Хотынхоо “судсыг эмчлэгч” | News.MN

Хотынхоо “судсыг эмчлэгч”

Хотынхоо “судсыг эмчлэгч”

Хотынхоо “судсыг эмчлэгч”

Хотын төвд байрлах бидний тэр бүр анзаардаггүй нэг давхар байшингийн үүдэнд У.Эрдэнэтуяа гавьяат угтан авлаа. Тэрбээр “Ус сувгийн удирдах газрын Бохирын шугамын хэсэг” гэсэн хаягтай хуучны энэ л байшинд бохир усны шугамын засварчнаар тасралтгүй 37 жил ажилласан нэгэн.

“Би хоёр жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан учраас гавьяат цол авна гэж бодож байгаагүй ээ. Өөрийгөө гавьяат цол авна гэж зүүдэнд ч ороогүй” хэмээн өгүүлэх энэ эрхэм Нийслэл хотын 380 жилийн ойн босгон дээр үйлчилгээний Гавьяат ажилтан болсон таван эрхмийн нэг билээ. Тэрбээр Ус сувгийн удирдах газрын зургаа дахь гавьяат бөгөөд бохирын шугамын хэсгийнхээ анхны гавьяат нь болсон байна.  


БОХИРЫН ШУГАМЫН ЗАСВАРЧДЫНХАА АНХНЫ ГАВЬЯАТ

Шинэхэн гавьяат руу аравдугаар сарын 18-ны оройн 21.00 цагийн орчимд Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаж, гавьяат цол олгох болсон тухай баярт мэдээг дуулгажээ. Чихэндээ итгэж ядсан тэрбээр тэр даруйдаа хань, үр хүүхдүүд болон ахан дүүс, хамт олондоо хэлэхээр яарч, хөөрч догдолсон байна. Тэр өдрөөс хойш догдолсоор нойр ч хүрэхгүй байсан тухайгаа ярьж байв.

“Энэ бол миний шагнал бус хамт олны минь шагнал. Тийм учраас энэ мэдээг хамт олон минь маш баяртайгаар хүлээн авсан. Өчигдөр гэхэд ахмадууд маань ирж, надад баяр хүргэлээ” хэмээн ярих тэрбээр биднийг очиход ч баярын мэндчилгээнд “дарагдсан” байлаа.

Тэрбээр одоогоос 40 жилийн өмнө 1980 онд наймдугаар ангиа төгсөөд Завхан аймгийн Цагаанчулуут сумаас Улаанбаатар хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд Ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр суралцаж, 1982 онд Ус сувгийн удирдах газар хэмээх их айлд томилогдон анх босгоор нь алхан орсон түүхтэй ажээ. Тухайн үед Нийтийн аж ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийг сантехникийн засварчин мэргэжлээр 20 гаруй хүүхэд төгссөнөөс 10 орчим төгсөгчийг томилолтоор томилон ажилуулсан байна. Одоо тэдгээр төгсөгчдөөс гурван хүн л гавьяаныхаа амралтыг авалгүй ажиллаж байгаагийн нэг нь У.Эрдэнэтуяа гуай гэнэ.

Ажилд ороод дөнгөж нэг жил болсны дараагаар 1983 онд цэрэгт гурван жилийн алба хааж, 1986 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ус сувгийн удирдах газартаа үргэлжлүүлэн ажилласан байна. Гавьяат маань “Ер нь тухайн үед ажилд ороод л шууд ахмадуудын гар дээр очиж, тэднээсээ маш их зүйлийг сурдаг байлаа. Гэтэл өнөөдөр өөрөө ахмад ажилчин болчихсон, дүү нартаа зааж, зөвлөөд ажиллаж байна” хэмээн инээмсэглэн өгүүлнэ. Гавьяат У.Эрдэнэтуяа одоо 10 гаруй шавьтай бөгөөд түүнийг “багшаа” гэж дуудна.

ТЭРБЭЭР ӨДӨРТ 10-20 КМ АЛХАЖ, АЖЛАА ХИЙДЭГ     

“Бид хүнд хортой нөхцөлд ажилладаг. Өвөл хүйтэнд нь хөрж, зуны халуунд нь халдаг л ажил шүү дээ. Манайхан тасралтгүй 24, 72 цагаар ажиллаж, аваар осол гарвал дуудагдана. Орчин үед шугам хоолойг нь цэвэрлэдэг тусгай тоноглолтой машинууд орж ирснээр бидний ажлыг хамаагүй хөнгөвчилж байна. Хуучин нийгэмд машин техник, багаж хэрэгсэл хомс байсан учраас барилгын төмөр утсаар бөглөрсөн шугамаа онгойлгодог, тэр бохироо үүрээд шахуу явдаг байлаа. Хуучин осол аваар их гардаг байсан бол одоо харьцангуй бага болсон. Энэ нь бид маш сайн тоног төхөөрөмжтэй болсных” гэв.

Их хотын чимээ шуугиан, завгүй хэмнэл дунд бидний амьдралтай салшгүй холбоотой маш чухал ажлыг энэ эрхэм хийдэг. Тэрбээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн бохирын шугам хоолойг хариуцан ажиллаж, гудамжинд байгаа шугамын тагийг онгойлгон эвдрэл байгаа эсэхийг шалгана. Ингэхийн тулд тэрбээр өдөрт 10-20 км газар алхах шаардлагатай болдог байна.

Түүний хийсэн ажил хүн бүрийн нүдэнд ил харагдаад байхгүй ч хотынхоо судас нь болсон шугам хоолойг “эмчлэгч” алтан гарт эмч нь тэр юм. Улаанбаатар хот дотор 300 гаруй км шугам хоолой бий. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй хотын шугам сүлжээ ч тэлсээр байна.

Тасралтгүй 37 жил ажиллахдаа ганц удаа ч хийж буй ажлаасаа шантарч байгаагүй тухай бахархангуй ярих тэрбээр “Анх Улаанбаатар хотыг байгуулахдаа цөөн хүн амтайгаар төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр хот маань нэг сая гаруй хүн амтай болсон учраас үүнийгээ дагаад шугам хоолойн ачаалал маш их байна. Дээр үед өөх тосыг халуун усаар угааж, арилгадаг байсан бол орчин цагт янз бүрийн химийн бодис хэрэглэдэг болсноос шугамын бохирдол хортой болсон гэж боддог. Бид худагт орж ажиллахаар тэр бохирдол нь урвалд орж, ухаан алдаж унах эрсдэл ихтэй болсон. Хуучин цагт ийм эрсдэл байдаггүй байсан “ тухай ярьсан юм.

Тийм учраас аюулгүй байдлын үүднээс хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн өмсч, газ хэмжигчийг байнга хэрэглэдэг байна. Бохирын шугамын худгийн тагийг онгойлгож, 10-20 минут агааржуулалт хийсний дараа ордог аж.

ГУРВАН ОХИН, ГУРВАН ЗЭЭТЭЙ ӨНӨР ӨТГӨН АЙЛЫН ТЭРГҮҮН

У.Эрдэнэтуяа гавьяат Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул. Тэртээ 16-хан наснаасаа эрдмийн мөр хөөхөөр хотыг зорьж, Улаанбаатар хотноо ажил, амьдралаа  зохиосон байна. Тэрбээр “Сүүлийн нэг, хоёр жил ёстой нутаг явж амжсангүй. Учир нь 80 настай ээж маань хотод ирчихсэн учраас нутаг руугаа явах шаардлагагүй болчихоод байна. Нутгаа маш их санадаг. Манайх яг Отгонтэнгэр хайрханы баруун суганд нь зусдаг байсан” тухай ярилаа.

Тэр эцэг эхээс 11-үүлээ. Гэр бүлээ танилцуулахдаа “Манайх дөрвөн эмэгтэй, долоон эрэгтэй хүүхэдтэй айл. Би дээрээсээ дөрөв дэх хүүхэд нь. Доороо олон дүүтэй хүн. Миний ханийг н.Энхцэцэг гэдэг. Хань маань Улаанбаатар хотын уугуул. Хуучин монгол гутлын үйлдвэр гэж байхад тэнд ажиллаж байсан. Одоо зээгээ хараад эмээгийнхээ ажлыг хийж байгаа. Бид хоёр гурван охинтой. Гурван охин маань гурвуулаа ондоо ажил мэргэжилтэй. Гэр бүл минь улам өнөр өтгөн болж, гурван хөөрхөн зээтэй болсон” гэдгээ хэлж байв.

Түүний тэтгэвэрт гарах нас хэдийнэ болчихсон ч төрийнхөө хайр хүндэтгэлийг хүртсэн хүн дахиад хэдэн жил ажиллахгүй бол болохгүй гэлээ. Тэр одоо ч энэ эрхэм хүндтэй ажлаа хийхээр хотын гудамжаар алхаж яваа.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн Г.Бадрах 2019-11-04 103.26.193.117

Маш мундаг хүн юмаа. Амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Avatar

жаагий 2019-11-04 202.179.8.210

Завхан аймгийн Цагаанчулуут суманд гавъяатын тоо дахин нэгээр нэмэгдлээ. Нутгийн ахдаа халуун баяр хүргэе.

Avatar

Зочин 2019-11-04 66.181.161.70

Мууундаааг

Avatar

Зочин 2019-11-04 66.181.170.229

Баяр хүргэе. Ажил амьдралд нь сайн сайхныг хүсье.

Avatar

Зочин 2019-11-04 64.119.22.101

Эгэл жирийн жинхэнэ ажилчин хүнд шагнал нь яг тохирчээ амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж