Бид чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Бид чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахаар ажиллаж байна

Бид чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахаар ажиллаж байна

Үндэсний шуудан сонины 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаарт “Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй эрх мэдэлтнүүд хэн бэ” нэртэй нийтлэл гарсан нь ikon.mn  n24.mn  зэрэг хэд хэдэн цахим хуудаст нийтлэгдсэн. Энэ тухай Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшингээс тодрууллаа.


Өчигдрийн Үндэсний шуудан сонинд Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл гарсан. Тухайн мэдээлэл хэр үндэслэлтэй вэ, маш олон газар зээлээ төлөөгүй гэсэн мэдээлэл байсан ?

Өчигдрийн сонин дээр гарсан нийтлэлийг уншсан. Та бүхэн анзаарсан бол 2016 онд МУХБ-нд Засгийн газраас хийж байсан шалгалтын мэдээллүүд байна лээ. Тоонууд нь тухайн үеийн зээлийн үлдэгдэл багцын мэдээлэл байсан. Түүнээс хойш гурван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд зээлээ бүрэн төлж дуусагасан аж ахуйн нэгжүүд байгаа. 2016 оноос хойш Хөгжлийн банкны баланс, зээлийн багц, хууль дүрэм дээр ихээхэн өөрчлөлтүүд орсон. Тухайлбал 2016 онд МУХБ-ны зээлийн багц 6 их наяд төгрөг байсан. Үүнээс 3,3 их наяд нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 350 гаруй төсөл хөтөлбөр байсан. 1600 гаруй ААН-ийн 1,2 их наяд төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл байсан. Мөн Хөгжлийн банкнаас 17 төсөл хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийг шууд  олгосон байсан. Банк 2016 оны жилийн эцсээр улсын төсөвтэй холбоотой бүх төсөл хөтөлбөрүүдийг Сангийн яаманд шилжүүлсэн. Хөгжлийн банкнаас шууд зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зарим зээл бүрэн хаагдаж зарим нь төлөлтөө графикийн дагуу хийгээд явж байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК 200 сая ам долларын зээлийг 2012 – 2019 оныг хүртэл ашиглахаар гэрээ байгуулсан бөгөөд энэ зээлийг 2018 оны аравдугаар сард буюу хугацаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан. Мөн Геологийн төв лаборатори ТӨҮГ, Пи Ай Эм Эм ХХК, Багануур ХК-иуд зээлээ бүрэн төлж дуусгасан байгаа. Гэтэл таны тодруулсан нийтлэл дээр дээрх байгууллагууд МУХБ-аас авсан зээлээ төлөөгүй мэтээр ташаа мэдээлэл гарчээ.

Түүнчлэн УИХ-ын 2016 оны  81 дүгээр тогтоол, Засгийн газрын  2016 оны 219 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 42 дугаар тогтоолуудын хүрээнд тус төслүүдийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж төслийн орлогоос эргэн төлөгдөх зээл рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шилжүүлэлтээр "Монголын төмөр зам" ТӨХК-д хамаарах 506.2 тэрбум төгрөгийн зээлийг,  "Амгалан дулааны станц" ХХК-д хамаарах 191.9 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн Газарт шилжүүлсэн.

Зээлээ хуваарийн дагуу болон хугацаанаас нь өмнө төлөөд явж байгаа аж ахуйн нэгжүүд ч байна. Тухайлбал, Монцемент үйлдвэр манайхаас 65 сая ам.долларын зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 33,4 сая ам.долларыг төлж, үлдэгдэл 31,6 сая ам.доллар байна. Компаниуд дээр үүсч буй хүндрэл бол валютын орлогогүй аж ахуйн нэгжүүд валютын зээл авснаас ханшийн эрсдэлд орсон. Өөрөөр хэлбэл зээлээ хуваарийн дагуу төлөөд байдаг, ханш өсөөд байхаар монгол төгрөгөөр багц нь буурдаггүй эрсдэлүүд томоохон аж ахуйн нэгжүүд дээр байгаа. Тухайлбал ТОСК ТӨХХК-ийн зарим зээлийг  валютаар өгчихсөн. Зээл төлөгддөг ч валютын ханшийн өсөлт өндөр гээд багцын өсөлт нь буураагүй мэт байдлыг бий болгож байна.

-Дамжуулан зээлийн талаар, зээлийн эргэн төлөлт хэдий хэмжээнд байгаа бол?

Арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1600 гаруй аж ахуйн нэгжийн 1,2 их наяд төгрөгийн  зээл хуваарийн дагуу төлөгдөөд өнөөдрийн байдлаар олгосон зээлийн багцын үлдэгдэл 380 гаруй тэрбум төгрөг байна. Эдгээр зээлийн гэрээний хугацаа 2020 оны эцсээр дуусахаар байгаа. Тодруулж хэлбэл, хуваарийн дагуу төлөгдөөд явж байна. Нэг асуудал дагуулсан нь Капитал банк дампуурсантай холбоотойгоор Капитал банкин дээр байсан дамжуулан  зээлийн үлдэгдэл эрсдэлд орсон.

Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн багцын хувь хэмжээ буурсан уу, өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай байна?

2016 онд МУХБ нийт 6,8 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, зээлийн багц 6 их наяд төгрөг. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь өндөр байсан. Банк үе шаттай арга хэмжээ авсны үр дүнд 2016 онд 190.0 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол сүүлийн хоёр жил дараалан ашигтай ажилласан.

Мэдээж чанаргүй зээлийн хэмжээ өндөр байгаагаас шалтгаалаад банкны эрсдлийн санг нэмэгдүүлэх  гэх мэтээр банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа зүйл бий. Өнөөдрийн байдлаар банкны актив хөрөнгө 4,2 их наяд төгрөг, зээлийн багц 2,7 их наяд төгрөг чанаргүй зээлийн хэмжээ хагас жилээр 11,9 хувьтай байна. Бид богино, дунд хугацаанд чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахаар идэвхтэй ажиллаж байна.

-13 их наядаар хэмжигдэх санхүүгийн зөрчлийн талаар дурьдсан байсан?

13 их наяд биш л дээ. Тухайн үед 2016 оны ажлын хэсгийн дүгнэлтээр 1,3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор гарсан зөрчлүүдийг арилгах, дээрээс нь хууль зөрчсөн асуудал байгаа бол хуулийн байгууллагад шилжүүлэх чиглэлийг Засгийн газраас Хөгжлийн банкны ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагад өгсөн байдаг. Үүний дагуу  холбоотой материалуудыг хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн байдаг.

– Хөгжлийн банкны зээл эргэн төлөлтийн нөхцөл байдал өнөөдөр ямар түвшинд байна. сая 2019 онд Засгийн газраас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилтэй зээлүүдийн эргэн төлөлт ямар байна вэ?

Хөгжлийн банкинд хугацаандаа төлөгдөхгүй асуудал үүсгэсэн хэдэн төсөл байгаа. Үүнийг ЗГХЭГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай мэдээллийг та бүхэн сонссон байх. Зарим төсөл нь цаанаа үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ч зээлээ төлөхгүй, ханшийн эрсдэлд орсон, үйл ажиллагаа нь доголдсон, зээлээ зориулалт бусаар ашигласан гэх мэт олон асуудлаас болоод зээл хугацаандаа төлөгдөхгүй байна. Энэ нь банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.  Оны эцэст эрсдлийн санг нэмж байгуулах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс бид Засгийн газраас дэмжлэг авч, хуулийн байгууллагатай хамтран бодиттой үр дүн гаргахын төлөө чармайн ажиллаж байна.

-Танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж