Ц.Сандуй, 800 хятад, секс скандалтай 7 ХОНОГ

Хуучирсан мэдээ: 2019.11.03-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй, 800 хятад, секс скандалтай 7 ХОНОГ

Ц.Сандуй, 800 хятад, секс скандалтай 7 ХОНОГ

Сэдэвгүй, сенсаацигүй, хэрүүл зодоонгүй долоо хоног гэж Монголд байхаа больсон. Өдөр бүр ямар нэгэн дуулиан цацагдаж, сайн мэдээнээс илүү хар баруун шуугиан давамгайлах болсон манай нийгмийн нэг эмгэнэл гэлтэй.  Долоо хоногийн гол үйл явдал нь Монголд санхүүгийн луйвар хийж байж болзошгүй гэх 800 хятад иргэний баривчилгаа. Үүнтэй зэрэгцээд АМНАТ-ийг цуцалсан  Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр Сангийн сайд болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёрын хэрүүлийн сэдэв болсон.  Алдарт жаран тэрбумын хэргээр Ц.Сандуй ял авсаны араас залгуулаад  Монголын нэрийг секс скандалын хэрэгт хутгасанҮндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын асуудал гээд супер дуулиан ихтэй долоо хоног байлаа. Ингээд энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

800 ОРЧИМ ХЯТАД ИРГЭНИЙГ БАРИВЧЛАВ

Аравдугаар сарын 29-30нд шилжих буюу Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих  шөнө Монголын тагнуул прокурорын ажилтнууд гүйцэтгэх ажиллагаа явуулж санхүүгийн луйвар хийж байж мэдэх 800 хятад иргэнийг илрүүлэв. Тэд "Амар", Ориентал", "Кентавр",  "Юнион" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байжээ. Санхүүгийн том луйвар хийж байж болзошгүй гэх тэдгээр 800 хятад иргэнээс өндөр хурд бүхий  үзүүлэлттэй 1000 гаруй компьютер, 10 мянган гаруй гар утасны симийг тагнуулын хураан авч, Хятад улсын дөрөв,  Монголын нэг иргэнийг энэ хэрэгт холбогдуулан саатуулсан талаар   ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хятад иргэд бөөн, бөөнөөрөө Монгол Улсад орж ирж байгааг манай тагнуулынхан хяналтдаа авсан байна. Тэднээс байцаалт авсны эцэст өчигдөр /2019.11.02/ буюу Бямба гаригт бүгдийг нь албадан буцаасан юм. Тэд Хөх хот болон Эрээний консулаас жуулчны виз авсан болох нь тогтоогдсон.

ЦЭЦ, З.ЭНХБОЛД, Ч.ХҮРЭЛБААТАР

АМНАТ тойрсон хэрүүл улстөр, эдийн засгийн топ сэдэв байлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэнээс ирсэн өргөдөл, гомдлыг хэлэлцээд "47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэсэн тул хүчингүй болгов" гэсэн дүгнэлт гаргасан нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарыг дуэльд дуудлаа.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АМНАТ нь нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл эрхлэхийн эсрэг байсан, "Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хятадын импортлогчдын захиалгаар ажилласан" гэсэн мэдээллийг тэрбээр өгсөн юм. Харин   Сангийн сайд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг улсаа хорлосон шийдвэр гэж үзэж буйгаа илэрхийлсэн.   АМНАТ-ийг хүчингүй болгосон шийдвэрийг уул уурхайнхан, ялангуяа нүүрснийхэн таатай хүлээж аваагүй.  Цэцийн шийдвэрт гайхаж алмайрч байгаа бизнесийнхэн цөөнгүй байлаа.

Ц.САНДУЙ ЯЛ АВЧ, Г.ДОРЖЗОДОВ ГЭМГҮЙ ҮЛДЭВ

Долоо хоногийн бас нэгэн шуугиант үйл явдал нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал байлаа. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж тэдэнд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр дөрвөн жилийн ял оноосон юм. Хэдийгээр прокурорын зүгээс бичлэг 2014 онд хийгдсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болгох саналтай байсан ч шүүхээс 2016 онд бичлэг дэлгэгдсэн гэж үзээд дөрвөн жилээр ялласан нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.  Учир нь шүүх Ерөнхийлөгчийн захиалгаар ажиллалаа гэж хардлага ч дагалдсан билээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа намынхаа генсек Д.Амарбаясгаланд хаяглаж, "Түүний үгээр найз нөхдийг нь ялласан" гэж буруутгасан.  Уг хэрэгт жаран тэрбумын схем зурсан гол хэрэгтэн Г.Доржзодов гэрчээр оролцсон бий.

Түүнийг гэрч биш гэмт хэрэгтэн, адилхан шүүхээс ял авах ёстой хүн гэсэн шүүмжлэл ч олон нийтийн сүлжээнд давамгайлж байна.  Г.Доржзодов Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгад "үйлчилсэн" тул ийнхүү гэмгүй, гавьяагүй үлдэж байгаа бололтой.

 

СЕКС СКАНДАЛ

Баасан гаригт Монголын нэрийг шившигтэй хутгасан мэдээлэл гадаад ертөнцөд цацагдсан нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын нэр холбогдсон сеск скандалын  дуулиан байлаа.  Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн "Корейн Айр" компанийн онгоцоор үйлчлүүлэхдээ 20 гаруй насын үйлчлэгчийн биед хүрсэн гэх асуудал Өмнөд Солонгост ид дуулиан тарьж байна. Түүний үлйдлийг Монголын зарим улстөрч, одод өмөөрч байгаа нь олон нийтийн дургүйцлийг бүр төрүүлсэн.  Инчеоны олон улсын нисэх буудалд түүнийг газардах үед тус улсын хуулийнхан түр саатуулсан аж. Тэрбээр олон улсын хуралд оролцохоор явж байхдаа уг хэрэгт холбогдсон нь Монголд ч шуугиан тарилаа. Цэцийн хэвлэлээс "арын суудлын хүнтэй андуурсан" гэх мэдэгдэл гаргасан нь даарин дээр давс нэмсэн хэрэг болсон билээ.

Б.БАТ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж