НЭМЭЛТ: 18.00 ЦАГ
БНХАУ-ЫН 800 ОРЧИМ ИРГЭНИЙГ АЛБАН ГАРГАХ ГАЛТ ТЭРЭГ 20.40 ЦАГТ ЗАМЫН-ҮҮД РҮҮ ХӨДӨЛНӨ
БНХАУ-ын 800 орчим иргэнийг албадан гаргалаа. Энэхүү ажиллагааг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг болон Гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар зэрэг хуулийн хүчний байгууллага хамтран 800 орчим иргэнийг албадан гаргах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тусгай галт тэрэг 20.40 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд хөдлөх юм.
Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлж буйгаар эдгээр иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм. Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.
Жуулчин (J), бизнес (В) ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгодог бөгөөд жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 637 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авсан байна.
НЭМЭЛТ: 17.30 ЦАГ
ШАЛГАЛТЫН ЯВЦАД 18 ХЯТАД, ГУРВАН МОНГОЛ ИРГЭНИЙГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА
БНХАУ-ын 800 орчим иргэнийг албадан гаргалаа. Энэхүү ажиллагааг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг болон Гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар зэрэг хуулийн хүчний байгууллага хамтран 800 орчим иргэнийг албадан гаргах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Баатархүү “Нэр бүхий зочид буудалд шалгалт хийж, хуяглан төмөр замд хүргэж, холбогдох байгууллага хамтран ажиллаж байна. Тухайн улсын хуулийн байгууллагад цагдаагийн байгууллагын өндөржүүлсэн хамгаалалт дор Замын-Үүд боомтоор хүлээлгэн өгнө. Замдаа ямар нэг зогсолт байхгүй, тусгайлан вагон шууд Замын-Үүд боомтоор гаргана” гэсэн тайлбарыг өглөө. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.
Дээрх иргэд нь 2019 оны наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны визээр орж ирсэн бөгөөд хууль зөрчиж ажил хөдөлмөр эрхэлсэн, цахим мөнгө угаах үйл ажиллагаа явуулж байсан байж болзошгүй гэж саатуулан, ийнхүү албадан гаргаж байгаа юм. Тэднийг удирдан зохион байгуулсан хэргээр нэг монгол улсын иргэн, дөрвөн БНХАУ-ын иргэнийг саатуулан, шалгаж байгаа юм. Мөн хэргийн шалгалтын явцад өчигдөр БНХАУ-ын 14 иргэн, Монголын хоёр иргэнийг саатуулсан байна.
Сануулахад, 2019 онд хууль бусаар Монгол улсад амьдарч, ажиллаж байсан 1100 орчим БНХАУ-ын иргэдийг албан гаргасан байна.
НЭМЭЛТ: 16.00 ЦАГ
800 ОРЧИМ ИРГЭДИЙГ ХУЯГЛАН ХАМГААЛЖ, ГАЛТ ТЭРГЭНД СУУЛГАЖ БАЙНА
БНХАУ-ын иргэдийг албадан гаргах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Төмөр замын депо орчимд эхний хүмүүс ирсэн бөгөөд албаныхан бичиг баримтыг нь нагталж, вагонд суулгах ажиллагаа үргэлжилж байна.
БНХАУ-ЫН 800 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
НЭМЭЛТ: 15.00 ЦАГ
Яг одоо БНХАУ-ын 800 гаруй иргэдийг албадан гаргахаар Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион" зэрэг газруудаас цагдаагийн өндөр хамгаалттайгаар Төмөр замд хүргэхээр хуулийн байгууллага ажиллаж байна. Тэднийг албадан гаргахаар Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох хуулийн байгууллага хамтран тусгай автобусаар зөөвөрлөж, вагонд суулган нутаг буцаах юм байна.
БНХАУ-ЫН 800 ИРГЭНИЙГ ӨНӨӨДӨР АЛБАДАН ГАРГАНА
Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтран аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион", зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 800 иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулах ажиллагааг зохион байгуулсан.
Хууль, хяналтын байгууллагынхан энэ хууль бус ажиллагааны талаарх мэдээллийг өнгөрсөн наймдугаар сараас авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 80 хүн орж ирснээс хойш хүний тоо аажмаар өссөөр 800-д хүрсэн талаар олон нийтэд мэдээлсэн.
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл мэдээлэл өгөхдөө "Яг одоогийн байдлаар нийтдээ 800 гаруй БНХАУ-ын иргэнийг шалгаж байна. Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цөөн тоогоор манай улсад нэвтэрсэн. БНХАУ-ын иргэд Монголд орж ирсний дараа цахим орчинд ямар нөхцөл үүсдэг талаар бид судалгаа хийж, наймдугаар сараас хойш ажигласан. Дараагийн саруудад эхний ээлжинд 80 хүн гэх мэтээр өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс нь саатуулагдсан, одоо байцаалт өгч байгаа. Эдгээр иргэдийг зохион байгуулж, орон байраар хангах, ажиллах нөхцөлөөр хангаж байсан.
Тэд 1000 гаруй компьютер, 10 мянга орчим гар утасны сим хэрэглэж байсан. Бидний хяналтад байгаа учраас энэнд айж, эмээх зүйл байхгүй. Цахим ертөнцөд аюулгүй байдал үүсгэж болзошгүй учраас Тагнуулын ерөнхий газар ажилласан, ажиллаад явж байна. Өнөөдрийн байдлаар мөнгө угаахтай тэмцэх хэмжээнд хүрсэн. Мөнгө угаах гэдэг нь цахим тоглоом болон өөр олон төрлөөр явагдана. Шалгалт одоо үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 800 гаруй хүнийг саатуулах боломжгүй учраас өөрсдийнх нь буудаллаж байгаа байранд байлгаж, байцаалт мэдээлэл аваад явж байна. Мөн эдгээр иргэд нь жуулчны визээр орж ирээд ажил хийсэн учраас хууль бус үйлдэл болж байгаа учраас албадан гаргах боломжтой" гэсэн юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Г.БИЛГҮҮН
А.СҮРЭН
Холбоотой мэдээ