Бизнесийн Удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.
-Сүүлийн үеийн эдийн засгийн гол дуулиан, олон нийтийн анхаарлын төвд байгаа сэдвүүд бол Саарал жагсаалт болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Энэ хоёр сэдвийг тойрсон талцал, хэрүүл ч ид өрнөж байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн Цэцээс гаргасан АМНАТ-ыг цуцлах шийдвэр хэр зөв байсан бэ?
-Яах аргагүй хоёулаа эдийн засгийн чухал сэдвүүд. Хоёулаа эрх баригчдын бодлого, шийдвэрээс хамааралтай. АМНАТ-ыг цуцалсан Цэцийн шийдвэр нь буруу биш. Үндсэндээ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хариуцлагын асуудал яригдаж байна. Өмнө нь Цэцийн дунд суудлын хуралдаанаас АМНАТ-ыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Энэ бол Засгийн газарт, Сангийн сайдад өгсөн анхааруулга гэж хэлж болно. Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр Их суудлын хуралдаанаар бараг өөрчлөгдөж байгаагүй юм л даа, түүхэндээ. Тиймээс Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэр дээр Засгийн газар яаралтай арга хэмжээ авч ажиллах ёстой байсан юм. Харин өнөөдөр “ниргэсэн хойно нь хашгирах” нь утгагүй.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улсын төсөв 1.3 их наядын хохирол амсана гэж мэдэгдсэн. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АМНАТ бол Хятадын импортлогчдын захиалга гэж хардаж байна лээ. Та хэнийх нь зөв гэж бодож байна?
-Хуулийн талын дүгнэлтийг Цэц тогтоолоороо гаргасан, Үндэсний статистикийн хорооны мэдээ сайдын тоо буруу гэдгийг харуулж байгаа. Төр гэж бий бол татвар авах нь зөв. Гэхдээ Засгийн газар нөөц ашиглах үе шат болгонд АМНАТ-ыг авахаар хуульд өөрчлөлт оруулсан. Энэ нь асуудал дагуулаад байгаа юм. Уул уурхайн салбар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүндрэл үүссэн. Уурхайн аман дээрээс эрдэс баялгаа шууд түүхийгээр нь экспортолно гэсэн үг. Миний хувьд АМНАТ-ыг эрдэс баялаг тус бүр дээр өөр, өөр зохицуулалттай авах ёстой гэж боддог. Алт, зэс өөр. Нүүрс бүр өөр. Тээвэрлэлт, олборлолт, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийн онцлогоо бодолцох учиртай. Тиймээс Засгийн газар аль болохоор эдийн засгийн хохирол бага амсъя гэвэл хуулийн зохицуулалтаа яаралтай оруулж ирэх ёстой. Засгийн газарт ийм бүрэн эрх нь байгаа шүү дээ. Манай хууль цоорхой гардгийн нэг жишээ энэ. АМНАТ олон төвөгтэй асуудал дагуулдаг. Алтныхан дээр голчлон яръя. Өнгөрсөн онд Монголбанкинд 22 тонн алт тушаагдсан. Талыг нь шахуу хувь хүмүүс тушаасан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл алтны компаниуд ажилчдынхаа нэр дээр алтаа тушаагаад ААНОАТ-ын 25 хувийг төлөхөөс зайлсхийж байгаа гэсэн үг. Би Монголбанкныханд хэлдэг л дээ. Ажилчдынхаа нэр дээр тушаасан алтнаас АМНАТ авч болохгүй. Учир нь, АМНАТ-ыг Уул уурхай ашигт малтмалын хуульд зааснаар зөвхөн ашиглалтын лицензтэй этгээд төлдөг. Энэ зөрчил нь Захиргааны хэргийн шүүх дээр очвол унах факт шүү. Өөрөөр хэлбэл, Монголбанк 9 сая ам.долларын буцаан олголт өгнө гэсэн үг. Ч.Хүрэлбаатар сайд 1.3 их наядын алдагдал хүлээх нь гэсэн байна лээ. Энэ бол худлаа. Статистикийн мэдээг харахад АМНАТ-аас ийм хэмжээний мөнгө төвлөрөх боломжгүй. Наймдугаар сарын статистикийг харахад АМНАТ-аас 336 тэрбум төгрөг төсөвт төвлөрсөн байна лээ. Тэгэхээр Сангийн сайдын хэлснээр бол уул уурхайн бизнес хоёр дахин томорно гэсэн үг. Энэ жил 30 сая тонн нүүрс зарсан бол ирэх жил 60 сая тонн нүүрс экспортолж ийм хэмжээний АМНАТ цуглуулна. Амьдрал дээр биелэхгүй.
-АМНАТ-ын асуудалд Сангийн сайд буруутай юм байна гэж ойлголоо. Тэгвэл Саарал жагсаалтын гол буруутан нь хэн бэ. МАН-ынхан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн алдаа гэж буруутгаж байгаа?
-Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж хоёр ажлаа муу хийчихээд буруугаа бусдад тохож болохгүй. Саарал жагсаалтад оруулсан дөрвөн зөрчлийг нь харсан. Ц.Нямдоржийн цэвэр буруу байна лээ. Ц.Нямдорж ажлаа хийгээгүйгээс болсон хэрэг. Тэр мөнгө угаалт, хүний наймаа, авлигын асуудалтайгаа тэмцээгүй гэсэн үг. Ажлаа хийж чадахгүй аль нэг хүний хийсэн ажлыг баллуурдах гэж байгаа бол би зөвшөөрөхгүй. Энэ хуулийг батлуулах гэж олон жил, олон ч засагтай хамтарч ажилласан. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хийсэн эдийн засгийн том бодлогуудын нэг.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлуулснаар 34 их наядын хөрөнгө ил болсон. Энэ хуулийг батлаагүй бол авлигын асар том эх үүсвэр болох байсан нь лав. Харин ч Эдийн засгийн ил тод хуулийг боловсруулж, батлуулж өгсөн хүмүүст Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж хоёр баярлах ёстой.
Авлигач хулгайч нартайгаа тэмц л дээ, Ардын намынхан. ЖДҮ, 60 тэрбумын асуудлаа шийд. Тэр Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөнийхөө хойноос яв. Сайн шалга. Үнэ тогтворжуулах, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гээд гоё, гоё хөтөлбөрүүдийн мөнгө, хямд хүүтэй мөнгө хаашаа орсныг, буцааж төлсөн эсэхийг нягтлах нь Ц.Нямдоржийн хийх ёстой ажил биз дээ.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүчинд Монгол харин ч FATF-аас бага донго хүртсэн гэж та үзэж байна уу?
-FATF-аас засч, залруул гэсэн шаардлага дээрээ тов тодорхой заасан байна лээ. Эдийн засгийн аливаа хямралыг татварын зөөлөн бодлого, өршөөлийн хуулиар давж гарсан Монголын олон туршлага бий. Дөрвөн 10-ын бодлого, 2008 онд хэрэгжсэн Өршөөлийн тухай хуулийг баталснаар 2008-2009 оны хямралыг хохирол багатай давсан. Харамсалтай нь, 2008 оны Өршөөлийн хуулийг 2800 компани, 2200 иргэн л ашигласан. Нийт компанийн дөнгөж хоёрхон хувь нь. Ёстой мэдээлэлд ойр гэдгээр улстөрчид л тэр үед Өршөөлийн хуулийг хамгийн сайн ашигласан. Харин 2015 оны Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг иргэд, аж ахуйн нэгж маш сайн ашигласан. 34 их наядын хөрөнгө ил болно гэж хэн ч төсөөлөөгүй байсан. Манай улстөрчид их сонин. Өмнөх Засгийн газрынхаа бодлогыг заавал унагаж, муулна. Төрийн залгамж халаа гэж байхгүй.
-Ардчилсан намын үед гарсан эдийн засгийн гол шийдвэрийн нэг нь яах аргагүй Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль байсан гэдэгтэй тантай санал нийлж байна. Тэр үед аж ахуйн нэгжүүдийг хууль, шүүх, татварынхан үнээ, гахай болгож байгаа тухай яриа УИХ дээр их гарсан. Та ч бас ярьдаг байсан?
-Энэ хуулийг батлах олон шаардлага байсан. Нэгд, далд эдийн засгийг ил болгож эдийн засгаа тэлэх. Тухайн үед 11 мянган компанийг татварын асуудлаас болж цагдаа дээр шалгасан. Гэхдээ нэг нь ч ял шийтгэл аваагүй. Тэгэхээр тэд хэн нэгний саалийн үнээ, тэжээлийн гахай болоод өнгөрсөн гэсэн үг. Татвар болон эдийн засгийн шинэчлэлийг хэн нэг хүний сайнд найдаж хийдэггүй юм. Системээ, тогтолцоогоо сайжруулж байж авлига, хээл хахуулийг бууруулдаг. Ч.Хүрэлбаатарын сангийн мөнгө хэд дахин өсч байгаа нь энэ хуулийн ач. Дээр нь НӨАТ-ын шинэчлэлт байна. Өнөөдөр иргэн болгон татвар хураалтад хяналт тавих боломжтой болсон. Төлсөн татвараа хянадаг болсон. Энэ бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хийсэн бас нэг гавъяа. Татварын багц хуулиудаа сайжруулж чадсанд нь Ч.Хүрэлбаатарт харин талархах ёстой.
-НӨАТ-ын буцаан олголт нь үнэхээр том шинэчлэлт болсон. Иргэд, аж ахуйн нэгжүүд анхандаа ач холбогдлыг нь сайн мэдэхгүй байсан. Одоо НӨАТ-ын баримтаа нэхээд авдаг болсон байна. Гэхдээ, НӨАТ өгдөггүй, татварт бүртгэлгүй далд эдийн засаг байсаар байна. Зах, томоохон худалдааны газрууд гээд?
-Ж.Эрдэнэбатын үед Б.Чойжилсүрэн НӨАТ-ын шинэчлэлийг зогсоох гэж үзсэн л дээ. НӨАТ-ын шинэчлэл дээр ажиллаж байсан хэдэн залуусыг халаад манай Ардын намын хэдэн мангар бацаануудыг аваачаад тавьчихсан. Харин өнгөрсөн хавар код бичиж, энэ системийг гардан хийсэн залуусыг Ч.Хүрэлбаатар буцаагаад ажилд нь авсан байна лээ. Хэрэв Мэргэжлийн засгийн үед НӨАТ-ын систем дээр ажиллаж байсан залуусыг халж солиогүй бол зах, дэлгүүрүүдээс НӨАТ авах ажил аль хэдийн хийгдчихсэн байх байлаа. НӨАТ-ын системийн буянаар манай татварын бүх орлого 30%-аас дээш нэмэгдсэн. НӨАТ-ын системийн шинэчлэлт хийхэд улс ердөө дөрвөн тэрбумыг л гаргасан. Хувийн компаниуд 340 тэрбумыг гаргаж байж технологийн шинэчлэлт хийсний дүнд энэ системийн шинэчлэлт амжилттай явагдсан. 2016 оны нэгдүгээр сарын 1-нд 1600 кассын машин байсан бол одоо 120 мянган кассын машин ажиллаж байна.
-Тэднийг НӨАТ-ын сугалааг өөрсдөдөө тааруулж, их мөнгө хожсон гэсэн яриа нэг хэсэг явсан. Тэр худлаа болж таарсан уу?
-Тийм юм гэж байхгүй шүү дээ. НӨАТ-ын шинэчлэлийг зогсоох гэсэн хар пиар. Тэгээд цүнх баригчид, намын тавиулуудаа тавьсан, ажил нь унасан. Ер нь цүнх баригчдын хийж чадах ажил биш л дээ. НӨАТ-ын систем дээр ажилласан залуус Эрүүл мэндийн даатгалын системийн шинэчлэл дээр ажилласан. Эмийн хөнгөлөлтийн төлбөрийг НӨАТ-ын баримттай холбосон. Зөвхөн 2017 оны хоёрдугаар улиралд ЭМД-аас эмнэлгүүдийн авдаг эмийн үнийн зөрүүнд олгодог мөнгөнөөс анх удаа 2.4 тэрбум төгрөг ашиглагдаагүй үлдсэн. Эмийн хөнгөлөлтийн баримт нь хянагддаг болсон гэсэн үг. Одоо эмнэлгийн ор хоногийн мөнгийг НӨАТ-тай холбох юм билээ. НӨАТ-ын баримттай холбоод ирэхээр эмийн зөрүү, ор хоногийн зөрүү, эмчилгээний зөрүү гээд эрүүл мэндийн салбарт угаагддаг байсан мөнгө байхгүй болно, улсад асар их хэмнэлт гарна. НӨАТ-ын системийг шинэчилсэн 43 залуу сүүлийн гурван жилд улсдаа нэг тэрбум ам.долларын татварын орлого оруулж ирлээ шүү дээ.
-Татварын багц хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжинэ. Эерэг хүлээлт их байх шиг?
-Татварын эрх зүйн хувьсал хийж чадсандаа баярлаж байгаа. Олон ч жил энэ реформыг хийх гэж ярьсан, гүйсэн. Олон Засгийн газар, Ерөнхий сайдтай хамтарч ажилласан. Монголын эдийн засаг, татварын салбарт том хувьсал болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсад татварын таатай орчин бүрэлдэнэ. Сүүлийн үед Монголын татварын байгууллага маш их шинэчлэгдсэн. Үйл ажиллагаа нь сайжирсан, харилцаа хандлага нь өөрчлөгдсөн. Нэг хэсэг тэд хадны мангаа л байлаа. Ялангуяа татварын өртэй компаниуд татварын байцаагчдын нэхсэн мөнгийг өгдөг байсан. Одоо иргэн бүр татвараа хянадаг болсон. Тэгэхээр татварын байцаагчийг авлигадах, нэхсэн мөнгийг нь өгөх хэрэггүй болсон.
Ирэх оноос жижиг дунд аж ахуйн нэгж төлсөн татварынхаа 90 хувийг буцааж авдаг болно. Энэ нь бас технологийн том шинэчлэлт болно. 70 мянган компани үүнд хамрагдана. Татвараа үнэн зөв гаргадаг болно. Татварын байцаагчид нь татвар төлөгчдөд зөв үйлчилдэг болно.
Татварын 1500, гаалийн 1700 байцаагчийг хэд дахин багасгах боломжтой болно. Татварын багц хууль, технологийн өөрчлөлт нь нийтийн мөнгөний хуримтлалыг эрс сайжруулах ёстой. Гэтэл нийтийн мөнгөний дахин хуваарилалт, зарцуулалт дээр системийн энэ өөрчлөлт болон технологийг ашиглахыг эрх баригчид аль ч үедээ хүсэхгүй байна.
-Ингэхэд, та хэдэн жил бизнес хийж, хэчнээн жил татвар төлж байна?
-Гучин жил бизнес хийсэн. Бизнес хийж эхэлсэн цагаасаа татвараа төлж ирсэн дээ.
-Энэ хугацаанд танай компанид ямар нэгэн шахалт, дарамт ирж байсан уу?
-Мэдээж, байлгүй яахав. Гэхдээ татвараас нуугдаж, бултаж явсан удаа байхгүй. Татварын, нөгөө алдарт Гансүх гэж нөхөр байсан даа, хадгаламжаас нь 16 тэрбум төгрөг гарч ирсэн, тэр нөхөр надад дарамт үзүүлэхийг оролдож, хууль бус зүйл нэхсэн. Би татвараа шударгаар төлж байсан. Надад айх зүйл байгаагүй учраас шүүхээр заргалдаж, заргаа авч л явлаа. Түүнээс хойш манай татварын тогтолцоо буруу байна, энэ тогтолцоог системээр нь өөрчлөх ёстой юм байна, үүний тулд технологийн болон хуулийн шинэчлэлт хийх хэрэгтэй юм байна гэж үзээд 2005 оноос эхлээд татварын шинэчлэлт дээр ажилласан юмаа.
-Огт бизнес хийдэггүй хууль, шүүхийнхэн, татвар гаалийнхны хадгаламжид хэдэн тэрбум “хэвтэж” байх жишээний. Орон сууц, машины тоог нь ярихаа байя л даа. Энэ нь танд шударга санагддаг уу?
-Энэ байдлыг нь таслан зогсоохын тулд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргасан юм шүү дээ. Үнэхээр манай бизнесийнхэн хууль, шүүхийнхний үнээ, гахай болж явсан. Тэднийг ийм байдалд хүргэсэн гааль татвар, хууль шүүхийнхний зарим нэг хууль бус орлогоороо хөрөнгөжсөн этгээдүүдийг ил тод илчлэх ёстой байсан юм. Чадаагүй. Одоо харин Зөрчлийн хууль гэж авлигыг өөгшүүлсэн хууль гарч ирсэн байна. Монголд жилд 1.5 сая зөрчил гардаг. Тэр зөрчил болгон авлига дагуулна гээд бод доо. Гааль хамгийн түрүүнд технологийн шинэчлэлт хийсэн. Нөгөө муу хэлдэг Х.Баатар гуайн үед хийгдсэн юм. Гэтэл Зөрчлийн хууль гарч ирээд гаалийн зөрчил буурсан. Энэ юу гэвэл анхан шатанд авлигын асуудлаар шийдэгддэг болсон гэсэн үг. Гаалийн байцаагч нэг зөрчил илрүүллээ гэхэд заавал прокурорын байгууллагад мэдэгдэнэ. Гэтэл прокурорууд нь жилд гардаг 1.5 сая зөрчил болгоныг хянаж чадах уу. Прокурор дээр очихоос өмнө анхан шатан дээр л авлигын асуудал яригддаг болсон. Тиймээс Ц.Нямдорж Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг буруутгаж суухаар авлигын шинэ үүр уурхай болсон Зөрчлийн тухай хуулиа өөрчлөх ёстой.
-ОУВС-гийн хөтөлбөр удахгүй хэрэгжиж дуусна. Энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн үү?
-Өгсөн. Өнгөрсөн хугацаанд манайхан тэдний зааж, сургасныг сурч авсан байгаасай л гэж найдаж байна. Ж.Эрдэнэбатын засгийн хамгийн зөв бодлого нь ОУВС-гийн хөтөлбөрт орсон явдал байсан. Яг үнэндээ тэд манай албан бус Ерөнхий сайд, албан бус Сангийн сайд хийлээ. Үүний үр дүнд Чингис, Самурай гээд том, том бондын өр төлбөрийг Монгол Улс цаг хугацаанд нь төлөх боломж гарч байгаа. Гэхдээ том, том өр төлөлт бас хүлээгдэж байна. Саяхан Сангийн сайд маш хариуцлагагүй мэдээлэл хийсэн. Монголын гадаад өрийн хэмжээ 29.7 тэрбум ам.доллар. Үүний 18.2 тэрбум нь аж ахуйн нэгж, компаниудынх, улсад хамаагүй гэсэн санаа хэлэхийг сонсоод гайхсан. Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Сангийн сайд юм уу, МАН-ын Сангийн сайд юм уу. Монгол Улсын Сангийн сайд мөн бол түүнд Засгийн газрын болоод Монголын компаниудын өр, төлбөрийн асуудал бүгд хамаатай. Түүнээс “би үхэхээр чи үх” гэсэн утгатай зүйл ярьж болохгүй. Хэрэвзээ Монголын Сангийн сайд мөн бол гадаад өр ширтэй компаниудтайгаа нэг ширээн суугаад гарц, гаргалгаагаа ярих ёстой.
-Ингэхэд Ардын Засгийн газрын ажилд ямар дүн тавих вэ?
-Ард түмэн удахгүй дүнгээ тавих байх. Одоо улстөржилгүй ажлаа хиймээр байна. Ямар ч байсан оруулж ирсэн төсөвт нь сэтгэл дундуур байна. 2020 оны төсөв нь татвар төлөгчдийн мөнгийг сонгуулийн амлалтад зарцуулна, жалга довгүй тараана гэсэн төсөв байна лээ. Зарлага нь хоёр их наядаар хэтэрсэн ийм төсөв оруулж ирэх хэрэггүй байсан. Ингэж эдийн засгаа хорлож болохгүй л дээ. Таван жил зовж бий болгосон ажлыг маань нураагаад ганц сонгуульд зориулж хоёр их наядын илүү зарлага оруулж байгаад үнэхээр дургүй хүрч байна. Үүний төлөө татвар төлөгчид махаа зулгааж байна шүү дээ. Тэртээ тэргүй ирэх жилийн наадмаар солигдох зургаахан сартай
Засгийн газар яах гэж татвар төлөгчдийн махыг дахиад зулгааж байгаа юм бэ. Гэтэл дараа жилийн намар Чингис бондын 500 сая ам.долларыг Монгол Улс төлнө шүү дээ. Ийм ачааллыг мэдсээр байж тэр том тоо тавьж оруулж ирсэн Сангийн сайд өөрөө л улсаа хорлож байна даа.
-Та ил шулуухан ярьдаг, шүүмжилдэг. Үнэндээ өнөөдөр Монголын төр бүгдийг булаан авч, бүгдийг айлгаж байна. Гэтэл бизнесийн томчууд нь таг дуугүй. ЖДҮ-г нь хувааж идчихээд байхад жижиг, дунд үйлдвэрлэгчид нь ч дуугүй. Манай бизнесийнхэн хэт их аймхай, зөвхөн амь, амиа боддог нь популистуудад боломж өгдөг?
-Монголын эдийн засаг их жижигхэн. Томчууд нь бүгд уул уурхайтай. Уул уурхайн бизнес эрхэлж байж л томорно. Гэтэл лиценз зөвшөөрөл нь төрийн мэдэлд байдаг. Лицензийг нь хураагаад авчихна шүү гэхээр том даргад хадагтай сөгдөхөөс өөр аргагүй болдог юм байна л даа. Нөгөө талаар төсвийн тендерээс дийлэнх нь авчихсан. Тендерийг нь цуцална гэхээр л таг дуугүй болдог байх. Энэ нөгөө л жижиг улсын зовлон юм уу даа.
-Үүнийг өөрчлөхийн тулд яах ёстой вэ?
-Уг нь Монгол шиг бизнест ээлтэй улс байхгүй. Шийдвэр гаргадаг, хууль баталдаг хүмүүс нь бүгд том, жижиг бизнестэй. Бүр Ерөнхийлөгч нь Монголын том бизнесмен. Төрийн эрх мэдэлтнүүд татвар төлөгчдийн мөнгийг өөрийн бизнест хуваарилж, төрийн өмчийг өөрийн мэт ашиглаж, төрийн системийг бизнесийн давуу тал болгох хэрэгсэл болгож байгааг таслан зогсоох ёстой.
-Яаж вэ?
-Үндсэн хуульдаа л төрийн нийтийн мөнгөний хуваарилалтыг суулгаад өгчих хэрэгтэй байгаа юм.
-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Та танилцсан уу, эх хувилбартай нь?
-Миний нөгөө яриад байдаг нийтийн мөнгөний дахин хуваарилалтын асуудал. Нийтийн өмчийг хамгаалсан механизм манай Үндсэн хуульд байхгүй. Тиймээс ЖДҮ гээд МАН-ын гишүүд татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдсэн санг хувааж идсэн хэрэг баримттайгаа дэлгэгдсэн шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг эрх баригчид гарынхаа салаагаар урсгадаг явдлыг болиулахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаа энэ үед нийтийн санхүү гэсэн тусгай зүйл ангийг нэмж оруулах ёстой. Хамгийн сүүлийн жишээ нь 2020 оны төсөв байна. Татвар төлөгчдийн барьж, хорино, өмчийг нь булаана гэж айлгаад цуглуулсан мөнгийг нь дур зоргоороо цацаж болохгүй. Сүүлийн жилүүдэд гудамж, зам гээд хатуу дэд бүтэц рүү их хэмжээний хөрөнгө хаясан. Одоо зөөлөн бүтэцээ анхаарах ёстой.
-Дубайн гэрээг УИХ-аар авч хэлэлцэхээр болсон. Энэ гэрээг зогсоовол Монголд ямар хохиролтой вэ?
-Оюутолгойн эсрэг акц явуулах тусам бид хөрөнгө оруулагчдын барьцаанд орж байгаа юм шиг чамд санагдахгүй байна уу. Оюутолгойг эсэргүүцэх тусам Оюутолгойн өмнө улам буулт хийхэд хүрнэ. Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хоёр жил гацаасан. Ч.Сайханбилэг Дубайд очиж санхүүжилтийн төлөвлөгөө баталсан. Яг үнэндээ Оюутолгойн төсөл Рио Тинтогоос дэлхийн 16 банкны мэдэлд очсон. Тиймээс ч Монголын банк санхүүгийн системийг сайжруулах шаардлага ОУВС тавьж байгаа нь дэлхийн 16 банкны шахалт, шаардлага шүү дээ. Оюутолгойг их оролдвол Монголын банкны систем ганхаж мэднэ. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Оюутолгойн гэрээг батлах үед Хуулийн сайд нь Ц.Нямдорж байсан. Одоо ч Ц.Нямдорж хуулийн сайд хэвээрээ байна. Тэр үед Оюутолгойн гэрээг УИХ дээр баталсан хүмүүс одоо УИХ-д сууж байна. Монголд учрах хохирлын хэмжээг тэднээс асуух нь зөв болов уу.
-Та “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний тэргүүн байсан. Иргэний хөдөлгөөнийхнийг гадаад, дотоодын улстөрчид санхүүжүүлдэг гэж үнэн үү. Сүүлийн үед манай улстөрчид иргэний хөдөлгөөнийхөнтэй их найзархдаг болсон байна?
-Худлаа. Харин ч тэр үеийн иргэний хөдөлгөөнийхөн үүргээ сайн гүйцэтгэсэн гэж үздэг. Парламентын засаглалтай оронд эрх баригчдад хэн хяналт тавьдаг вэ гэхээр цөөнх тавьдаг юм. Гэтэл цөөнхгүй, хамтарсан засгийн үед иргэний хөдөлгөөнийхөн сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж ирсэн. Манай “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний үүсгэн байгуулагч нь Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа шүү дээ. Иргэний хөдөлгөөнийхнийг муу хэлэх хэрэггүй. Одоо хар л даа, С.Ганбаатарыг МАХН, О.Магнайг АН урдаа бариад явж байна.
Холбоотой мэдээ