Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний оронд шинээр тус зөвлөлийн гишүүнээр томилогдсон Л.Атарцэцэг тус зөвлөлийг түр ахлах юм байна. Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д "Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг зөвлөлийн тамгыг гардаж авсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг тамгаа гардаж авахдаа "Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан ажилласан зургаан жилийн хугацаанд шүүхийн нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө ажилласан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдэд талархал илэрхийлье. Шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлж, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын төлөө хүнд үед ажиллаж өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн нь нэрт хуульч, профессор Н.Лүндэндоржийн гавьяа. Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Ажлын албаны хамт олонтойгоо энэ зорилгыг үргэлжлүүлэхийн төлөө ажиллана. Та бүхний хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллана” гэдгээ тодотгожээ.
Сануулахад, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн тавдугаар сард дуусгавар болсон бөгөөд өнгөрч буй долоо хоногт түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Хуулийн дагуу ШЕЗ-ийн дарга нэг удаа улиран томилогддог бөгөөд Н.Лүндэндорж нь нэг удаа улиран томилогдсон байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ