Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь ажил олгогч байдаг

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь ажил олгогч байдаг

Японы нийслэл Токио хотноо болсон Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах 3 дугаар чуулганд оролцсон Хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн аймаг, дүүргийн зохицуулагч нар, “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын гишүүд, Оюуны дархлаа ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төвийн төлөөллүүд Токио хотын Хашу бажи дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах Хиомин Ка төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Хашу бажи дүүрэг нь Токиогийн бүс дотроо хамгийн том нь бөгөөд 500 мянган хүн амтай. 20 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах Хиомин Ка төв нь одоогоос 30 орчим жилийн өмнө байгуулагдсан Японы хамгийн анхны бие даан амьдрах төв гэнэ. Одоо тус төв нь 35 ажилтантай. Тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй 18 ажилтан байгаа аж.

Бие даан амьдрах Хиомин Ка төвийг үүсгэн байгуулагч, ноён Накаяа сан нь хүнд хэлбэрийн саажилттай, тэргэн дээр суудаг хүн ажээ. Тэрээр монголын төлөөлөгчдийг талархан хүлээн авч төвийнхөө үйл ажиллагаатай танилцуулж, бие даан амьдрах гэдэг чухам юу болох талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Тэрээр яриагаа “Бид 1986 онд энэ төвийн үйл ажиллагааг эхэлж байхад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүрч үйлчлэх нийгмийн халамж гэж бараг байсангүй. Төрийн бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх үйлчилгээ хангалтгүй байсан. Зөвхөн 7 хоногт нэг удаа л хоёрхон цаг үйлчилгээ авдаг. Тэр нь усанд оруулах төдий л үйлчилгээ байсан. Тэр үйлчилгээг би авдаггүй байсан. Уг нь тэр 2 цагийн үйлчилгээг зөвхөн гэртээ аваад зогсохгүй, гадуур гарахдаа туслалцаа авахад ашиглах нь чухал санагддаг байсан. Иймд би Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төвийг байгуулж, тэдэнд хүссэн хэмжээгээрээ тусламж үйлчилгээгээ авахад нь туслахаар шийдвэрлэсэн.” гэж эхэллээ.

Ноён Накаяа сан анх энэ үйлчилгээг эхлэх гээд хотын захиргаанд хандаж надад өглөө 7-оос орой 21 цаг хүртэл үйлчлэх туслах хүн хэрэгтэй байна гэжээ. Гэтэл өмнөөс нь тийм хүн байхгүй гэжээ. Тэгвэл надтай адилхан ийм тусламж үйлчилгээ хүсч байгаа хүмүүс хаана байна вэ гэхэд Халамжийн төв юм уу,эсвэл гэртээ л байгаа даа гэжээ. Тэгвэл ийм үйлчилгээ нээхийг хүсвэл яах вэ гэхэд нь “Зүгээр л юм” гэж хариулжээ. Ингээд тэр гадуур явж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг цуглуулж, тэдэнд туслах үйлчилгээ үзүүлэх хүүхдүүдийг сургуулиудаар хайж олж, лекц уншиж, ойлголт мэдлэгтэй болгосноор багаа бүрдүүлсэн байна. Уг нь энэ хотод өндөр настанд туслах үйлчилгээ аль хэзээнээс байсан учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах бие даан амьдрах төвийг байгуулахад дөхөмтэй байжээ. Тэр үед энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн туслах үйлчилгээнд улсын төсвөөс ямар нэгэн хөрөнгө гаргадаггүй байсан. Тэгээд өөрөө хөрөнгө босгох үйл ажиллагаа явуулж 30,0 сая иенээр үйл ажиллагаа эхэлж байжээ.

Гэвч үүнийг хотын захиргаа дэмжихгүй байсан тул нэг удаа хэвлэл мэдээллийнхэнийг дуудаад хотын захиргааны байранд суулт зарлах болсноо зарлаж, “Бидний хүсэлтийг хүлээж авахгүй бол та бүхнийг сонстол энд суулт хийнэ” гэж мэдэгджээ. Тэр үед цагаан сар болох гэж байсан тул дарга нар нэлээд сандарч, хүсэлтийг нь хүлээн авч хамтарч ажиллахаар болжээ. Ингээд тэд бие даасан байгууллагаа байгуулж, улмаар хотын захиргаанаас санхүүжилт авахаар болж, 2 тэрбум иенийн гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа эхэлжээ.

Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд нийгмийн амьдрал гэж байхгүй юм шиг л харагддаг байжээ. Тэд зөвхөн Асрамжийн газарт юмуу, гэртээ л сууж байсан. Энэ нь тэдэнд өөрсдөд нь хүнд бэрхшээл болж байсан. Энэ бол хүмүүний төрөл олж төрчихөөд хүний амьдралаар амьдарч чадахгүйн зовлонг эдлүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэр орныхондоо ад үзэгдэж, бие даан амьдарч чадахгүй байгаа нь улам их бэрхшээл болж, нийгэмд эзлэх байр суурийг нь улам их бууруулдаг. Иймд үүнийг өөрчлөхийн тулд тодорхой систем хэрэгтэй болсон. Энэ бол тусламж үйлчилгээний систем юм.

Энэ систем бол хөгжлийн бэрхшээлтэй хүн заавал гэр бүлийнхэндээ хариуцлага хүлээлгэж, дарамт шахалт болох биш, харин өөрөө өөртөө хариуцлага хүлээж, бусдад ажил олгох систем юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил олгогч болж, тухайн ажилтантай гэрээ байгуулж, түүнд хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилж чадахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө тухайн ажилтныг ажлаас халж болдог, хариуцлага тооцож болдог систем юм.

Энэ туслах системийг хэн ч бий болгож, хуваарилаж зохицуулаад авч явж болно. Гэхдээ тодорхой зохион байгуулалтад орж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажиллахгүй бол оновчтой зөв хуваарилалтыг хийж чадахгүй. Ер нь бие даан амьдрах төв гэдэг бол зүгээр л тусламж үзүүлдэг байгууллага биш. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцоход дэмжлэг үзүүлэх нэг төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Энд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондоо харилцан ярилцаж, бие биенийхээ тухай мэдээлэл солилцож, бие биендээ санал зөвлөмж өгч, харилцан тусладаг байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бие даан амьдарч сурахад тусгайлсан хөтөлбөр боловсруулах хэрэгтэй болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэр орноосоо гараад яг амьдрал дээр гарахаараа яаж амьдрах арга ухаанаа олдоггүй. Тэр бүхэнд энэ туслах систем бүрэн үйлчилж чадахгүй. Туслах систем бол асрахаас өөр юм. Энэ систем бол хийж чадахгүй зүйлд нь туслах систем юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө чадах зүйлээ хийж, чадахгүй зүйлдээ туслалцаа авч 2 талаасаа хариуцлагатай байж л зүгширнэ. Туслах хүн маань цаг хоцорч ирвэл тэр хооронд ямар хүндрэл бэрхшээл гарахыг сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Хэрэв цагаа барихгүй бол халах л хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дандаа өөрсдийгөө бүхнээс доогүүр тавьж ирсэн. Харин энэ хөтөлбөр хэрэгжснээр тэд бусдыг ажлаас халах хүртэл эрх эдэлж байгаа нь бусдын адил нэг зиндаанд тавьж өгч байгаа хэрэг юм. Бие даан амьдрана гэдэг бие дааж шийдвэр гаргах эрхтэй байна гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн амттай хоол идмээр гэхэд тэр бүх хүсэлтээ илэрхийлж байх хэрэгтэй. Түүнээс туслаж байна гээд бүх зүйлийг нь хийгээд байна гэсэн үг биш.

Манай төвийн хийж хэрэгжүүлсэн нэг томоохон ажил гэвэл олон жил Асрамжийн газарт амьдарсан хүмүүсийг гадагш нь гаргах асуудал байсан. Тэд бие даан амьдрахад хүндрэл бэрхшээл гарч ирсэн. Тэгээд “ Туршиж амьдрах өрөө”-г тусад нь гаргаж дадлага хийлгэж, дараа нь Бие даан амьдрах төвд ирүүлдэг болгосон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар үед хүн болсныхоо утга учрыг мэдэрч, жинхэнээсээ бие даан амьдарч чадах вэ? Түүнийг аав, ээж ах дүү нар нь харж хандалгүй л яахав. Гэхдээ өдөр болгон тэр хүнийг гэр орныхон нь асарч тойлж, биеийг нь засуулж, усанд оруулаад байх хэцүү. Энэ тохиолдолд тухайн хүн, хүн болж төрснийхөө утга учрыг мэдэрдэггүй. Харин гадны цалинтай ажилтан түүнд туславал тэр хүний санаа зовохгүй, айж ичихгүй амьдарч чадна” гэж Накаяа сан яриагаа төгсгөлөө.

Хаана хүчтэй хөгжил байна, тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олноор төвлөрдөг. Тэднийг асрамжийн газарт бөөгнүүлээд байх биш, гэр оронд нь хориод байх биш, харин тэдэнд зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгийг нь өөрсдөд нь хариуцуулж, асарч туслуулах хүнээ өөрсдөө сонгож, ажлын байрны эзэн шиг хариуцлагатай байх тогтолцоог хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Бие даан амьдрах төвөөр дамжуулан Японд ийнхүү хэрэгжүүлж байна. Одоо энд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүссэн цагаараа тусламж үйлчилгээ авч, тэр хэмжээгээрээ бусдыг ажлын байраар хангаж байна.

Зарим нэг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн 3 туслах ажилтантай ч байх тохиолдол байна. Тийм нэгэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах 3 дугаар чуулганд 3 туслахынхаа хамт оролцож үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Гайхалтай нь тэр эмэгтэй огт сонсохгүй, харахгүй , бас тэгээд дээр нь амьсгалын аппараттай амьдарч байгаа хэрнээ ирээдүйдээ итгэлтэй, зорьсон зорилго тэмүүлэлтэй байж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж, Япон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбоонд томоохон албан тушаал хашиж байгаа нь бахархалтай.

Япон орон үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрах орчинг төгс бүрдүүлж чаджээ. Зам, гүүр, гудамж талбай, байшин барилга хаана л бол хаана хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай хэрэгцээт зам, гэрлэн болон дохио, налуу зам, бариул, ариун цэврийн өрөө, цахилгаан шатыг байрлуулжээ. Үнэхээр энд хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрах бүрэн бололцоо байна. Маш хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн гудамжаар хэний ч туслалцаагүй ажил төрлөө амжуулаад явж байгааг цөөнгүй харлаа.

Хэн нэгнийг хий хоосон өрөвдөх биш харин хийж чадахгүй зүйлд нь туслаж, чадах зүйлд нь шахаж шаардаж байх нь бие даан амьдрах үндсэн эх суурь болдог ажээ.

Г.ЭНХБААТАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж