Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд “Тэнүүн зоргол” хоршоо “Ойн тухай” хууль зөрчин иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч нөөцөлж байсныг шалгалтаар илрүүлжээ. Тус асуудлыг Улсын мөрдөн байцаах газартай хамтарч үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.
Хуш модны самрыг тухайн оны аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой байдаг аж.
Болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь эрсдэлтэй.
1. Бохир ариун цэврийн шаардлага хангаагүй, технологи зөрчиж түүхийгээр түүснээр хүнээс хүнд халдварлах гэдэсний болон шар өвчин гарах, тархах магадлалтай.
2. Намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах.
3. Зохих зөвшөөрөлгүйгээр, хүчээр модыг нь түнших буюу муна хэлбэртэй зүйлээр цохих нь модыг гэмтээх сэргэн ургах чадварыг муудахад хүргэдэг гэж холбогдох албаныхан тайлбарлалаа.
Г.ХОРОЛ