Хүмүүсийн “Хүндэт харуулын анги” хэмээн нэрлэдэг Зэвсэгт хүчний 032 дугаар анги өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг тэргүүтэй хотын удирдлагууд оролцож, тус ангид алба хааж буй цэргүүдийн амьдрал ахуйтай танилцсан байна. Ардын хувьсгалтай нас чацуу, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит энэхүү ангид алба хааж буй эрчүүдийн тал хувь нь Улаанбаатар хотын харьяат ажээ. Тиймээс цэргийн алба хааж буй нийслэлийн иргэдээ зэвсэгт хүчний ойн баярыг тохиолдуулан сэтгэлийн дэм өгөх үүднээс хотынхон зочилсон байна.Хүндэт харуул гэдэг Богд хааны үеэс төрийн ёслол, харуул хамгаалалтаас улбаатай ажээ. Тус ангийн хүндэт харуулууд гадаадын зочид төлөөлөгчидтэй хамгийн түрүүнд нүүр тулан учирч, Монгол Улсын болон Зэвсэгт хүчний нүүр царай болж байдаг. Тиймээс ч тус ангид алба хаах цэрэг эрсийг бие бялдар, эрүүл мэнд төдийгүй нүүр царай, хүмүүжлийн шалгуураар шигшиж авдаг юм байна. Гарамгай баатар Л.Дандар, Дархан аварга Д.Дамдин, бурханч лам Б.Пүрэвбат гээд олон алдартнуудыг төрүүлсэн тус анги төрийн болон цэргийн ёслолоос гадна БХЯ, ЗХЖШ-ын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. 1974 онд 1000 дахь ёслолоо гүйцэтгэснээс хойш 1995 онд 2000 дахь, 2009 оны 3 дугаар сарын 18-нд 3000 дахь, харин энэ он гарсаар 15 дахь удаагийн ёслолын ажиллагаанд оролцоод байгаа ажээ. “Торгон цэрэг”-үүдийн амьдрал ахуйтай танилцсан хотын удирдлагууд мэдээллийн гол эх үүсвэр болсон зурагтыг нь шинэчилж өгчээ.
Д.Цээпил