Пүрэвдоржийн Цэдэн-Иш охин МУБИС-ийн дөрөвдүгээр курст суралцдаг. Түүний хувьд сургууль төгсөөд ажиллахад ажил олгогчдод гологдох явдал гардагт эмзэглэж явдаг. Тиймдээ ч өнөөдөр “Залуучууд судлал-2015” эрдэм шинжилгээний хуралд “Залуучуудын боловсролын чанар, ажил олгогчийн шаардлага” сэдвээр илтгэл тавьж байна.
П.Цэдэн-Ишийн хувьд ажил олгогчдын тавьдаг шалгуур, шаардлагыг гаргаж ирэхийн тулд өргөн хүрээнд судалгаа хийжээ. Тухайлбал, “Үндэсний шуудан”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр” зэрэг үндэсний өдөр тутмын сонин дээрх ажлын байрны зард шинжилгээ хийсэн байна. Мөн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага болох “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Сүү”, “Говь”, Үндэсний соёл амралтын хүрээлэн тэргүүтэй компанийн хүний нөөцийн менежерүүдтэй уулзсан гэв. Тэрбээр энэ судалгааныхаа дүнд дараах дүгнэлтийг гаргажээ. Залуус ажлын байран дээр гараад цаг баримтлах, багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ тэнцдэг гэв. Харин ажил төлөвлөлт, хөрвөж ажиллах, хариуцлага хүлээх, өөрийгөө илэрхийлэх чадвар дээр дутмаг байдаг нь ажил олгогчдод гологдох байдал үүсгэдэг гэж дүгнэжээ. Мөн их, дээд сургууль онолын мэдлэгийг түлхүү олгодог учраас практик дээр гараад гологдох явдал гардаг хэмээн илтгэлдээ дурьджээ.
Энэ мэтчилэн “Залуучууд судлал-2015” эрдэм шинжилгээний хуралд оролцогч залуус өөрт тулгамддаг асуудлаа дэлгэн тавьж байна. Тэд илтгэлийн сэдвээрээ дамжуулан залууст нийтлэг тулгамддаг асуудлыг гаргаж ирж байгаа нь энэ юм.
“Залуучууд судлал-2015” эрдэм шинжилгээний хуралд нийтдээ 50 гаруй илтгэгчдийн бүтээл иржээ. Тэдний ихэнх нь хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны сэдвийг сонгосон байна. Үүнээс үзэхэд залууст нэн тэргүүнд хөдөлмөр эрхлэлтийн асуудал тулгамддаг гэдгийг харж болно гэв.
Илтгэлийн тэмцээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, судалгаа шинжилгээний байгууллагын залуу судлаачид, их, дээд сургуулийн багш, оюутнууд оролцож байгаа юм.
2014 оны судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 33 хувь нь 18-35 насны залуус байдаг аж. тиймээс залууст тулгамдаж буй асуудлыг өөрсдөөр нь яриулж, шийдвэр гаргагчдын өмнө дэлгэн харуулах зорилготой юм байна.
БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА Н.БАТМӨНХ