулан тодорхой хувийг нь авсан. Сүүлд “Бодь”-ийнхон хуваагдах үед тэд өмчөө яаж хуваасан талаар хэвлэлээр зөндөө бичсэн дээ. Энэ талаар тэдний өмнөөс ярих ч эрх надад байхгүй. Улс төр гэж муухай юм шүү. Л.Болдыг буруутгахын тулд сүүлдээ явсаар байгаад “загас үстэй байсан бол бөөстөй байгаа, бөөс нь бол…” гэдэг онигоо шиг юм болох нь л дээ. Юу хамаагүй аваачиж наагаад. Сүүлдээ би гэдэг хүн үр хүүхэдтэйбайж болохгүй, хувь хувьцаатай байж болохгүй, найз нөхөртэй ч байж болохгүй нь ээ дээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин