Монголд жил бүр солигддог биш 6 жил үргэлжилдэг бодлого хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Монголд жил бүр солигддог биш 6 жил үргэлжилдэг бодлого хэрэгтэй байна

Монголд жил бүр солигддог биш 6 жил үргэлжилдэг бодлого хэрэгтэй байна

Монгол Улсын төв банкны удирдлагууд сүүлийн 30 жилд ихэнхдээ сонгуулийн мөчлөг дагаж, 4 жил тутам өөрчлөгдөж иржээ. Ингэхдээ нийт 8 хүн солигдсон. Тэгвэл АНУ-ын төв банкыг 4-хөн хүн бүтэн 40 жилийн турш удирджээ. Угтаа бол Монгол банкны ерөнхийлөгч 6 жил ажиллана гэж хуулинд заасан байдаг. Шалтгаан нь улс төрийн хүчин өөрийн хүнээ тавьж улс орны биш өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллуулах зорилго нуугдаж байдаг учраас тэр биз. Ингэхдээ өөрсдийн үгэнд ордоггүй эрхэмд эдийн засгийн аль нэг асуудлыг авчирж наан, шахаж шаардаж шантаажилж эхэлдэг. Өнөөдөр яг л ийм дүр зураг ажиглагдаж байна. Н.Баяртсайханыг саарал жагсаалтын асуудлаар өөр хүнээр солиод 2020 оны сонгуультай золгох сонирхол МАН-д байх шиг байна. Жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байгаа энэ үед эдийн засгийн бодлого хийх хүнийг биш улс төрийн захиасыг биелүүлэх хүнийг томилох нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл намынхаа санхүүжилтийн эх сувгийг гаргаж ирэх боломжийг шинэ хүн хайх болно. Ядаж байхад Н.Баяртсайхан хэний ч шахалт шаардлагад автахгүй байгаа учраас, эрх баригчдын толгойны өвчин болж байна. Нүүрэн дээрээ нэг хүнийг нөгөөгөөр сольж хоёр хоног сенсацилж байгаа мэт боловч, начир дээрээ эдийн засагт асар их хөнөөл учруулж болзошгүй шийдвэр.

Монгол банкны ерөнхийлөгчийг чөлөөлөх үед хамгийн түрүүнд гарч болзошгүй үр нөлөө нь  ОУВС-ын хөтөлбөр зогсч магадгүй юм. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Монголбанкны хүлээсэн үүрэг их бөгөөд түүнийг гүйцэлдүүлэхийн тулд тууштай байдал маш чухал. Хэрэв шинэ хүн ирж элдэв янзын хөтөлбөр, санхүүжилт ярих юм бол ОУВС хөтөлбөрийг зогсоох нь гарцаагүй. Учир нь ОУВС-ын хөтөлбөрийн нэг үндсэн заалтаар төсвийн шинжтэй хөтөлбөрийг хориглосон. Мөн ОУВС-ын хөтөлбөрөөс гадна засгийн газраас Дэлхийн банктай хэрэгжүүлж байгаа эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн нэг заалт бол Монгол банкны удирдлагын хараат бус байдлыг бэхжүүлэх явдал юм. Хөтөлбөрийн заалт гэдэг бол заавал хангагдах нөхцөл учраас зөрчигдвөл, зогсох нь гарцаагүй.

Цаашлаад хөтөлбөр зогсох юм бол эрх баригчдад хүссэнээ хийх боломж олдож магадгүй. Гэхдээ төлөөсөнд нь ОУВС бидэнд хэсэгтээ л нүүр үзүүлэхгүй болов уу. Гэтэл манайд 2020-2024 оны хооронд төлөх 14 тэрбум долларын өр хүлээгдэж байна. 2017 онд эдийн засаг элгээрээ хэвтчихсэн, өмнө авсан бондоороо хэрэгтэй хэрэггүй хөтөлбөрүүд санхүүжүүлчихсэн, зээлээ яаж төлөхөө мэдэхгүй сууж байх үед бидний авралын од ОУВС болсон. Гэтэл бид үүнийг мартсан бололтой. Хэрэв бид хэлсэндээ хүрдэггүйгээ дэлхий нийтэд дахин харуулбал боломж дахиж олдохгүй.

Төв банк нь улс орны мөнгөн тэмдэгтийг хэвлэх тусгай эрхтэй цорын ганц байгууллага. Мөн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, банкуудыг хянаж шалгадгийн хувьд санхүүгийн дархлааг хамгаалж байдаг. Гэтэл өнөөдөр эл байгууллагыг элдэв улс төржилтөөр будаж, иргэдийн итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байгаагийн хор хөнөөл өнөөдөр мэдэгдэхгүй ч хэсэг хугацааны дараа гарцаагүй гарч ирэх нягууртай. Инфляци эсвэл ханшинд иргэдийн итгэл, хүлээлт маш хүчтэй нөлөөлдөг гэдгийг улс төрчид нэг л сайн ойлгохгүй байгаа бололтой. Энэ улсад жил бүр солигддог бодлого биш дор хаяж 6 жил үргэлжилдэг бодлого хэрэгтэй байна.

Н.БАТТҮШИГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж