Даваа гаригийн өмнөх залуусын амьдрал

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Даваа гаригийн өмнөх залуусын амьдрал

Даваа гаригийн өмнөх залуусын амьдрал

Нийслэл хотын залуус амралтын өдрөө хэрхэн, яаж өнгөрөөдөг вэ? Энэ асуултад хариулт эрэхээр бид хотын төвийн хэд хэдэн газраас орж, сурвалжлага бэлтгэлээ.

Нэг үеэ бодвол монголд амралтаа зөв боловсон өнгөрөөх газрууд олон болжээ. Тэр хэрээр залуус ажлаас түр холдон, тархиа амрааж, өөрсдийгөө янз бүрээр хөгжүүлэх болсон байна. Агаарт гарах, ууланд авирах, дугуйгаар аялах, фитнесс клубт хичээллэх зэрэг бие бялдар хийгээд эрүүл мэнддээ илүү анхаарах болжээ. Харин зарим нь найз нөхдөөрөө уулзаж хоолонд орох, кино үзэх, тоглоом тоглох, баар цэнгээний газар орох гээд амралтаа зугаацах хэлбэрээр өнгөрөөх аж. Алийг нь ч бид зөв, буруу гэж ялгахыг хүссэнгүй. Энэ бол тухайн хүний сонголт. Бэлтгэлийн хувцасаа аваад фитнесс заал явах уу, баар цэнгээний газар шөнөжин уух уу. Энэ бол хувь хүний эрх. Гол нь бие сэтгэл хийгээд оюун ухаанаа амраах явдал юм.

ФИТНЕСС ЗААЛ

Бидний орсон эхний газар бол фитнесс клуб. Монгол Ардын намын байрны дөрвөн давхарт байрлах Golden Gem фитнесс клуб өдрийн 13.00 цаг гэхэд битүү хүнтэй байлаа. Эмэгтэйчүүд гүйлтийн зам дээр бие халааж, харин эрчүүд булчингийн дасгалууд хийж харагдана. Амралтын өдөр тус фитнесс өглөө 09.00-21.00 цаг хүртэл ажилладаг. Өдөрт 16-35 насны ойролцоогоор 150-аад хүн хичээллэдэг байна. Биднийг очиход зааланд яг 16 хүн байв. Дасгалжуулагчийн заавраар дор бүрнээ идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийгээд тун завгүй. Тэдний амралтын нэг өдрийг сонирхлоо.

П.Энхтайван, 25 настай

-Яагаад фитнесст явахаар шийдсэн бэ?

-Би өөрөө фитнесс их сонирхдог. Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхөд их нөлөөтэй. Эхний ээлжинд би фитнессийн гурван сарын эрх авсан. Одоогоор хоёрдахь долоо хоногтоо явж байна.

-Таны хувьд амралтын нэг өдөр хэрхэн, яаж өнгөрдөг вэ?

-Энд явахаас өмнө амралтын өдрөө найз нөхөдтэйгээ уулзах, телевиз үзэж гэртээ байх гээд хий дэмий л өнгөрөөдөг байв. Ер нь бүтээмж муутай, үр дүнгүй хоёр өдөр амардаг байсан. Харин фитнесст явах болсноор амьдралд илүү идэвхтэй болсон гэх үү дээ. Бие хөнгөрөөд эрч хүчтэй, эрүүл чийрэг болж байна.

М.Намуун, 26 настай

-Фитнессээр хичээллээд хэр удаж байгаа вэ?

-Бараг дөрвөн жилийн өмнө анх явж эхэлсэн. Дундаа завсарлаад одоо дахиад явж эхэлж байна. Нэг явахдаа зургаагаас дээш сар явчихна. Тэгээд 3-4 сар завсарлана.

-Амралтын өдөр спортоор хичээллэх ямар давуу талтай вэ?

– Ер нь хүн ямар нэгэн спортоор хичээллэнэ гэдэг өөртөө оруулж буй маш том хөрөнгө оруулалт. Ялангуяа ажлын өдрүүдэд завгүй ажилладаг хүмүүс амралтын өдрөө дасгал хөдөлгөөн хийж өнгөрөөх хэрэгтэй. Тэгвэл тархи, толгой маш сайн амарна.

-Таны хувьд амралтын нэг өдөр хэрхэн, яаж өнгөрдөг вэ?

-Амралтын өдөр мэдээж бусад эмэгтэйчүүдийн адил гэртээ угаалга, цэвэрлэгээ хийх, хоол унд бэлтгэх гээд ахуйн ажил хийгээд л өнгөрдөг. Хажуугаар нь финтесстээ явна гээд ер нь завгүй. Нэг мэдэхэд л даваа гариг болчихсон байдаг.

-Ялангуяа эмэгтэйчүүд гэр ахуйн ажил, үр хүүхдээ харах гээд л амралтын өдрийг өөртөө зориулж чаддаггүй. Өөрийн чинь хувьд хэр амжиж байна вэ?

-Амжина. Гэрт их ажилтай, амжихгүй байна гээд байвал хэзээ ч амжихгүй. Хамгийн гол нь өөртөө заавал цаг гаргах хэрэгтэй. Үүнд өдөрт хоёрхон цаг шаардлагатай. Гэртээ бол ингэж тэгээд л өнгөрчихдөг хугацаа. Энд ирээд хөлсөө гаргаад хөдөлмөрлөвөл маш их өөрчлөлт гарна. Ядаж л хуян хөөрч бие хөших, толгой өвдөх зэрэг зовиур байхгүй болно. Амарч байна гээд гэртээ удирдлага бариад хэвтээд байхаар улам ядраад байдаг юм шиг. Залуусын зарим нь амралтын өдрийг шоудаж өнгөрөөдөг. Үүний оронд өөртөө хөрөнгө оруулаасай. Үнэндээ хоёр оройны шоуны мөнгөөр бүтэн сар фитнесст явна. Энэ нь илүү үр дүнтэй сонголт.

-Таны хувьд фитнесст яагаад явах болсон юм бэ?

-Бүсгүйчүүд бид үргэлж л бие галбиртаа санаа зовж байдаг. Турах юмсан гэсэн мөнхийн мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Удахгүй шинэ жил болох гэж байна хэдэн кг хаях үүднээс явж эхлээд байна. Яваад удаагүй гэхэд хоёр кг хассан байна лээ. Энэ бол миний хувьд амжилт юм.

КИНО ТЕАТР

Спорт заалаас гараад бид "Өргөө-2" кино театрт очлоо. Энэ бол залуусын хувьд очих дуртай газрын нэг. Үзвэр үйлчилгээ, автомат тоглоом, кофе шоп гээд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цагийг зугаатай өнгөрөөхөд хамгийн тохиромжтой. Нийслэл хотод оройн 16.00 цаг болжээ. Сургуулийн сурагчдын амралт эхэлсэн тул кино театрт аав ээж, ах эгч нартайгаа яваа бага насны хүүхдүүд их байв. Киногоо үзээд их л сэтгэл хангалуун гарч яваа харагдана. Жаахан цааш явбал нэгдүгээр давхрын автомат тоглоомын хэсэгт хэдэн залуус тоглож байв. Тэд Дотоод Хэргийн Их сургуулийн оюутнууд. Кино үзэх цагаа хүлээнгээ хэн шийдэнд хамгийн их бөмбөг оруулахаа үзэж буй аж. Тэдний нэг болох А.Галсандорж найз охинтойгоо яваа.

Түүний хувьд цэргийн сургуульд сурдаг учир амралтын өдөр богинохон хэрнээ маш үнэ цэнэтэй. Оюутан нас хүний амьдралын хамгийн дурсамжтай үе. Тиймээс тэд амралтын өдрөө аль болох гадуур зугаалж, юм үзэж, хамтдаа дурсамж бүтээхийг хичээдэг гэв. Киногоо үзчихээд найзуудтайгаа шинээр нээгдсэн “Гэрэлт гэр” гудамжаар зугаалахаар төлөвлөсөн ажээ. Тэнд зураг авхуулж, шөнийн Улаанбаатараар алхах гэнэ. Гэхдээ тэд гэртээ эрт харих ёстой. Ингэж амрах ч бас гоё доо гэсэн бодол төрснөө нуух юун. Ингээд хоёрдугаар давхар буюу үзвэрийн билет захиалгын хэсэгт гарч ирэв. Билетний хэсэгт урт дараалал үүсчээ. Амралтын өдөр кино үзвэрийн цаг өглөө 10.00-23.00 цаг хүртэл үргэлжилдэг. Үзвэрийн оргил цаг нь 19.00-22.00 цагийн хооронд байдаг. Өргөө-2 кино театр үзвэрийн гурван танхимтай. Нэг танхим 100 суудалтай. Өдөрт 3-4 кино хоёр цагийн давтамжтай гардаг. Суудлууд ихэвчлэн дүүрдэг гээд бодохоор кино театраар монголчууд хэр их үйлчлүүлдэг нь тодорхой. Амралтын өдөр билетээ эрт захиалахгүй бол оргил цагаар олдохгүй байх тохиолдол их гарна. Тиймээс найзуудтайгаа эртхэн ирээд билетээ захиалж буй Д.Хувьтөгөлдөртэй ярилцлаа. Тэрбээр 19 настай, хоёрдугаар курсын оюутан юм.

-Ямар кино үзэх гэж байна, энд хэр их ирдэг вэ?

-Терминатор үзэх гэж байна. Энд сардаа хоёр удаа ирж найзуудтайгаа кино үздэг.

-Амралтын өдрөө яаж өнгөрөөдөг вэ?

-Ажлын таван өдөр хичээлдээ явдаг. Тэгээд амралтын нэг өдөр нь цагийн ажил хийнэ. Гэхдээ цагийн ажил байнга олдохгүй. Үлдсэн нэг өдрөө тархиа амраах байдлаар амардаг даа.

-Ер нь өөрийн чинь бодлоор танай үеийн залуус амралтаа хэр үр дүнтэй өнгөрөөж байна вэ?

-Үр дүнтэй өнгөрөөдөг оюутнууд байна. Номын санд суух, ажил хийх, спортоор хичээллэх гэх мэт. Бас хий дэмий цаг нөгцөөх нь ч бий. Тэд оройн цагаар шоудах, PC тоглох гэх мэтээр өөрт ашиггүй зүйлд цагаа, мөнгөө зарцуулж харагддаг. Ингэж явахдаа буруу зүйлд уруу татагдах магадлалтай шүү дээ. Ер нь миний бодлоор сүүлийн үед охидууд илүү шоудаж, тамхи татдаг болсон юм шиг санагдсан. Их сургуулийн урд тамхины цэгт тамхи татаж буй оюутнуудын бараг тал нь охидууд байх жишээтэй. Ирээдүйд ээж болох учир ингэж архи, тамхи хэрэглэх нь буруу гэж боддог.

Кино театраас гарахад цаг оройн 17.00 дөхөж байлаа. Өвөл ойртсоныг гэрчлэх мэт нар эрт жаргадаг болжээ. Гэхдээ илүү сартай намрын өдрүүд ойрдоо дулаахан, тогтуун байна. Гудамжаар жаахан алхав. Амралтын өдөр гэсэн шиг хүмүүс хэд гурваараа яарамгүй алхах ажээ. Хүнсээ цуглуулсан эмээ, хүүхдээ хөтөлсөн аав, ээж, инээлдэн зөрөх оюутнууд, хаашаа ч юм алхах залуус, хацар гоо бүсгүйчүүд гээд ерөөс Нийслэлийн өнгө үзэмж тэдний инээмсэглэлд улам өнгө орно.

БҮСГҮЙЧҮҮДИЙН "БУУ ХАЛАЛТ"

Ж.Золзаяа, Ж.Оюунчимэг нар бол удаан уулзаагүй найзууд. Тэд саяхан монголдоо ирсэн нэгэн найзтайгаа уулзаж, “буу халахаар” болжээ. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь нэг төрлийн амралт болдог талаар судалгаа хүртэл гарсан байдаг. Найз нөхөдтэйгээ уулзаж, ярьж суух нь шинэ мэдлэг, мэдээлэл солилцох сайхан боломж. Нийгмийн амьдрал харилцаан дээр тогтдог. Тиймээс энэ харилцаанаас өөрийгөө болоод өрөөл бусдыг таниж болох юм. Ж.Золзаяагийн хувьд сургалт явуулж, бизнес эрхэлдэг учир байнга өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Тиймээс амралтын өдөр ихэнхдээ завгүй өнгөрдөг байна. Гэхдээ завгүй байлаа гээд зөвхөн ажлаа хийгээд байж болохгүй. Ажил, амралтаа зөв хувиарлах нь хувь хүний сахилга батаас ихээхэн шалтгаалах аж. Тэрбээр ярихдаа “Ажлын таван өдөртөө би ажлаа тултал хийгээд, амралтын өдрийг ерөнхийдөө гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг. Хагас сайн өдөр өөрийгөө хөгжүүлэх, надад юу хэрэгтэй байна, түүнийг сурч, мэдэж өнгөрөөдөг. Харин бүтэн сайн өдөр маргаашийн буюу ажлын өдрийн бэлтгэлээ хийдэг. Одоо бид 30 нас гарчихлаа. Тэгэхээр энэ насанд мэдээж бүх ажил, амьдралаа зохицуулаад сурчихсан байгаа. Бүгдийг төлөвлөгөөний дагуу хийхийг боддог. Тэр нь илүү амар байдгаас гадна олон ажил амжуулна” гэсэн юм.

PC ТОГЛООМЫН ГАЗАР

Ялангуяа оюутан залуусын хувьд ордог газрын нэг бол яах аргагүй PC тоглоомын газар. Их сургуулийн ойр хавиар ийм газар олон таарна. Хичээлийн завсарлагаа, цонхтой цагаар оюутнууд ийшээ орж тоглодог аж. Амралтын өдрөөр ямар байдаг бол, сонирхож үзэхээр шийдэв. Их сургуулийн номын сангийн өөдөөс харах барилгын хоёрдугаар давхарт гарлаа. Энэ давхар тэр чигтээ PC тоглоом. Дөрвөн өрөөтэй. Нэг өрөө нь 50 суудалтай. Сул суудал алга. Тэгэхээр зөвхөн энэ тоглоомын газарт 200 оюутан, залуус тоглож байна гэсэн үг. Улаанбаатарт ийм тоглоомын газар хэчнээн байгаа билээ дээ. Комьютерийн товчлуурыг нүдэх чимээ, буудах дуутай харшиж, дээр нь залуусын чанга орилолдоон, агаар муутай бөгчим өрөө намайг ёстой хэсэг зуур бачимдуулав. Тэр залууст бусдыг анхаарах сөхөө ч алга. Буудаж алах, оноо авах л тэдний хувьд одоо хамгийн чухал. Оройн 19.00 цаг болсон тул харин хүүхдүүд харагдахгүй байлаа. Өдрийн цагаар бол сургуулийн сурагчид, бага ангийн хүүхдүүд бас л сууж харагддаг шүү. Миний хувьд ийм нөхцөлд тоглоод удаан суух бүү хэл хэдэн минут ч байж чадахгүйгээ мэдэв. Эндээс хурдан гарах минь.

КАРАОКЕ

Монголчуудын хамгийн ихээр очиж, чөлөөт цагаа өнгөрөөдөг газар бол караоке. Хотын төвд байх нэгэн караокены газрыг зорив. Бидний очсон барилгын нэг, хоёрдугаар давхарт караоке байрладаг. Дээрээ зургаа, доороо тав нийт караокены 11 өрөөтэй. Өрөөнүүд нь том, жижгээс шалтгаалан цагийн 25-35 мянган төгрөгийн үнэтэй. Орой 17.00 цагаас үүрийн 04.00 цаг хүртэл ажилладаг аж. Өдрийн орлого нь ойролцоогоор 3-6 сая төгрөг. Ихэвчлэн 30 нас гарсан хүмүүс үйлчлүүлдэг байна. Тиймээс хэрүүл маргаан, зодоон цохион гарах нь харьцангуй бага хэмээн үйлчлэгч ярив. Гэхдээ биеэ хянах чадваргүй согтуурсан тохиолдолд ариун цэврийн өрөөнд бөөлжих, шүлсээ хаях, нэгэндээ агсамнах, чанга орилж дуулах, аяга шил хагалах тохиолдол цөөнгүй гардаг байна. Караокед орж хүмүүс хамгийн багадаа хоёр цаг, ихдээ 5-6 цаг дуулдаг. Дараалал үүсэх оргил цаг нь үдшийн 21.00-23.00 цаг хүртэл үргэлжилнэ. Оройн 22.00 цаг. Караокены ачаалал мэдэгдэхүйц ихсэв. Архинд халсан нэгний дуу өндөрсөж, дуулах бас орилох чимээ гарч эхлэв.

…Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь

Миний зүрхний гэгээн гуниг минь

Бурхан багшийн дутаасныг яалтай билээ

Буян заяаг гэдэг тэнгэрийн хишиг юм уу…

Ариун цэврийн өрөөнд орвол “Амьдрал надад дэндүү хатуу хандсан” гээд хэн нэгэн эмэгтэй уйлж сонсогдов. Үнэндээ, караоке бол бидний мэдэхгүй орчин биш л дээ. Хаяа орж дуулдаг, стрессээ тайлдаг ийм л газар. Гол нь соёлтой, зөв боловсон, хэмжээ хязгаараа мэддэг байх хэрэгтэй болов уу. Олон нийтийн газар биеэ зөв, боловсон авч явах соёлд хэзээ бид суралцана даа.

Үүнээс илүү сонирхолтой дүр төрх дээд давхарт өрнөж байлаа…

ТАЙЧДАГ БААР

Шөнийн 23.30 минут. Залуусын амралтаа өнгөрөөх өөр ямар газар байж болох билээ. Мэдээж баар цэнгээний газар. Хоёрдугаар давхарт ийм газар бий гэж сонсоод зурагчин бид хоёр яваад орчихлоо. Шатны хажууд төмөр хаалга байна. Онгойлговол давхар хаалга. Түүний цаана ахиад жижиг өрөө. Хаалгыг дөнгөж нээмэгц огт өөр ертөнц угтаад авах шиг санагдлаа. Энэ бол тайчдаг баар. Нуулгүй хэлэхэд, амьдралдаа ийм олон нүцгэн хүүхэн үзэж байсангүй. Тэгээд бүр эрчүүдийн өмнө эрээ цээрээгүй бүжиглэж байх юм. Дөрвөн том тасалгаатай. Гэхдээ бүгд ил харагдана. Тасалгаа бүр буйдан, ширээтэй. Ширээний ард гадаад, дотоодын залуус тухлан суужээ. Тэдний өвөр дээр, ширээн дээр, төмөр дээр, сандал дээр ер нь хаа сайгүй нүцгэн хүүхнүүд. Ойролцоогоор 10-аад эмэгтэй. Европ царайтай, сахал үстэй дунд эргэм насны эрчүүдийн өвөр дээр лав хоёр нь хамаг байдгаа илүүлж, базуулж, таалуулна. Ичиж, эмээх гэдэг бол энд ёстой илүүц. Бид ажиглан, алхсаар үйлчлэгчийн дэргэд ирж, уух юм захиалахаар болов. Гэтэл энд эмэгтэй хүн оруулдаггүй гэв. Учир нь эмэгтэйчүүд нууцаар зураг дарж, бичлэг хийдэг. Тэгээд ч тайчиж байгаа хүүхнээр та нар яах юм. Харин хамт яваа залуу чинь үлдэж болно гэлээ. Зурагчин маань үлдэхийг хүссэнгүй. Үнэндээ, энд өөр сонирхоод байх юм алга. Яах вэ, зарим залуус амралтын өдрөө ийм маягаар өнгөрүүлдэг юм байна. Тэдэнд мэдээж сайхан л байдаг биз. Үүнээс ч нууц хэлбэрээр зугаацаж, цэнгэдэг гэх. Гэхдээ үүний цаана чухам юу нуугдаж байгаа бол…

Цаг аль хэдийн шөнийн 00.00 болжээ. Хуанлийн хуудсаар нэгэн шинэ өдөр эхэллээ. Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн шөнийн амьдрал жинхэнэ утгаараа эхэлж байгаа бололтой. Гудамжаар халамцуу хүмүүс нааш, цааш холхилдоно. Баар цэнгээний газрууд залуусын хөлд дарагджээ. Гадаа нь тамхилж зогсоно. Ихэнх нь 20 хүрээгүй болов уу гэмээр охид, залуус. Тэд шөнөжин бүжихээр шийдсэн бололтой…Харин бид ядарснаа мэдрэв. Хотын гудамжинд шөнө болдоггүй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж