Ерөнхийлөгч Ц.Нямдоржийн хүү, ГХЯ-ны төрийн нарийн бичиг нарыг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2019.11.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Нямдоржийн хүү, ГХЯ-ны төрийн нарийн бичиг нарыг дэмжсэнгүй

Ерөнхийлөгч Ц.Нямдоржийн хүү, ГХЯ-ны төрийн нарийн бичиг нарыг дэмжсэнгүй

УДТАЛ “ДУНШСАН” ЭЛЧИН САЙДУУД ТОМИЛОГДОНО

Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарын томилгоо улс төрийн хүрээнд гацаанд байгаа билээ. Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын хооронд тохиролцож чадахгүйгээс ийнхүү хэд хэдэн улсад суух Элчин сайд нарыг томилоогүй байсан. Тэгвэл өнгөрч буй долоо хоногт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийсний дүнд зургаан улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татах,  томилохыг Ерөнхийлөгч дэмжиж, УИХ-д зөвшилцөх саналаа өчигдөр хүргүүлэв.

Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн тавдугаар сард нийтдээ долоон Элчин сайдыг томилох санал хүргүүлсэн бөгөөд тэр дунд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Анхбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Ж.Сэржжав нарын нэрс байсан ч энэ удаагийн зөвшилцөх саналд тэднийг дурдаагүй байна.

ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧИД ХЭН БЭ?

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг 2019 оны дөрөвдүгээр сард эгүүлэн татах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж байсан. Түүнээс хойш тус улсад суух Элчин сайдын суудалгүй эзгүй байсан юм. Тэгвэл тус улсад  Д.Даваа, томилохоор болсон бөгөөд түүнийг Ерөнхийлөгчийн “хүн” гэдэг. Учир нь тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа юм.  Тэрбээр 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 19 97 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар ажиллаж байжээ.


Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаярыг эгүүлэн татаж, түүний оронд Ш.Батцэцэгийг томилох санал хүргүүлжээ. Тэрбээр 2016-2017 оны хооронд Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм. Ерөнхийлөгчийн дэмжиж буй хоёр дахь хүн бол Ш.Батцэцэг. Тэрбээр 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан.


Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батааг эгүүлэн татаж түүний оронд Б.Доржийг томилох аж.  Б.Дорж нь Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга, Европын газрын газрын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай дипломатч, яруу найрагч. Дууны шүлгээс хамгийн алдаршсан нь Польшид байхдаа бичсэн "Чингис" хаан хамтлагийн "Харийн нутаг давчдаад байна" дуу юм. Тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 1989 оноос эхлэн ГХЯ-нд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байжээ. Тэрбээр 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байгаа юм байна.


Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүнийг эгүүлэн татаж, түүний оронд  А.Төмөрийг томилох санал хүргүүлэв. Түүнийг Д.Цогтбаатар сайдын ойрын хүн гэх яриа байдаг. Тэрбээр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. 2003 оноос Гадаад харилцааны яаманд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 2014 оноос хойш ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна.


 

Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан ажиллаж байхад нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эгүүлэн татах шийдвэр гаргасан. Түүний дараа тус Улсад суух Элчин сайдаар 2018 оны есдүгээр сард О.Энхцэцэгийн томилсон. Гэвч хоёрхон сарын дараа тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. Тэгвэл тус Улсад суух Элчин сайд О.Энхцэцэгийн мөн эгүүлэн татаж, түүний оронд Т.Жанабазарыг томилох гэнэ. Тэрбээр 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд цолтой юм. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2015 оноос Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.


Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболдыг эгүүлэн татаж, түүний оронд Воршиловын Энхболдыг томилох саналаа хүргүүлжээ. Тэрбээр 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх БТГ-т III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж