Дэлхий дахинаа 1990 оноос хойш тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 53 хувиар буурсан болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, НҮБ-ын хүүхдийн сан /Unicef/ мэдээллээ. Одоогоос 25 жилийн өмнө таваас доош насны 12.7 сая хүүхэд жилд ямар нэгэн шалтгаанаар нас бардаг байсан аж. Харин энэ жил энэ тоо зургаан сая байх гэнэ.
“Хэдийгээр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 50 гаруй хувиар буурсан байгаа ч зургаан сая гэдэг бол их тоо” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн орлогч захирал Гита Рао Гупта мэдэгджээ.
Дэлхий дахинаа өдөр бүр таваас доош насны 16 мянган хүүхэд энддэг гэсэн судалгаа байна. Тэдний тал хувь нь халдварт өвчин, хүнс тэжээлийн дутагдлаас болж нас бардаг аж. Түүнчлэн хүүхэд төрсний дараах хэдэн хоногт эндэх магадлал 45 хувь байдаг байна.
ДЭМБ-аас мэдээлснээр таваас доош насны хүүхдийн эндэх эрсдэл ядуу буурай Африкийн орнуудад 12-т нэг байдаг бол чинээлэг улсуудад 147-д нэг байдаг аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС