Хонгконгод Бямба гаригт жагсагчид автозамын хөдөлгөөнийг саатуулж, метроны буудлын хоёр гарцыг галдаж, үйлчилгээний газруудын барилгыг сүйдэлснээр нөхцөл байдал хурцдав. Харин цагдаагийн газраас жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, даралттай ус ашигласан ба мөргөлдөөн, үймээн самууны үеэр 200 орчим хүнийг баривчлан хорьжээ. Тэднийг зөвшөөрөлгүй цуглаан хийж, зэвсэг эзэмшсэн, өмч сүйтгэсэн, нүүрээ халхалсан баг зүүн, жагсаал хийсэн зэрэгт буруутгаж байна. Түүнчлэн шатамхай шингэн бүхий гар аргаар хийсэн 188 тэсрэх бөмбөгийг хураан авчээ. Синьхуа агентлагт мэдээлснээр тэрбумтан Ли Ка Шиний оффисын гадна жагсагчид шатамхай шингэнээр дүүргэсэн лонх зэргийг шидэх зэргээр танхайрсан байна.
Таван сар үргэлжилж буй жагсаал цуглаан, үймээний улмаас Хонгконгийн эдийн засаг гурав дахь улиралдаа хямралд өртөөд байна. Түүнчлэн жагсаал цуглаан өдрөөс өдөрт хүчирхийллийн шинжтэй болсноос орон нутгийн бизнес эрхлэгчид хохирч байгаа аж. Аялал жуулчлалын салбар бараг уналтад орсон гэж хэлж болохоор байна. Учир нь Хонгконгод ирдэг жуулчдын 80 орчим хувь нь эх газрын хятадууд байдаг аж. Хонгконгийн ерөнхийлөн захирагч Кэрри Лам Бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ бослого тэмцэл нь дотоодын болон олон улсын бизнест хохирол учруулж байгааг анхааруулжээ. Өмнө нь тэрбээр Хятадын Наньжин хотноо болсон хурлын үеэр “Хонгконгод хатуу хууль, чин сэтгэлийн ярианы тусламжтайгаар тайван байдалдаа эргэн орж чадна” хэмээн мэдэгдсэн байна. Кэрри Лам ирэх долоо хоногт Шанхайд болох Хятадын олон улсын импортын экспод оролцохоор төлөвлөж байгаа юм. Тус хуралд Хятадын дарга Ши Жиньпин үг хэлэх аж.
Үүний зэрэгцээ Хонгконгод удахгүй дүүргийн зөвлөлийн сонгууль болох аж. Үүнтэй холбоотойгоор Хонгконгийн дээд шүүхээс өнгөрсөн Пүрэв гаригт цахим орчинд хяналт тавих хугацааг дахин долоо хоногоор сунгажээ. Өмнө нь шүүхээс интернетэд бусдыг хүчирхийлэл, вандализмд өдөөн турхирсан пост бичихийг хязгаарлах 15 хоногийн хориг тавьсан юм.
Хонгконгийн жагсаал цуглаан идэвхжих тусам Бээжингийн зүгээс хяналтаа нэмэгдүүлэхийг сануулсаар байна. Тухайлбал, Хятадын талаас хотын боловсролын системээс эхлээд ерөнхийлөн захирагчийг сонгох хүртэл бүх зүйлд хөндлөнгөөс оролцохоо анхааруулжээ. Хятадын Коммунист намын удирдлагуудын зүгээс өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлд хүүхэд залуус, төрийн албаны ажилчдад “эх оронч” үзлийг зааж сургах хатуу арга хэмжээ авахаа дурджээ. Хонгконгийн 7,5 сая ард иргэн өнгөрсөн хугацаанд ерөнхийлөн захирагчаа сонгох эрхгүй боловч бусад эрх чөлөөнийхөө ачаар хотыг олон улсын санхүүгийн төв болгон хөгжүүлж чадсан. Хонгконгийн хагас “ардчилалд” өссөн шинэ үеийнхэн сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид хотод нөлөө, оролцоогоо нэмэгдүүлэх болсныг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Хонгконгод энэ жилийн эхээр Хятадад хэрэгтэн шилжүүлэх хуулийг хэлэлцсэнийг эсэргүүцэн энэхүү жагсаал цуглаан эхэлсэн билээ. Хонгконгод тусгай автономит эрхийг олгосон “нэг улс хоёр систем”-ийн зөвшөөрсөн хугацаа 2047 онд дуусгавар болно.
Холбоотой мэдээ