Өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид олон улсын чуулганыг Эх орондоо залж ирлээ

Хуучирсан мэдээ: 2015.09.09-нд нийтлэгдсэн

Өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид олон улсын чуулганыг Эх орондоо залж ирлээ

Японы нийслэл Токио хотноо Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах 3 дугаар чуулган боллоо. Уг чуулганд бүс нутгийн 40 гаруй орны 500 гаруй төлөөлөгч оролцож Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, сайн туршлагаа хуваалцлаа.

Монгол Улсаас Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн асуудлын хэлтсийн дарга Т.Батдулам, Италийн АИФО байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Д.Тулгамаа болон Хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн аймаг, дүүргийн зохицуулагч нар, “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын гишүүд, Оюуны дархлаа ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төвийн төлөөлөл гээд нийтдээ 26 хүн оролцлоо.

Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах 3 дугаар чуулганыг нээж Зохион байгуулах хорооны дарга, ноён Шигерю Сумитани, Ази Номхон далайн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээний хорооны гишүүн, ноён Тулика Дас нар үг хэлж, дараа нь Японы хун тайж, Японы Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэргээн засах нийгэмлэгийн хүндэт тэргүүн Хитачи мэндчилгээ дэвшүүллээ.

Чуулганы нээлтэд Япон Улсын Эрүүл мэнд, хууль зүй, Халамжийн дэд сайд Кейко Нагаока, ДЭМБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэргээн засалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан захирал , хатагтай Паулина Клейниц, Ази Номхон далайн Хамруулан хөгжүүлэх хорооны тэргүүн, ноён Теж Буннаг нар оролцож, үг хэллээ.

Тэд хэлсэн үгэндээ “Бид тухайн улс орон, бүс нутгаас үл хамааран нэг дор цугларч, өөрийн гэсэн онцгой аргаар Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хөгжүүлж байна. Үүгээр дамжуулж бид тухайн улс орондоо ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулж байгаа. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдийг нь оролцуулж байж л ядуурлыг бууруулж чадна. Ер нь аливаа үйл ажиллагааг явуулахдаа эхнээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулж, шийдвэр гаргах түвшинд хүртэл оролцуулж байж амжилтад хүрнэ. Бидний хайж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулан хөгжүүлэхэд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага чухал үүрэг гүйцэтгэх ёстой” гэв.

Дараа нь Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/-ны Нийгэм, соёлын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Алиса Бала “Ядуурлыг бууруулах ба хамруулан хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьлаа. Тэрээр тавьсан илтгэлдээ Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/-нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бодлогын шинж чанартай хэд хэдэн том баримт бичгийг батлан гаргасан. Тухайлбал, Хүний эрх, эрх чөлөөг хангах тунхаг бичиг, Нийгмийн хамгааллыг бэхжүүлж, сайжруулах тунхаг бичиг гэх мэтийг нэрлэж болно. Удахгүй энэ оны 12 дугаар сард Малайзын Куала Лумпур хотод болох АСЕАН-ны Нийгэм, соёлын хорооны ээлжит хуралдаанаар эдгээр тунхагын хэрэгжилтийг авч хэлэлцэнэ. Бидний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг бэхжүүлж, ядуурлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, бүх талын үйл ажиллагаанд тэдний оролцоог хангаж, манлайллыг дээшлүүлж, хүйсийн мэдрэмжтэй байдлыг нэмэгдүүлэн, бизнест хамруулах нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьсан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнууд улсын төсөвтөө тодорхой санхүүжилт тавих ёстой. Хамгийн гол нь төрийн болон ТББ-ууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний ар гэрийнхнийн хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо чухал” гэж онцлон тэмдэглэлээ.

Чуулганы эхний өдрийн үдээс хойшх болон хоёр дахь бүтэн, гурав дахь өдрийн үдээс өмнөх хуралдаанууд тодорхой сэдвийн хүрээнд салбар хуралдаанаар үргэлжиллээ. Монголын төлөөлөгчид “Хөгжлийн бэрхшээл ба насжилт”, “Хөгжлийн бэрхшээл ба хамруулсан мессеж”, “Хөгжлийн бэрхшээлгүй орчин” гэх мэт хэд хэдэн салбар хуралдаанд оролцож мэдээлэл солилцлоо.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж