Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн асуудлаар АТГ-т шалгагдаад удаж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр /2019.11.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Одоогоос 30-аад хоногийн өмнө Оюутолгойн гэрээ байгуулсны 10 жил болсон. Энэ ойн талаар Монголын төр засаг ч, Оюутолгой компани ч дуугүй өнгөрөөсөн. Монгол Улс тусгаар тогтносноос хойш анх удаа биеэ даасан гэрээ байгуулсан. Хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт болсон. Энэ гэрээг боловсруулсан, хэлэлцэж баталсан УИХ, С.Баярын, С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх нь зүйтэй. Намайг энэ гэрээтэй холбоотойгоор 73 хоног хорьсон. Оюутолгойн гэрээний Монголд ашигтай заалт, Оюутолгой гэрээний ашгийг нэмэгдүүлсэн заалтаар буруутгасан.
Надад манай хууль, хүчнийхэн Оюутолгойн гэрээг сайн ойлгохгүй байгаа юм байна гэсэн бодол төрсөн. АТГ дөрвөн хэсэг шинжээч гаргасан. Харин энэ гэрээний хэрэгжилтийг хангах ёстой Татварын ерөнхий газрын байцаагч нар ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Хуулийн зүйл заалт дээр үг үсэг нэмж байгаад дүгнэлтээ гаргасан. Хөрөнгө оруулалтын гэрээний бүтэн зүйл заалтыг тодорхой өгүүлбэрээр тасалж аваад дүгнэлт гаргачихсан. Энэ дүгнэлтийг үндэслээд шүүхийн шийдвэр гаргавал Оюутолгой компаниас авах татвараа дутуу авахаар болно. Монголын шүүх ийм шийдвэр гаргасан юм чинь гээд Оюутолгойн хөрөнгө оруулагчид арбитрт хандах боломж нээгдэнэ.
Зарим улстөрчид Оюутолгойн гэрээний төсөл 10 жил нууц байсан гэж иргэдийг маш ихээр төөрөгдүүлж байна. Тиймээс шийдвэр гаргагчдад бодитой мэдээлэл өгөх нь зүйтэй юм байна. Шүүхийн процесс дээр алдаа гарвал хүн буруутгахаас илүү Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учирч болзошгүй учраас “ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН 2009 ОНЫ ГЭРЭЭ, ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧГҮҮД” товхимол бэлтгэн гаргасан. Товхимолд Оюутолгой төслийн 2009, 2011 онд батлагдсан гэрээнүүд (монгол, англи), тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиуд, УИХ, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж байсан байдал, шийдвэр, санал хураалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэргийг багтаасан. Гадаад хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох тухай хууль гээд тухайн 2009 онд үйлчилж байсан хуулиудыг оруулсан. Оюутолгойн гэрээ зурагдахын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган болсон. Тэнд санал өгсөн, бас үг хэлсэн хүн болгоны үгийг энэ товхимолд оруулсан. Мөн Засгийн газар дээр хэлэлцэгдсэн бүх материалыг хуулбартайгаа байгаа. Мөн Сангийн сайд байхдаа санаачилж оруулсан, Гадаадын аудитын газраас хийлгэсэн материалыг оруулсан. Энэ товхимол монголчуудад хэрэгтэй, нэг талаас соён гэгээрүүлэх, нөгөө талаас мэдээлэл өгөх, гуравдугаарт туршлага болох байх гэж бодож байна. Гэрээний зохицуулалт, гэрээг хэрэгжүүлэх хоёр тусдаа ойлголт. Т.Аюурсайхан гишүүнд талархаж байгаа. Шинжээчдийн материалыг мөрдөн байцаалтад явж байгаа учраас би ярьж болохгүй байсан. Гэтэл Т.Аюурсайхан гишүүн гишүүдэд тарааж, ил болгосон. Тиймээс нууц юм байхгүй болсон учраас мэдээлэл өгөх ёстой. Энэ гэрээ С.Баярцогтын юмуу, С.Баярын гэрээ биш. Монгол Улсын Засгийн газрын гэрээ. Энэ гэрээг сурталчлах нь Засгийн газрын үүрэг. Тиймээс нийтийн хүртээл болтол энэ гэрээг сурталчлах нь зүйтэй гээд энэ товхимолыг гаргасан. С.Баярын Засгийн газраас У.Хүрэлсүхийн засгийн газар хүртэлх бүх гэрээтэй холбоотой бүх асуудлыг оруулсан. Маш удаан хугацаанд дуугүй явсан. Маш олон хүн надад хэлсэн. "Дуугүй л байгаа бол буруутай гэж ойлгогдоно шүү. Хийсэн, бүтээснээ ярьж сурталчил" гэж зөвлөсөн. Эхний ээлжит Их сургуулиудын номын санд хүргэнэ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй гэдгийг хэлэх олон хүн бий. УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг гэрээг сайжруулах шаардлагатай, алдагдалтай гэрээ болсон, 2039 он хүртэл Монгол Улс ашиг хүртэхгүй, өртэй үлдэнэ гэж хэлээд байгаа
-Гарц бол байгаа. Би өөрийнхөө саналыг энэ номдоо тусгасан.
-Анх гэрээг хийхдээ Монгол Улс хэдэн оноос ашиг хүртэнэ гэж тооцсон юм бэ. Одоо бол 2039 оноос нааш ашиг хүртэхгүй гэж тайлбарлаад байгаа?
-Гэрээний дагуу ТЭЗҮ дээр суурилсан ашгийн задаргаа, үр ашгийг нь 2009 онд УИХ-д танилцуулж байсан. Үүнийг бас номд дурдсан. Та бүхний хүсээд байгаа асуултын дийлэнх хариулт нь энэ товхимолд бий. Энэ номын эх сурвалжууд бүгд нээлттэй мэдээллүүд бий. ҮАБЗ-ийн шийдвэрээс бусад мэдээлэл бол бүгд нээлттэй. Тиймээс бүх мэдээллийг л энд нэгтгэсэн.
-Оюутолгойн гэрээтэй холбоотой хуулийн байгууллага шалгагдаж буй хамгийн сүүлийн мэдээллээр хэрэг прокурорт шилжсэн гэдэг мэдээллийг хуулийн байгууллага өгч байна. Тэгэхээр хуулийн байгууллага улстөржиж энэ асуудлыг шалгаад байна гэсэн үг үү?
-Энэ бүх асуудлаа бүгдийг нь АТГ-т гаргаж өгсөн. 2017 онд бүх холбогдох мэдээллээ өгсөн. Бид бүх холбогдох бичиг баримт, УИХ, Засгийн газраар хэлэлцсэн бүх асуудлыг нэгтгэн, архивласан. Тиймээс ил байж болох бүх асуудлыг архивлаж байгаа.
-Монголын хууль хяналтын байгууллагынхан Оюутолгойн гэрээг ойлгохгүй байна гэж та хэлж байна?
-Би зарим улстөрчид, зарим төрийн албан хаагчид гэж хэлж буй. Яагаад баталгаатай зарим гэж хэлж байгаа нь Монгол Улсад ашигтай заалтыг ойлгохгүйгээр буруутгаад яллаж байгааг л хэлж байгаа юм. Намайг ганцхан Монголд бус Швейцарьт ч мөн шалгаж байгаа. Яг адилхан хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үнэн мөн нь тодорхой хугацааны дараа ил болно. Би түүнд итгэлтэй байгаа. Хоёр улсын байгууллага тус тусдаа нэг асуудлыг шалгаж байгаа. Энэ гэрээний төлөө би авлига аваагүй, зөв гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэрээ, гэрээг хэрэгжүүлэх хоёр тусдаа асуудал. Гэрээг хэрэгжүүлнэ гэдэг нь үе үеийн Засгийн газрын болон холбогдох байгууллагуудын хийх ёстой ажил. Энэ хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. Он цагийн шүүлтүүрээр энэ бүх зүйл ил болно.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ