"Энержи ресурс", "Тавантолгой түлш"-тэй 5 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ | News.MN

"Энержи ресурс", "Тавантолгой түлш"-тэй 5 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ

Live"Энержи ресурс", "Тавантолгой түлш"-тэй 5 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ

"Энержи ресурс", "Тавантолгой түлш"-тэй 5 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ
16 : 28
2019-11-4

ГЕГ: Сайжруулсан түлшийг шинжлээгүй

Хяналтын сонсголд оролцож байгаа иргэд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний найрлагад багтсан барьцалдуулагч бодис хортой юу, хоргүй юу. Толгой өвдөөд байгаа нь ямар учиртай вэ. Энэнд албаныхан тодорхой хариулт өгөх шаардлагатай байна гэсэн юм.

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори н.Цэрэнчимэд:

2018 оны есдүгээр сараас 2019 оны аравдугаар сар хүртэл 28 гаалийн бүрдүүлэлтээр 6100 тонн барьцалдуулагч бодис орж ирсэн. “Тавантолгой түлш”, “Эм солер” компаниуд уг бодисыг импортоор оруулж ирсэн. Аюулгүйн ажиллагааны зааварчилгаатай. Гаалийн лабораторид барьцалдуулагч бодисыг шинжилж үзэхэд цавуулаг, цардуул, шаварлаг эрдсээс тогтсон байна гэдгийг тодорхойлсон. Цэвэр химийн бодис биш. Цардуул шатахаараа аюулгүй, эрдэслэг шаварлаг нь шатахаараа өвс болоод үлдэнэ. Зөв тайлбарламаар байна.

Цардуулыг барьцалдуулагч бодисоор хэрэглэдэг олон улсын туршлага байна.

Гаалийн төв лаборатори улсын хилээр импортолж байгаа бодис дээр шинжилгээ хийдэг. Нүүрсний хувьд “Энержи ресурс” компанийн баяжуулсан кокс нүүрс хэрэглэдэг. Шинжлээд үзэхээр боловсруулаагүй нүүрс, баяжуулсан нүүрс хоёрын дунд дэгдэмхий бодисын хэмжээ хоёр дахин бага байгаа. Боловсруулаагүй нүүрс дээр 40-45 байхад шахмал түлш хийгээд байгаа түлшин дээр 18-23 байгаа. Шатаад гарах ёстой дэгдэмхий бодис хоёр дахин бага байна, хоёр дахин бага хордож байна гэсэн үг.

Гаалийн байгууллага эцсийн бүтээгдэхүүн болох шахмал түлшинд шинжилгээ хийж байгаагүй, Нүүрсэн дээр, импортоор орж ирж байгаа барьцалдуулагч бодис дээр хийж байгаа шүү гэлээ.

15 : 58
2019-11-4

Д.Ядамдорж: Угаарын хийнд найман хүн хордож, нас барсан

“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг хэрэглэх шатанд найман иргэн нас барж, 800 орчим иргэн угаартаж, эмнэлгийн үйлчилгээ аваад байгаа. Хяналтын сонсголд оролцож буй НИТХ-ын төлөөлөгчид мөн иргэдийн зүгээс энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг тавилаа.

Угаартсан гэх дуудлагын мөрөөр хамгийн түрүүнд Нийслэлийн Цагдаагийн газрынхан очиж, үзлэг шалгалт хийж, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажилладаг бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж дараах тайлбар хийлээ.

Тэрбээр “Сүүлийн 10 жилийн байдлаар 118 тохиолдолд 158 хүн угаарт хордож, нас барсан. 2019 оны аравдугаар сарын 19-нөөс хойш иргэд угаартаж, нас бараагүй, дуудлагын тоо буурч байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр угаартсан шалтгаан нөхцөлийг авч үзлээ. Гэрт 101, байшинд 202, энгийн зуух 203, төслийн зуух 86, нам даралтын зуух зургаа байсан. Ханан пийшинтэй нь 86, ханан пийшин, зуух эвдэрсэн 73, зуух, яндангийн холбоос завсартай 34, яндан хөө тортогтой 30, үнс дүүрсэн 44, түлшээ дүргээд түлсэн 85, яндан намхан 35, яндангийн хаалтаа хаасан 69, тодорхойгүй 50 тохиолдол, усгүйгээс зуух нь дэлбэрсэн гурван тохиолдол дээр цагдаагийн алба хаагчид очиж ажилласан. Долоон тохиолдолд найман хүн нас барсан. Энэ хэрэг дээр Мөрдөн шалгах газрынхан ажиллаж байгаа. Эцсийн шийдвэрийг прокурор гаргана. Ямар албан тушаалтан хамрах вэ гэдэг мөн прокурорын хүрээний асуудал” гэлээ.

15 : 24
2019-11-4

"Энержи ресурс", "Тавантолгой түлш" компанитай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ

Нийслэлийн төр захиргааны V байранд Ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш борлуулах 300 гаруй цэг ажиллаж байгаа тухай мэдээлсэн ч Баянгол дүүргийн хэмжээнд хангалтгүй, дөрөвхөн цэг ажилладаг тухай асуудал хөндөгдлөө. Ингэхдээ хоёр нь зөвхөн “Тавантолгой түлш” компанийн харьяа борлуулалтын цэг ажилладаг бол хоёр нь хоёр сая төгрөгөө дансанд байршуулсан борлуулагч аж. Дансанд мөнгө байршуулсан хоёр цэгт сайжруулсан түлшээ нийлүүлдэггүй. Захиалга өгснөөс хоёроос гурав хоногийн дараа түлш ирдэг нь иргэдэд хүндрэл учруулдаг.

Сайжруулсан түлшийг нэг тонноор нь, арван шуудайгаар нь нэгмөр авах боломжгүй. Долоо хоногт зургаан шуудайгаас илүү өгөхгүй гэдэг. Ид өвлийн хүйтэн ирэхэд долоо хоногт зургаахан шуудай сайжруулсан түлш хүрэлцэхгүй. Нэг шуудай нь 25 кг гэдэг ч 8 кг нь хог байгаа.

Түлш хортой, хоргүй гээд хоёр өөр мэдээлэл цацагдаж байгаагаас айгаад түлж чаддаггүй гэх асуудал ч хөндөгдөв.

Харин Сүхбаатар дүүргийн иргэн н.Баяр-Эрдэнэ: Засгийн газар солигдох юм бол дараагийн жилүүдэд Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшийг үргэлжлүүлэн хэрэглэх үү. Гэрээгээ ил тод болгож өгөөч… Энэ өвлийг давбал дараагийнх нь бидэнд хамаагүй гэсэн санаа Засгийн газраас ч, хотоос ч цухалзах боллоо.

Шилдэг зохион бүтээгч н.Зоригт: Шахмал түлшийг 1995 оноос эхлээд 24 жил судаллаа, их ч юм үзлээ, ойлголоо. Шахмал түлшийг ямар ч нүүрсээр хийж болно. Утаа гарахгүй мөртлөө дутуу шатсан тохиолдолд хий нь хортой. Энэнд иргэд хордоод байгаа. Ердийн зуухны янданг бүдүүн болгох ёстой.

НИТХ-ын төлөөлөгч Д.Тулгат: Сайжруулсан түлшний шаталтын туршилтын шинжилгээ хийгдсэн үү. Иргэд толгой өвдөөд байна гэдэг. Ердийн зууханд тохиромжгүй гэдэг дүгнэлт гарсан гэх зүйл яригдах боллоо. Ийм дүгнэлт гарсан бол яагаад арга хэмжээ аваагүй вэ?

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг: Нүүрсний аюулгүй байдлын баталгааг гаргаж өгөөч. Бүх төрлийн зууханд түлэхэд аюулгүй гэсэн сурталчилгааг хийсний дараа стандарт дүгнэлт нь бүх төрлийн зууханд түлэх боломжгүй тухай яригдах боллоо. Зарим судлаач гаалийн лабораторид хийсэн шинжилгээгээр сайжруулсан түлш аюулгүй гэдэг дүгнэлт гарсан ч шаталт нь аюултай гээд байна. Аюултай юм уу, аюулгүй юм уу?

“Таван толгой түлш” компанийн ерөнхий инженер Д.Батбилэг: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Гео экологийн хүрээлэнд жилийн турш маш олон туршилт хийсэн. Шатаалтын туршилтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдлыг бууруулах газрын утаанд агуулагдах хорыг тодорхойлох стандартын дагуу сард хоёроос доошгүй удаа шинжилгээ хийж байна.

Олон улсын дунджаар хүхэрт агуулагдах хэмжээ 1 хувиас хэтрэх ёсгүй гэдэг заалт байдаг. 3 хувийн хүхэртэй бол тусгай хүхэр ялгарах төхөөрөмжтэй зууханд шатаана, 5 хувь бол шууд хориглоно гэсэн заалттай. Манай улсын нүүрсний хүхрийн хэмжээ 1-ээс доош байна.

Хятад, Орост 1 хувиас доош хүхэртэй түлшийг ямар ч төрлийн зуух, цахилгаан станцад хэрэглэж болно гэдэг. Тавантолгой түлш компанийн түлшний хүхрийн агууламж 0.86 хувь байгаа. Хүхэр бууруулах технологи нэвтрүүлж байна. Мөн БНХАУ-аас импортолж байгаа барьцалдуулагчийг дотоодын түүхий эдээр хийх зорилт тавьсан. Би 20 гаруй жил гэрт амьдарсан. Ид өвлийн үед муу зуухны таталт ч сайжирдаг.

“Тавантолгой түлш”компанийн “Энержи ресурс” компанитай байгуулсан гэрээ нэг жилийн хугацаатай 600-800 мянган түлш нийлүүлэх гэрээтэйгээр анх байгуулагдсан. Дахин ярилцаад таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Нөөцийн хувьд таван жилдээ айхгүй болно.

Шатсан түлшний тал нь хортой гээд байгаа. Хоргүй. Удаан шатахыг нь бодож, бид хийсэн. Өмнө нь Багануурын нүүрсийг иргэд өдөрт дөрвөн удаа хийдэг байсан бол өнөөдөр сайжруулсан түлш хоёр удаа хийхэд л хангалттай байгаа. Энэ бол ололт.

Шаталтын шинжилгээ байнга хийж байгаа, БНХАУ-ын Нүүрс кокс химийн судалгааны хүрээлэнд хийсэн шинжилгээ манайд хийсэн шинжилгээтэй баталгаажиж нийлж байгаа. Барьцалдуулагч бодисыг Хятадын лабораторид шинжлүүлэхэд хортой зүйл байхгүй гэсэн дүгнэлт гарсан.  Хими технологийн хүрээлэнгээс ч ийм шинжилгээ гарч байгаа.

 

11 : 04
2019-11-4

"Эрдэнэт хүний амь эрсдэхгүй байхад анхаарч ажиллах ёстой"

 

“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшинд найман иргэн амь насаа алдаж, 800 орчим иргэн угаартсан харамсалтай хэрэг гарсан, мөн сайжруулсан түлш аюултай, аюулгүй гэсэн хоёр өөр зөрүүтэй мэдээлэл цацагдах болсон тул нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий 11 төлөөлөгч Хяналтын ерөнхий сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан юм. Энэхүү сонсгол өнөөдөр /2019.11.04/ Нийслэлийн төр захиргааны V байранд болж байна.

Нээлттэй сонсголд төр захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас гадна 60 шахам иргэд оролцож буй юм. Иргэд үг хэлэх боломж олгохыг НИТХ-ын дарга Р.Дагваас хүсэв.

УИХ-аас баталсан нээлттэй сонсгол зохион байгуулах дэгээр нэг иргэнд үг хэлэх боломж 3 минутаар хязгаарлагддаг аж. Гэвч иргэд 3 минут хангалтгүй 5 минутаар үг хэлэх ёстой гэсэн юм. Энэ асуултад НИТХ-ын дарга Р.Дагва “Нийт 58 иргэн үг хэлж, саналаа хэлнэ. Хэрэв 5 минутаар үг хэлбэл 290 минут, 5 цаг орчим үг хэлнэ. Дараа нь 58 хүн хариулт хэлнэ, дахиад 5 цаг. Дахиад 58 хүн санал хэлнэ, дахиад 5 цаг. Ам, амандаа хашгирахгүй, та нар олуулаа. Энэ шуугиан дунд хүн үг хэлэхээр сонсогдохгүй. Битгий сандралд. Үг хэлэх боломж олгоно. 15 цаг тэвчээртэй суугаад үгээ хэлнэ гэвэл үг хэлэх боломжийг олгоно. Тайван бай” гэлээ.

Үүний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үг хэлэв. Тэрбээр “Засгийн газраас 62 дугаар тогтоол баталж, 2019 оны тавдугаар сарын 15-аас Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг зогсоож, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш хэрэглэхийг шат дараатай зохион байгуулж байна.  Хэрэгжүүлэх явцад иргэдийн амь нас хохирч, угаарын хийнд хордсон цөөнгүй тохиолдолд гарсан. Алдаа, оногоо засаж, аливаа эрсдэл гаргахгүй байх тал дээр хамтран ажиллах ёстой.

Эрдэнэт хүний амь насыг дахиж эрсдүүлэхгүй байх, хохирсон иргэдэд шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор  ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Алдаа оноог аль болох богино хугацаанд засаж залруулах, шаардлагатай.

Энэ чиглэлээр үүрэн холбооны оператор компаниудтай хамтран ажиллаж, сэрэмжлүүлэг хүргэх, нийслэлийн төр захиргааны 90 гаруй агентлагийн 3000 гаруй ажилтан албан хаагч гэр хорооллуудаар явж, иргэдэд зөвлөмж өгч ажиллалаа” гэсэн юм.

Нээлттэй сонсгол үргэлжилж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-11-04 202.126.89.161

Khyattadiin zasgiin turshilt. Energy resourse-iin khayagdliig hyamd avch tulj bolohnuu gej

Avatar

Bataa 2019-11-04 150.129.140.114

Хүхрийн давхар исэл (SO2);

Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тох

Avatar

Зочин 2019-11-04 139.5.218.87

Янданг бүдүүрэлнэ гэж ярьдаг хүнийг шилдэг зохион бүтээгч гэж ойлгоход хэцүү байна. Энэ нөхрийг мэдэх юм байна. Таталт яндангийн өндрөөс хамаардаг юм шүү дээ. Аэрогидродинамикийн бүр анхан шатны ч ойлголт алга

Avatar

Зочин 2019-11-04 182.160.36.76

АН -хан хотыг ахин утаанд умбуулж байж санаа нь амрах ардчилсан луухаанууд юм байна даа.

Avatar

ОДЖАРГАЛ 2019-11-04 76.107.165.63

Миний эзэмшлийн уурхайн хаягдал нунтаг нүүрсийг зайлуулж өгч байгаад баярлалаа.

Avatar

Od 2019-11-04 182.160.39.251

Ogloo tsonhoo ongoilgohod /Manaih Piis Taeriin ariin bair/shatsan huvantsariin uner bas atseton ch ymuu gemeer uner unerteed hooloi hachin orgiod hanialgaad unah ym. Bi ooroo astomtei hun l dee. Tegeheer nuursnii utaasaas ylgaagui uner bngesen ug!!! Uundee anhaaraachee!!. Ugeertaj uheehui l bol horgui gej uzej bolmoorgui bnaa.

Avatar

Зочин 2019-11-04 202.21.108.89

Энэ түлшний шатсанаас гарах хийг эрүүл мэндэд яаж нөлөөлөхийг судлаж байгаа нэг ч хүн энэ засагт байхгүй харин кассан дээр хэдийн орлого орж байгааг л хянаж байгаа. Яваандаа жинхэнэ хорт хавдарын цунами болох вий дээ.

Avatar

Зочин 2019-11-04 202.21.108.89

Төрийн хяналт, шалгалтгын байгуулагуудад итгэдэг ямарч маанагыг өнөөдөр Монголоос олохгүй л дээ, ямар түлш болохыг цаг хугацаа л харуулна. Үүнд хэдэн хүний амь, эрүүл мэнд, тунгалаг цэвэр агаараар л хэмжигдэнэ.

Avatar

зочин 2019-11-04 202.126.88.58

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК ЧИНЬ СҮ БАТБОЛДЫНХ ШҮҮ ДЭЭ !!! ӨРСӨЛДӨГЧ КОМПАНИ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ !!!

Avatar

Хүүк 2019-11-04 66.181.161.34

Хүрэлбаатар Хүрэлсүхийг бодвол мэргэжлийн хүн,
Ерөнхий сайдыг жинхэнэ утгаар нь хийнэ гэж боддог доо

Avatar

Зочин 2019-11-04 182.160.33.226

өнгөрсөн жил гэхэд л түүхий нүүрсэнд 32 хүн угаартаж нас баржээ

Avatar

зочин 2019-11-04 66.181.169.116

муухан тавилттай жүжиг байна лээ дээ

Avatar

Зочин 2019-11-04 66.181.184.158

угаартаад үхэж л байдаг ш дээ гээд байгаа юм шиг сонсогдоод л байна даа.

Avatar

иргэн 2019-11-04 192.82.66.152

Гол нь түлшээ баталгаатай болгох хэрэгтэй.Өдөр болгон хүн угаартаж байгаад гол асуудал байна.Өөрсдийгөө хамгаалаад байгаа эрх мэдэлтэнгүүд угаартаж үзэхгүй бол ойлгохгүй.хүний амь эрсдэнэ гэдэг чинь тоглоом биш өөрсдийнх буруу гэж хэлж байгаа эрхэмүүдийн үнэн төрхийг өнөөдөр иргэд минь сайн хэлээд өгөөрэй.Эрүүл мэндээр хохирхо амь эрсдэх нь иргэдийн хохь болж үлдэх ёсгүй хариуцлага эрхмүүд хүлээх ёстой,түлшээ баталгаатай болгож чадахгүй л огцор.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж