Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

“Монос” групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээ нижгэр болж байна. Нийтийн болоод төрийн гэсэн хоёрхон өмчтэй байсан монголчууд хувийн өмчтэй болоод 25 жилийн нүүрийг үзжээ. Ядуугаараа бахархаж, бизнес эрхэлсэн нэгнээ панзчин, луйванчингаар нь дуудсан үе түүх болж, баялаг бүтээгчид Монгол орны эдийн засаг, хөгжлийг авч явдаг болсон энэ цагт тус групп 25 жилийнхээ ойг хийж буй нь үнэхээр баярлууштай явдал.

Гэхдээ аливаа юмны тун нь хэтрээд ирэхээр утгаа алддаг нь бичигдээгүй хууль. Урьд өмнө нь томоохон банкуудаас эхлээд Монголын төсвийг бүрдүүлэгч үйлдвэрүүд өөрсдийн тэгш ойгоо амжилт, бүтээл, арга хэмжээнүүдээр тэмдэглэдэг байсан ч төв талбайг эзэгнэж байсангүй.  

Арга хэмжээ нь эхэлмэгц Соёлын төв өргөөний 3-р давхарт байрлах үнэ төлбөргүй үзлэг, оношилгооны хэсэгт нь дугаарласан иргэд хэдэн арваараа. 1-р давхарт нь “Монос Групп”-ийн үйлдвэрлэсэн эм, гоо сайхан, хүнсний нэмэлт тэжээл зэргийг нь хямдралтай худалдаалж, картын барааны үеийг санагдуулам оочер дугаар үүсгэжээ.

Монголчуудын эрүүл мэнд туйлын дордсон гэдгийг эндээс төвөггүйхэн харж болно. Урлагийн томоохон ёслолыг санагдуулам улаан хивсээр алхан иргэд эм авангаа дугаарлаж байна. Монголчууд эмийг иддэг болсон цагаар түүгээр нь дамжуулаад шоудаад авахаа ч сүрхий менежменттэй компани тооцоолсон бололтой. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийх гэсэн иргэдэд олдодгүй төв талбайг эм үйлдвэрлэгчид эзэгнэх нь дэндүү чамлалтай санагдана.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж