“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-н сураг дуулдлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-н сураг дуулдлаа

“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-н сураг дуулдлаа

“Эрдэнэс Тавантолгой” компанийн олон улсын зах зээлд хувьцаа гаргаж, хөрөнгө босгох бэлтгэл ажил идэвхжиж эхэлсэн сайхан мэдээ байна.

2018 оны зургадугаар сард Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ баталсан. Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монголын эдийн засагт өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий энэ тогтоол ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө босгох, дэд бүтцийн, эрчим хүчний хангамжийг бий болгох зэрэг хэд хэдэн заалттай. Тогтоолын нэгдүгээр заалтад тусгагдсан “Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх” гэсэн үйл явц өрнөж эхлэх гэж байна гэсэн үг.

“Эрдэнэс Тавантолгой” компани ирэх жилээс Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан IPO хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ ажилд зуучлагчийг сонгох хэлэлцээ хийхэд бэлэн боллоо хэмээн Bloomberg мэдээлсэн байна. Хэд хэдэн байгууллагатай эхний шатны уулзалт хийхэд бэлэн болсон бөгөөд эдгээр банк дотор Bank of America Corp, Credit Suisse Group AG байгаа ажээ. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгоно гэсэн төлөвлөгөөтэй.

Эрчим хүчний буюу коксжих нүүрсний 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг Монголын парламент 2011 оноос хойш нэг биш удаа гаргаж байсан. Тэр болгон энэ шийдвэрийг тойрсон улс төр, оролцогч болоод сонирхогч талуудын эрх ашиг сонирхлын зөрчилдөөнөөс үүдэн цуцлагдсаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн нөхцөл байдал ч бас эгзэгтэй. Ирэх жил парламентын, 2021 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Улс орны амьдрал, ялангуяа эдийн засагтай холбоотой төр засгийн шийдвэрүүд сонгуулийн өмнө ба хойно агуулгаа 180 хэм өөрчлөгдөх тохиолдол цөөнгүй байсныг бид мэднэ.

Энэ удаад ч улс төрөө дааж чадах уу гэсэн асуулт анхаарал татаж байна. Уул уурхайн салбарыг зохицуулах төрийн байгууллагуудын “идэвх“ илт сэргэсэн, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай удаа дараа мэдэгдсэн, Саарал жагсаалтад багтсан зэрэг мэдээллүүд олон улсын санхүүгийн зах зээлд Монголыг бизнес эрхлэх таатай орны жагсаалтад багтах зайгүй болгоод байгаа. 30 хувь дээр IPO хийлээ гэхэд төрийн мэдэлд байгаа 70 хувь дээр компанийн эрүүл, ёс зүйтэй засаглал байгаа гэдгийг нотлох хамгийн төвөгтэй тулгамдсан асуудал байж мэдэх юм. Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн ордуудын ашиглалтад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, төрийн мэдлийн хувьцааг төлөөлөх зорилгоор байгуулагдсан “Эрдэнэс Монгол” толгой компанид харъяалагдаж байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийг өнгөрсөн онд толгой компанийн мэдлээс гаргаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд харьяалуулсан, яам эрх мэдлийнхээ хүрээнд компанийн ТУЗ-д өөрчлөлт оруулсан зэрэг нь компанийн түүхийг гадна талдаа муугаар харуулах алхам болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж