Засгийн газрын харьяа 11-11 төвд одоогийн байдлаар 30 гаруй санал хүсэлт иргэдээс иржээ. Тухайлбал, №1509095801 дугаарын зочин бага ангийн сурах бичиг хүрэлцээ муутай тараагдаж байгаа гомдлыг мэдүүлжээ. Энэ тухай тэрээр “Нийслэлийн 65-р сургуулийн бага ангид хэдхэн ном тарааж өгчөөд бусдыг нь өөрсдөө ол гэх юм. Улсаас номыг нь өгнө гэсэн. Үүнд арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Сайдын цаг” уулзалтад оролцох үеэрээ бага ангийн сурах бичгийг сургуулиар нь дамжуулан үнэ төлбөргүй олгоно. Харин бусад нь сурах бичгийг худалдан авах боломжтой. Сурах бичгийн дундаж үнэ 2500-2600 төгрөг байна” гэдэг мэдээллийг өгч байсан юм.
Мөн “Буянт-Ухаа-2” хороололд орон сууц захиалж, Төрийн орон сууцны корпораци/ТОСК/-д бүртгэлээ хийлгэсэн иргэн банкин дээр ирээд гацаж байгаагаа гомдолложээ. Банкны зүгээс “Журам ирээгүй” гэдэг тайлбар хийж буй аж. Энэ талаар №1509096011 зочин “Буянт ухаа- 2” хороололд хамрагдахаар ТОСК-д материалаа өгсөн. Үүний дагуу банкинд очихоор журам нь ирээгүй гэж байна. ТОСК 5 хоногийн дотор гэж заасан байж яагаад банкин дээрээ журам нь очоогүй байгаа юм бэ?. Ямар ч уялдаагүй ажиллаад байна. Үүнд хариу өгнө үү” гэжээ.
Бусад гомдлын тухайд №1509098957 дугаартай зочин “Хан-Уул дүүргийн замаар явж байхад замын цагдаа зогсоосон. Татварын газраас жишиг татвараа төлөөгүй байна гэж бичиг баримт хурааж байна. Маргааш нь татварын газарт очиход 2 жил төлөөгүй байна 150.000 төгрөг төлж ав гэж байна. Би саяхан пронтер авсан. Энэ жишиг татварын талаар мэдээлэл гарч байгаагүй гэнэт татвар нэхэж байгаа нь ямар учиртай юм бэ?.
№1509095291 Чиглэл 2 буюу “Шархад-3,4 хороолол” автобус графикын дагуу огт явахгүй байна. Хэдэн хоног өглөө автобусыг 20-30 минут хулээж байна. Жолоочид гомдол хэлэх гэхээр элдэв янзаар доромжилно, үйлчилгээнд гарч байгаа бол хүмүүстэй соёлтой харьцмаар байна. Мөн явж байгаа автобуснууд ын сандал хиртэй, сандал болгон бэхлэгдээгүй, бариул нь гүйцэд биш, байна.
№1509098260 2009 онд төрсөн хүүхдийг хувийн сургуульд элсүүлэн оруулсан. Энэ жил 83-р сургуульд хоёрдугаар ангид оруулах гэсэн авахгүй гэж байна. Энэ жил ахиад нэгдүгээр ангид нь ахиад сургах боломжтой гэж байна. Дунд нь хүүхэд хохирч байна. Ийм тохиолдолд яах ёстой вэ? Гэхчлэн олон асуудлаар санал хүсэлт гаргасан байна.
Г.ХОРОЛ