Мөнгөний бодлогыг хараат бусаар хэрэгжүүлэх нь төгрөгийн тогтвортой байдалд хамаатай | News.MN

Мөнгөний бодлогыг хараат бусаар хэрэгжүүлэх нь төгрөгийн тогтвортой байдалд хамаатай

Мөнгөний бодлогыг хараат бусаар хэрэгжүүлэх нь төгрөгийн тогтвортой байдалд хамаатай

Мөнгөний бодлогыг хараат бусаар хэрэгжүүлэх нь төгрөгийн тогтвортой байдалд хамаатай

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад Төв банк голлох үүрэгтэй ч үүргээ хангаж ажиллах хуулиар олгогдсон хараат бус байдал нь цаасан дээр л тунхаг төдий оршсоор байна. Учир нь манай улсад одоогоор бүрэн эрхийнхээ хугацаанд бүтэн ажилласан төв банкны ерөнхийлөгч ганц байгаа нь О.Чулуунбат агсан юм. Бусад нь улс төрийн шийдвэрээр хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байв.

Өнөөдрийн төв банкны ерөнхийлөгч мөн ялгаагүй тогтвортой байх эсэх нь эргэлзээтэй. Түүнийг огцруулах асуудал үе үе хөндөгддөг. Гэтэл  төрийн эрх барьж буй МАН 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө мөнгөний бодлогын тогтвортой байдлын тухай тусгайлан бүлэг болгон тусгаж, түүндээ Монголбанкны хараат бусаар ажиллах нөхцөлийг хангана гэж амлажээ.

Хэрэв тэд Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэрээ гаргавал мөрийн хөтөлбөрөө няцаасан хэрэг болно. Төв банкны ерөнхийлөгч гэдэг бол өөрөө санхүүгийн тогтвортой байдалд асар нөлөө бүхий хариуцлага өндөртэй албан тушаал. Манайхаас бусад улс оронд бол төв банкныхаа ерөнхийлөгчөөр оролдвол санхүүгийн тогтворгүй байдал үүсч нийтээрээ хүртэх хохирлын хэмжээ нь чамгүй өндөр байх болно. Иймд төв банк хараат бус тогтвортой үйл ажиллагаатай байж мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Энэ тухай манай улсын эдийн засагч, судлаачид хэрхэн тайлбарлаж буйг толилуулъя.

Хуульч, судлаач Ж.Сайнхишиг: Монголбанкны эрх зүйн хараат бус байдлыг яаж дээшлүүлэх вэ гэдгийг судлаачид хөндөж ярьж байна. Бид энэ талаар ярих цаг болсон. Төв банкны хараат бус байдлын эрх зүйн дөрвөн элементийг аваад үзвэл манай улсад зорилтыг нь салаа утгаар хуульчилсан. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч, удирдлагуудыг улс төрийн шахалтаар бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлдөг асуудал бий. Дээрээс нь шийдвэр гаргах бүрэн эрхийг нь хууль тогтоомжийн хүрээнд бүрэн бүрдүүлж өгөөгүй. Үүнийг шийдвэрлэх гол гарц нь юу байх юм бэ. Хэд хэдэн гарц байгаа юм. Нэгдүгээрт, мөнгөний бодлогыг тодорхойлох, УИХ-аас нэг жилээр үндсэн чиглэлийг баталж байгаа асуудлыг бодож үзэх хэрэгтэй.

Мөнгөний бодлогын үр нөлөө урт хугацаандаа гардаг учраас заавал нэг жил байх албагүй. Энэ асуудлыг тодотгох шаардлагатай. Мөн УИХ-аар тухайлан үндсэн чиглэл баталж явж байгаа нь Монголбанкны чиг үүргээ хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Хоёрдугаарт, удирдлагын тогтолцооны хараат бус байдал. Ойрын хугацаанд улс төрийн нөлөөгөөр энэ асуудал шийдэгдэхгүй байх. Дэлхийн 200 орчим улсын тал нь Төв банкныхаа хараат бус байдлыг Үндсэн хуулиараа зохицуулж байна. Мөн зорилтыг нь Үндсэн хуулиараа зохицуулсан сайн туршлага бий. Тиймээс Монгол Улсын Төв банкны эрх зүйн баталгааг хангахын тулд Үндсэн хуулийн төвшинд авч үзэх шаардлагатай. Удирдлагын хараат бус байдлыг ч гэсэн сайжруулах гарц нь Үндсэн хуульд тусгах боломж гэж би харж байгаа. Үндсэн хуулийн зохицуулалт тийм нарийн байх шаардлагагүй.

Хуульд заасан үндэслэлээр Төв банкны Ерөнхийлөгч огцруулж болдог байх ёстой. Тодорхой бүрэн эрхийн хугацаа мэдээж байна. Хамгийн гол нь албан тушаалтныг тодорхойгүй шалтгаанаар, шахалтаар, одоо байгаа зохицуулалтаар халж, солиод байгааг л хязгаарлах ёстой. Үндсэн хуулиар зохицуулаад өгвөл тухайн албан тушаалтны эрх зүйн байдал Үндсэн хуулийн шүүхийн хяналтад орно. УИХ-ын шийдвэрийг илүү нарийн хянах боломжтой болно гэсэн үг. Гол ач холбогдол нь энэ.

 Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Төв банкны үүрэг бол ханшийн тогтвортой байдал гэхээсээ илүү үнийн тогтвортой байдал байх нь зүйтэй. Монголбанкны үүргийг бид хаана хаанаа ухамсарлах ёстой. Монголбанк валютын ханшийг барьж чадахгүй. Үндсэндээ валютын ханшийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах, ажилгүйдлийг бууруулах зэрэг макро эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэхэд Засгийн газар л илүү их үүрэгтэй.

Ялангуяа улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа үед валютын зохицуулалтын хуульд үүнийг зааж өгөхгүй бол Засгийн газар өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээгүйнхээ төлөө төв банк руу дайрах хандлага байгаад байна. Их хурлын дурын нэг гишүүн валютын ханшаа буулгаач гэж Монголбанк руу дайрдаг тогтолцоо манайд хэвийн зүйл болчихсон. Нийт иргэдийн дунд ч бас валютын ханш Монголбанкны асуудал юм байна гэдэг ойлголт үүсчихээд байгаа. Гэтэл валютын ханш дээр бага зэргийн давхцал ЗГ болон Монголбанк хооронд байдаг боловч валютын урсгал, экспортыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, валютын ханшийн суурь нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын хийх ёстой ажил гэдэг нь бүх онол, олон улсын судалгаагаар батлагдсан зүйл.

Монголбанк ганц л зүйлийг хийж байгаа. Валютын нөөцийг удирдаж, огцом савлагаа үүссэн үед боломжийнхоо хэрээр оролцож байгаа. Хэдийгээр хуулиндаа ханшийн тогтвортой байдал гэж байгаа ч академик хүрээнд үүнийг зөвөөр ойлгож, зөвөөр тайлбарлаж, улстөрчдөд хүргэвэл тэд дураараа орилохгүй болов уу. Үүнээс гадна төв банкны хараат бус байдлыг бид ийм түвшинд ингэж ярьж байгаа нь өнөөдрийн бидний улс төрийн орчны доройтол, улстөржилт, амлалт, популизмын үр нөлөө гэж харж байгаа.

Бид өнөөдөр Үндсэн хуулиндаа хүртэл суулгах хэмжээнд яриад байж байна. хэрвээ төрөө дээдэлдэг, хуулиа дээдэлдэг, зөв улс төрийн орчинтой байсан бол монголбанкны бие даасан байдал хангагдах түвшин хууль эрх зүйн хувьд 70-80 хувьтай байгаа. Гэтэл Ж.Түвшинжаргал судлаачийн судалгаагаар 40-50 хувьтай гарч байгаа нь хуулийг хэрэгжүүлдэггүй, үл огоордог байдлаас болоод байгаа юм.

Эдийн засагч С.Дэмбэрэл: Английн парламент дээр төв банкны Ерөнхийлөгч нь орж ирээд 2 цаг гаруй илтгэлээ тавиад, гишүүдийнхээ асуултанд хариулчихаад гараад явдаг юм билээ. энэ нь илтгэл шүү, тайлан биш. Энэ бол төв банкны онол болон практикт хэрэгждэг бие даасан байдлын сонгодог, энгийн жишээ. Монголд ийм юм байхгүй л дээ. Магадгүй 100 жилийн дараа бий болох байх, яагаад гэвэл бидний сэтгэлгээ тийшээ очоогүй байна. Миний хатуу итгэл бол Төв банкны үндсэн үүрэг бол “Үнийн тогтвортой байдал” байх ёстой.

Өнгөрсөн жил их хурал дээр энэ заалт унасан. яагаад гэвэл ойлголтын зөрүү байсан. Юу вэ гэхээр үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн тогтвортой байдал гэдэг нь нэгдүгээрт инфляц, хоёрдугаарт ханш. инфляц нь дотоод тогтвортой байдал, ханш нь гадаад тогтвортой байдал. Манайх шиг улсууд ханшийг тогтвортой байлгая гэвэл хоёр л арга бий.

Нэгдүгээрт, америкийн холбооны нөөцийн банк руу захидал бичих. “манайх Чингисийн монгол учраас манай ханшийг тусдаа байлгаж өгөөч ээ” гэж гуйх. Мэдээж энэ бол боломжгүй.

Хоёрдугаарт, ханшийн дэглэмийг солих. Одоогоор манай ханшийн дэглэм бол зохицуулалттай, хөвөгч ханшийн дэглэм гэж явж байгаа. Зохицуулалттай гэдэг дотроо хэт их зохицуулалттай байна уу, бага зохицуулалттай байна уу гэдгийг хууль эрх зүйн талаас нь анхаарах ёстой. Монголбанкны бие даасан, хараат бус байдалд нь шууд хуулиар халдаж байгаа тохиолдол байна. Тухайлбал, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль байна. Хоёр заалттай хуульд юу гэж заасан гэхээр зээлийн хүү нь төв банкны үнэт цаасны хүү дээр нэмэх нь тэд байна гээд л тусгаад өгчихсөн байгаа юм.

Бид маш олон жилийн турш мөнгөний бодлогын бие даасан байдал, мөнгөний бодлогын шилжих механизм, сувгуудыг сайжруулах талаар олон янзын судалгаа хийсэн. тэр бүх зүйл хэрэггүй болох нь. Хэрвээ ингээд заагаад өгчихвөл мөнгөний бодлогын шилжих сувгийн талаар яриад ч хэрэггүй болох биз.

Э.ЗАЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tugrug ulam unana 2019-11-04 122.201.21.32

Uursduu uildverledeggui buh yumaa gadnaas $-oor avch heregledeg ulsiin mungu urgelj unasaar baih bolno

Avatar

Зочин 2019-11-04 202.131.234.154

тийм ээ, ялангуяа манайхан шиг өр зээлэнд орон байж, бусадтайгаа барьцан байж өндөр үнэтэй машин унасан, тансаг хэрэглээтэй байх гэсэн хандлага давамгайлсан оронд зөвхөн жилд нэг компаниас 10000 ш Лэнд 200 авсан гээд бодохоор валютын ямар их эрэлтийг үүсгэсэн бол??? нийлүүлэлтээс давсан эрэлт үнэ ханшийг өсгөх нь ойлгомжтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж