News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
"800 ХЯТАД ИРГЭНИЙ АСУУДАЛ МОНГОЛЫН ТӨРД ӨГСӨН МАШ ТОМ САНУУЛГА"
АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-БНХАУ-ын 800 орчим иргэн манай улсад хууль бус гэмт хэрэг хийсэн байж болзошгүй үйлдлийг хуулийн байгууллага гүйцэтгэх ажиллагаагаар илрүүлж, одоогоор шалгах үйл явц явагдаж байна. Болж өрнөсөн уг үйл явдалд АН ямар дүгнэлт хийж байна вэ?
– Улс орны үндэсний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа нь сул, хариуцлагагүй байгааг харуулсан үйл явдал боллоо. Анхнаас нь манай улсад орж ирэхэд нь яагаад хяналт тавиагүй юм, бүртгэл судалгаа дутмаг, яахаараа нэг газар олноороо цугларч, их хэмжээний IT тоног төхөөрөмжүүдийг юунд ашиглаж байв гэх мэт энэ олон асуултын хариултад холбогдох хууль хяналтын байгууллагууд нь хариулт өгөх байх. Өнөөгийн Засгийн газрын хариуцлагагүй байдлыг илэрхийлсэн сонгодог жишээ. Хэрэв эзэнтэй, хуультай улс орон байсан бол ийм зүйл гарахгүй. Олноороо зохион байгуулалттай хууль зөрчсөн, аливаа үйл ажиллагаа хийх нь бүү хэл тухайн улс руу зорчих виз гаргуулахын тулд бүтэлгүйтдэг явдал өдөр бүр иргэдэд тулгарч байгаа. АНУ шиг биш юмаа гэхэд ядаж тусгаар улс, хууль хяналттай улс юм бол арай л өөр байдлаар асуудалд хандах ёстой. Хяналт тавьдаг байгууллагууд нь шалгаад асуудлыг тодорхой болгох байх. Энэ бол Монголын төрд өгч байгаа маш том дохио. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах хэмжээнд байж чадахгүй байна шүү гэдгийг харуулсан сануулга боллоо. Ард иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрх нь үндсэндээ алдагдлаа.
-Ажиллагааны явцад Монголын үүрэн холбооны операторуудын 10 мянга орчим дугаар хурааж авсан. Энэ нь үүрэн телефоны компаниуд хяналтгүй дугаар олгодог байдал замбараагүй болсныг илтгэх байх?
-Тийм ээ. Хууль хяналтын байгууллагууд болон IT компаниуд маш сул байна. Тэдний бүртгэл судалгаа доогуур түвшинд байна. Шууд хэлэхэд, Засгийн газар, ХЗДХЯ, түүний харьяа байгууллагууд үндсэндээ маш сул ажилладгийг харууллаа. Цаашид хяналт, шалгалтаа чангатгах ёстой. Бид ямар хоёр том гүрний дунд оршиж байгаа билээ гэдгээ тооцох хэрэгтэй. Хэтэрхий задгай, хариуцлагагүй байгаагийн жишээ.
УИХ-д Цахим бодлогын түр хороо хүртэл байгуулагдсан. Гэтэл өнөөг хүртэл үр дүн гарсан юм алга. Өнөөдөр цахим хэрэгслээр бусдыг гүтгэх, харлуулах явдал гэмт хэрэг биш болсон. Хэн дуртай нь бусдыг дураараа гүтгэдэг явдалд хэн ч хариуцлага тооцдоггүй. Сүүлдээ Зөрчлийн хуулиар торгуулийн шийтгэл оноосон төдий өнгөрч байгаа нь бусдыг зохион байгуулалттайгаар гүтгэдэг бүлэг этгээдүүдэд маш том боломжийг олгож байгаа. Хувь хүний нэр хүндийг хамгаалах, эрх чөлөөг хамгаалах нь ардчилсан улс орны хамгийн чухал асуудал. Манай намын үзэл баримтлалд ч гэсэн хувь хүний эрх чөлөөг, хуулийн засаглалыг, хувийн өмчийг дээдэлнэ гэж тусгасан. Гэвч өнөөдөр нийгэмд байдал эсрэгээрээ хувь хүний өмчид хамаагүй халдаж байна. Хууль хэрэгжиж байгаа тохиолдол тун ховор. Хэн нэгэн дарга гарч ирээд үг хэлэхэд тэр нь хууль шиг хэрэгждэг атлаа хууль нь хуулийнхаа дагуу хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Б.ЖАВХЛАН: ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ДУУСГАХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–FATF-аас Монгол Улсын саарал жагсаалтад оруулсан. Саарал жагсаалт тойрсон маш олон асуудал эргэлзээ, хариуцлагын тухай ид яригдаж байна. Гэхдээ хэн нэгэнд хариуцлага тооцохоос илүүтэй хамгийн гол зорилго нь саарал жагсаалтаас богино хугацаанд эдийн засгийн хохирол багатай даван туулахыг ярих ёстой болов уу?
-Гол асуудал нь саарал жагсаалтаас аль болох эдийн засагтаа хүндрэл багатайгаар хурдан хугацаанд гарах юм. Саарал жагсаалтад оруулсан дөрвөн шалтгааныг FATF зарласан. Тэр дөрвөн шалтгаан дээр бид ажиллах ёстой. Энэ дөрвөн шалтгааны ард нь хариуцаж ажиллах институциуд нь маш тодорхой байгаа. Энэ бол бидний хувьд маш том сургамж. Саарал жагсаалт гэдгийг агуулгаар нь маш сайн ойлгож авах ёстой. Хэн нэг хувь хүний асуудал биш. Улс орны бүхэл бүтэн системийн асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс гүрэнд эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт маш хүчтэй явагдаж байгаа. Мөнгө угаалтын эсрэг, хүн төрлөхтний эсрэг заналхийлдэг терроризм, үйл олноор хөнөөх зэвсгийн эсрэг бүгдээрээ нийлж, нэг дүрмээр тэмцдэг болсон. Ингэж тэмцэхдээ улс орон бүр өөр өөрсдийн системээрээ тэмцдэг. Монголын болохоор ганц нэг байгууллага, хувь улстөрчид тохоод өнгөрөх биш с системээ, тогтолцоо ярих цаг болж. Бид дэлхийн улс орнуудтай хамтарч тэмцэх ёстой гэдгийг маш сайн ойлгож авах ёстой. Энэ удаад щхарилцан хамтарч ажиллаж байж саарал жагсаалтаас ойрын хугацаанд гарна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, шүүх тогтолцоо, Засгийн газар, УИХ-ын харьяа хүчний байгууллага болох АТГ, цагдаа, Тагнуулын ерөнхий газар гээд бүгд хамтарч ажиллаж байж саарал жагсаалтаас богино гарна. Түүнээс энэ удаагийн саарал жагсаалтад манай асуудал ороогүй, манайд хамаагүй гэж хандах бус бүгдээрээ хамтарч ажиллах нь чухал. Мөн энэ тогтолцоо өөрөө хоорондоо маш сайн ойлголцож, хамтарч ажиллаж байж цаашид урт хугацаанд саарал жагсаалтад орохгүй байх тэр найдвартай флатпормийг бий болгох ёстой. 2011-2014 онд саарал жагсаалтад байсан, гарсан. Түүнээс хойш тогтолцоо, системээрээ хамтарч ажиллаж чадаагүйн хар гай одоо гарч ирж байна. Хэн нэгнээс буруу хайхаас илүүтэй систем, тогтолцоогоороо яригдаж байх ёстой асуудал бол саарал жагсаалт гэдгийг л ойлгох нь чухал.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"БОЛЗООНЫ ХҮЧИРХИЙЛЭЛД ОХИД ИХЭВЧЛЭН ӨРТӨЖ БАЙНА"
Цагдаагийн байгууллагын мэдээллээр бэлгийн хүчирхийлэлд өртөх охидын тоо жил бүр өсч байна. Тухайлбал, 2018 оны байдлаар 218 охин 8-17 насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, 3500 орчим нь өсвөр насандаа ээж болжээ.
"Хөөрхөн зүрхнүүд" төрийн бус байгууллага нь 2012 оноос эхлэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүдэд нөхөн сэргээх эмчилгээ үзүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд хүчирхийлэлд өртсөн 100 гаруй охидод сэтгэл зүйн туслалцаа үзүүлсэн байна. Иймээс хохирогчдын сэтгэл санааны байдал, тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийн талаар тус төрийн бус байгууллагын ерөнхий зохицуулагч Б.Оюундарьтай дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе.
-“Хөөрхөн зүрхнүүд” төрийн бус байгууллагад өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэчнээн охид хандсан бэ. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Манай төрийн бус байгууллага 2012 оноос хойш бэлгийн хүчирхийлэлд өртсөн буюу 18-аас доош насны эрэгтэй, эмэгтэй хохирогч хүүхдүүдэд нөхөн сэргээх нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 2018 оны тухайд 30 гаруй хохирогч хандсан бол тогтвортой, урт хугацаагаар сэтгэл зүйн туслалцаа авсан 25 тохиолдол бий. Энэ он гарсаар бид 23 хэрэг дээр ажиллаж байна. Тэдгээр хүүхдийн 40 орчим хувь нь бага насны хүүхэд байна. Гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдийн 70-80 хувь нь ураг төрлийн бэлгийн хүчирхийллийн хохирогч буюу төрөл садан, хамаатан садан ойр дотны таньдаг, тухайн хүүхдийн итгэлийг олж авсан ийм хүмүүс хүчирхийлэл үйлдсэн байдаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
МИНИМАЛ АМЬДРАХЫН ТУЛД ХАМГИЙН ТҮРҮҮНД ӨӨРТЭЙГЭЭ ЯРИЛЦ
Блоггер, стилист П.Оюунтөгс буюу Оюутай минималист хэв маягийн талаар ярилцлаа.
-Минималист хэв маяг гэж чухам юу вэ, үүнийг амьдралд хэрэгжүүлснээр ямар үр ашигтай вэ?
-Хэв маягийн хүрээнд яривал минималист байх нь ердөө л энгийн байх тухай юм. Гоо зүй, урлаг талаасаа ч минималист хэв шинжийг энгийн дизайнаар тайлбарлаж болдог. Заримдаа бид материалын хамаарал, эд баялгийн өрсөлдөөн дунд өөрсдийн хамгийн чухал зүйлсээ орхигдуулдаг.
Харин орчин үед хүмүүс илүү чухал зүйлдээ ач холбогдол өгөхийг илүүд үздэг болжээ. Хэдийгээр чухал зүйлсийн тухай ойлголт хүн бүхний хувьд харилцан адилгүй боловч амар тайван, аз жаргалтай, хайртай хүмүүстэйгээ хамт байх гэх мэт энгийн зүйлс бүхнээс илүү чухал юм.
Тиймээс товчдоо бол эд материалын хамаарлаас гарч, эдгээрт зарцуулж байгаа цаг хугацаа, энерги, мөнгө энэ бүхнийг өөрийн чухал зүйлсдээ зарцуулах нь хамгийн том үр ашиг гэж бодож байна. Материалын хамаарал гэж хэлээд байгаа нь бид ямар нэг байдлаар угаагаагүй хувцас, эд зүйлс овоорсон ширээ гэх зэрэгт өөрсдийн сэтгэлзүйгээрээ “уяатай” байдаг. Амралтын нэг өдөр найзуудтайгаа салхинд гарна гэвч гэрээ цэвэрлэх, хувцсаа угаах ажилд дарагдаж үлддэг олон жишээг би мэднэ. Би өөрөө ч тэдний нэг байсан. Тэгэхээр өөрийн худалдаж авсан эд зүйлстээ өөрийн эрх чөлөөгөө хааж боолгох бус өөрийнхөө цагийг өөртөө зориулах тухай, эрх чөлөөтэй байх тухай л ойлголт юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"АРДЧИЛСАН ХУВЬСГАЛД МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН"
Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн 1990 оны Ардчилсан хувьсгалд нэг айлын зургаан хүүхэд оролцож байжээ. Үүнээс бид тухайн цаг үеийн нийгмийн амьдралд өөрчлөлт, шинэчлэлт хэчнээн чухал байсныг мэдэж болно. Одоо ч тэд итгэл үнэмшилдээ үнэнч хэвээр. Үсэнд нь буурал суусан ч үзэл бодол нь өөрчлөгдсөнгүй. Үүнийг гэрчлэх ах, дүү зургаагийн нэг бол Ардчилсан хувьсгалын анхны партизан Шаравдоржийн Төмөрбаатар. Түүнтэй уулзаж 30 жилийн өмнөх дурсамжийг эргэн сөхлөө.
-Нэг айлын зургаан хүүхэд ардчилсан хувьсгалд зүтгэж явсан гэхээр анхаарал татлаа. Аав ээж, ах дүү нараа эхлээд бидэнд танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл наймуулаа. Таван хүү, нэг охинтой айл. Аав маань насаараа холбоонд ажилласан хүн. Сүүлд яаманд хэлтсийн дарга хүртэл хийж байв. Харин ээж маань сургуульд багшилдаг байлаа. Манай партизанууд мэдэж байгаа даа. Том ах Алтангэрэл маань тухайн үед барилгын СОТ2-ын СМУ-ийн дарга байв. Бараг л сайдын хэмжээний цалинтай байсан. Харин Баяраа дүү маань "Говь" комбинатад Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах хэлтсийн инженер. Удаах дүү Баярсайхан барилга монтажид ажиллаж байв. Хамгийн бага дүү Түвдэндорж сүүлд Батлан хамгаалахын сайд хийж байсан шүү дээ. Би өөрөө Политехникийн дээд сургууль төгсөөд Телефон Радио Ашиглалтын улсын хороонд ажиллаж байлаа.
-Аав, ээж тань сэхээтэн хүмүүс. Ах дүү зургаа бүгд тухайн үед өндөр цалинтай боломжийн ажил хийдэг байж. Яагаад ардчилсан хувьсгалд оролцсон юм бэ?
-1984 онд Зөвлөлт холбоот улсын Ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачёв болсон шүү дээ. Үүнээс хойш залуус аажимдаа сэргэж, өөрчлөн байгуулалт явагдаж эхэлсэн. Энэ байдал манайд ч нөлөөлсөн. “Гал тогооны хувьсгал” гэдэг шиг энд тэнд залуус хэд гурваараа нийлж, нууцаар үйл ажиллагаа явуулдаг байсан үе. Ингэж яваад л 1989 онд Уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнөөр тэсэрч, хүрээгээ тэлсэн байдаг юм. Миний хувьд хоёр дахь цуглаанаас оролцож эхэлсэн. Нэг зүйл онцолж хэлэхэд Ардчилсан хувьсгалд маш олон хүн гавьяатай. Яах вэ, бид хэдэн дарга нарыг л яриад байдаг. Гэтэл арын албанд олон хүн үзэл бодолдоо үнэнч зүтгэж байсан юм шүү. Биднийг хөдөө орон нутгаар их явуулна. Ард иргэдэд ардчилсан хувьсгалыг ухуулан таниулах гэж би жишээ нь арав гаруй аймгаар явсан байдаг. Улаанбаатар хотод хүртэл албан газруудаар явж яриа хийнэ. Тэр бүү хэл Шинжлэх ухааны академи дээр очоод баахан эрдэмтдийн өмнө лекц уншиж байлаа. Одоо бодоход санаа зовмоор, юугаа ч ярьдаг байсан юм. Ийм л итгэл үнэмшилдээ үнэнч, зоригтой залуус байлаа. Нэг сонин юм ярихад 2000 онд би Удирдлагын академид сурч байхад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид гуай “Ардчилсан хувьсгалд Монголын бүх ард түмэн оролцсон. Зарим нь зогсоох гэж оролцсон бол зарим нь түрж, нөгөө хэсэг нь чирч оролцсон” гэж хэлж байсан. Энэ бол үнэн. Монголчууд бүгд ямар нэгэн байдлаар ардчилсан хувьсгалыг бий болгосон.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
РЕППЕР THUNDERZ: СЭТГЭЛЭЭСЭЭ БАЙХ НЬ НЭГ НОМЕРТ
“Ахиж хоёулаа муудахгүй шүү”, “Байгаагаар минь хүлээн авах уу”, “Нэг л үхнэ” зэрэг нийгмийг зөв зүйлд уриалсан, эерэг хандлагатай дуугаараа ялгарч буй реппер бол Thunderz. Түүний жинхэнэ нэрийг Б.Өлзий-Учрал гэдэг. Өсвөр үеийнхний дунд өөрийн уран бүтээлээрээ танил болсон тэрбээр реппер болохоосоо өмнө үндэсний бөхийн спортоор хичээллэдэг байсан гэнэ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
–Хүмүүс Thunderz нэрний утга учрыг мэдэхийг хүсч байгаа байх. Ямар утга санаа илэрхийлсэн нэр вэ?
-Англиар “Thunder” гэдэг нь аянга цахилгаан гэсэн утгатай үг. Миний хувьд энэ утгаар нь уран бүтээлчийн нэрээ өгөөгүй. Би Монгол Улсын их сургуулийг төгссөн. Тухайн үед их сургуулийн 70 жилийн ойн баярын арга хэмжээнд дуулахад үеийнхэн маань намайг “Thunder” /Тундер/ гэж хочилдог байсан. Учир нь би дандаа малгайтай цамц, аляска курткатай явдаг байсан болохоор тэгж нэрлэсэн байх. Тэр нэрээрээ гудамжны реп дэмбээнд оролцохоор нэрээ бүртгүүлсэн чинь Thunder /Тандер/ гэж дуудаад л ийм нэртэй болсон. Тэрнээс биш бодож өгсөн, гүн утга агуулгатай нэр биш л дээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"МАНАЙ ОХИНД НЭГ ОЧ ГЯЛАЛЗААД БАЙДАГ ЮМ"
“Х–ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүүтэй ярилцлаа. Тэрбээр кино театруудаар нээлтээ хийгээд удаагүй байгаа “Хөөрхөн ээжтэй охин” инээдмийн уран сайхны кинонд охинтойгоо хамт тоглосон билээ. Тэрбээр “Охин маань зураг авалтын үеэр жүжиглэлтээрээ байнга гайхашруулж байсан. Одоо дөнгөж долоохон настай байж сүрхий жүжиглээд байхаар хүмүүс “Хэдэн жил охиныгоо бэлтгэсэн бэ” гэж хүртэл асуусан” хэмээн ярьсан юм. Ингээд түүнийг тун завгүй явахад нь цаг товлон уулзаж, ярилцсанаа хүргэе.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Утсаар холбогдоход тун завгүй байна гэж байсан. Уран бүтээлийн ажлаар гадуур ажил амжуулж явна уу?
-“Хөөрхөн ээжтэй охин” уран сайхны киногоо хийгээд дууссан. Одоо орон нутгийн үзэгчдэдээ зориулан кино театруудаар цацах гэж байна. Тиймээс киноны маань реклам сурталчилгаа, хэвлэлийн дизайн, телевизийн ярилцлага гээд завгүй ажилтай явна. Мөн Дархан, Эрдэнэт хот руу киноны ажлаар явах учраас машиндаа үйлчилгээ хийлгэж, аюулгүй байдлаа хангахгүй бол болохгүй. Ихэнх нутгаар цас орж, хүйтэрч байна шүү дээ.
Түүнээс гадна БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудаас “Хөөрхөн ээжтэй охин” киногоо хүргээч ээ” гэдэг хүсэлтийг ирүүлсэн. Тэгээд зохион байгуулдаг нэг компанитай хамтран ажиллахаар болж, Гадаад харилцааны яамны зөвшөөрлийн бичиг баримт хөөцөлдөх гээд ажил их байна. Чадвал арваннэгдүгээр сарын дундуур БНСУ-ад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа киногоо хүргэнэ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
А.БАДАМЛЯНХУА: БИ ЭХ ОРНОО МУУ ХЭЛЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ
Канад улсын Ванкувер хотын "Vancouver film school"-ыг телевиз киноны жүжигчин мэргэжлээр төгссөн, англи, испани хэлтэй шинэ залуу жүжигчин А.Бадамлянхуатай ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Cool аав” уран сайхны киноны гол дүрд тоглосон юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Шинэ залуу жүжигчин бүсгүй өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг А.Бадамлянхуа гэдэг. Одоо 22 настай. Би Канад улсын Ванкувер хотын "Vancouver film school"-ыг телевиз киноны жүжигчин мэргэжлээр төгссөн. Мөн тэнд бизнес менежментийн чиглэлээр суралцсан байгаа. Эх орондоо өнгөрөгч дөрөвдүгээр сард ирлээ. Хоёр долоо хоногийн өмнө Монгол дахь олон улсын зар сурталчилгааны Франц компанид ажилд орсон. Миний хувьд уран бүтээл, ажил хоёроо аль алийг нь амжуулах гээд л хичээж явна.
-Ажлынхаа хажуугаар “Cool аав” хэмээх уран сайхны кинонд тоглоод завгүй явна гэж байсан. Энэ кинонд тоглох болсон тухайгаа яриач?
-Монголдоо ирээд анхныхаа гол дүрийн уран сайхны кинондоо тоглолоо. Сэтгэгдэл маш сайхан байна. Анх эх орондоо ирэхэд Монголд “Hollywood in Mongolia” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестиваль болж байсан. Тэр фестивальд оролцож, олон сайхан уран бүтээлч, найруулагч болон продюсеруудтай танилцсан. Дараагаар нь ажлын шугамаар жүжигчин, найруулагч Г.Анхбаяр ахтай танилцаж, намайг “Огтлолцол” уран сайхны киноны туслах дүр дээр авч ажлуулсан. Энэ киноныхоо багийнхантайгаа танилцаж, олон сайхан найзтай болсон. Үүний дараагаар “Оранж” энтертэйнмент болон Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү ахын “Хүүк” фильмийн хамтарсан “Cool аав” уран сайхны кинонд тоглох боломж олдсон. Уг киноны нээлт арваннэгдүгээр сарын 8-нд болно.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Холбоотой мэдээ