"Нөхрийн маань нэр хүндийг сэргээлгэхэд туслаач"

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

"Нөхрийн маань нэр хүндийг сэргээлгэхэд туслаач"

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороогийн нөхөр А лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргын өгсөн үүргийн дагуу албаны шалгалт явуулахаар болсон. Тухайлбал, Б.Болороогийн нөхрийн задлан шинжилгээний хариу их хэмжээний согтолттой байсан гэж гарсан байдаг. Үүнээс гадна холбогдох байгууллагаас Б.Болороогийн нөхрийг их хэмжээний архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар лифт рүү хөл алдаж амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан аж. Уг дүгнэлттэй Б.Болороо санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт компанийнхан нөлөөлсөн гэж үзэж, үнэнийг тогтоолгоход олон нийтээс дэмжлэг хүсч буй. 

Тэгвэл иргэн Б.Болороо ээжийнхээ  хамт нөхрийнхөө хэрэг явдлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр Сүхбаатарын талбайд яг одоо иргэдээс  гарын үсэг цуглуулах  суултыг хийж байна.

НӨХРИЙНХӨӨ НЭР ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭЖ АВМААР БАЙНА

Тэрбээр “Аравдугаар сарын 28-нд би өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан төрийн өндөрлөгүүдэд зориулж ил захидал хүргэсэн. Би тэдэнд шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахиж  гадны улсад гаргуулах, хэргийг шинээр мөрдөж эхлэх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын /МХЕГ/ дүгнэлтийг дахин хянуулах гэхчлэн гурван хүсэлт тавьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг нь ч  надтай холбогдоогүй ядаж туслахаараа дамжуулан хариу ч мэдэгдээгүй. Тэд яг л нүд,чихгүй юм шиг  л сууж байна.  Үүнээс харахад Монгол Улсын төр нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүн гэж үздэггүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн иргэдээс гарын үсэг цуглуулах суултыг 14 хоног хийнэ. Ажлын цаг тараагүй байгаа учраас цөөн хүмүүс гарын үсэг зурж байна. Гэхдээ үдээс хойш олон хүн гарын үсэг зурж, миний нөхрийн нэр хүндийг сэргээж энэ хэргийн үнэнийг олоход тусална гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн гол нь МХЕГ миний нөхрийг ажлын байран дээрээ архи ууж, түүнээсээ болж нас барсан гэсэн дүгнэлт гаргасан.  Задлан шинжилгээгээр согтолтын зэрэг 2.4 буюу өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон мөн нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэж гарсан. Зургадугаар сарын 19-нд  миний нөхөртэй хамгийн сүүлд уулзаж лифтний түлхүүр өгсөн хүн болох “Хишиг арвин индустриал” ХХК-ийн  ажилтан  хүртэл миний нөхрөөс архи үнэртэхгүй байсан гэдгийг хүлээн  зөвшөөрсөн. Миний нөхрийн үндсэн  ажил нь лифт засах биш хамгаалагч атал  байнга лифт засуулдаг байсан нь ажил үүргийнх нь чиг үүрэгт байхгүй зүйл.

Би нөхрийнхөө цогцсыг долдугаар сарын 8-нд олж, аравдугаар сарын 19-ныг  хүртэл Сонгинохайрхан дүүргийн мөрдөн байцаах тасагт бүрэн дүүрэн итгэж хүлээж сууснаараа   нийгэмд нөхрөө архичин юм шиг харагдуулахад хүрчихлээ.

“Хишиг арвин индустриал” ХХК-иас анх над руу залгаж “Нөхөр чинь  ажлаа орхиод явчихлаа” гэж худал ярьснаас хойш би  гадуур хайж цаг хугацаа алдсанаас болж  нөхрийнхөө цогцсыг өмхийрч, муудсан байхад нь олсон. Тийм учраас одоо надад хүлээх цаг байхгүй. Нөхрийнхөө нэр төрийг нь цэвэрлэж авмаар байна. Миний нөхөр огт архи уудаггүй. Үүнийг нотлох олон  хүн бий. Манай гэр бүлийн хувьд мөнгө төгрөгөөс илүү нэр төрийг эрхэмлэдэг” гэлээ.

Ээж, охин хоёр үнэн мөнийг олохын төлөө эцсээ хүртэл явна, эрүүл мэндээрээ дэнчин тавьж Сүхбаатарын талбай дээр суулт хийнэ гэдгээ ч энэ үеэр хэлсэн юм. Тэдний чин хүсэл бол амиа алдсан нөхрийнхөө асуудлаар дээрх компанийн удирдлагуудыг ар гэрээс нь албан ёсоор уучлалт гуйх, нөхөр нь золгүй байдлаар амиа алдсан асуудалд нэр холбогдож байгаа хэд хэдэн хүнийг цагдаагийн байгууллагаас  шалгаж хариуцлага тооцох,хэргийг Сонгинхайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс татаж Нийслэлийн цагдаагийн газарт шалгаж өгөхийг хүсч байгаа аж. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж