Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Манай ЦЭЦИЙН ШИВШИГ

Манай ЦЭЦИЙН ШИВШИГ

Олон улсын хуралд оролцохоор Өмнөд Солонгосоор дайрч явсан Цэцийн дарга Д.Одбаяр их онцгүй хэрэгт нэр холбогджээ. Угаасаа ч онцтой хэрэг гэж байхгүй л дээ. Тэрбээр онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрсэн талаарх хэрэг нь хоёр улсын хэвлэл, олон нийтийн сүлжээнд бөмбөрцгийн шившиг болж байна. Монгол Улсын дөрөв дэх том дарга шүү дээ.

Намтартаа Цэцийн даргаас “өгзөг” хочтой үлдэж буй Д.Одбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн гол манаач. Товчхондоо, монгол хүний амьд явах, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх бидний үндсэн эрхийг хамгаалагч. Харамсалтай нь, тэр Үндсэн хуулийн манаач биш ердийн нэг завхай эр байжээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг, яалтай билээ.

Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь парламент, гурвыг нь Улсын Дээд шүүх санал болгосноор зургаан жилийн хугацаатай УИХ-аас томилдог. Энэ нь Үндсэн хуулийн шүүгч нарыг хараат бус, тэнцвэртэй байлгах, нэг намын болон нэг хүний эрх мэдэл Цэцэд хэт  давамгайлахаас сэргийлсэн арга. Цэц зөвхөн Үндсэн хуульд үйлчлэх учиртай. Аливаа хууль тогтоомж Үндсэн хуульд нийцээгүйг Цэц тогтоох ёстой. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцсийнх, тиймээс Их суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг давах эрх аль байгууллагад байхгүй.

  Гэвч, Үндсэн хуулийн Цэц өнөөдрийн улс төрийн муу муухай бүхний үндэс, улстөрчид, эрх мэдэлтнүүдэд захиалгаар ажилладаг захын хар овоохой болж хувирсан нь худлаа биш. Хуулиндаа бол аливаа албан тушаалтан Цэцийн гишүүдийн шийдвэр үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглосон байдаг л даа. Гэхдээ цаасан дээр. Хэн томилсон тэр хүндээ үйлчилдэг нь Үндсэн хуулийн Цэцийн үндсэн ажил нь болоод удаж байна. Олон жилийн өмнө, “Үндсэн хуулийн Цэц хэдхэн хүний хувийн компани болсон. Хувьцаат компани ч ийм байхгүй” гэж гишүүн асан Х.Тэмүүжингийн хэлдэг ч үнэний ортой юм.

Хамгийн сүүлд гэхэд АМНАТ-ийг тэглэсэн шийдвэр гаргасан нь араасаа олон асуудал, эдийн засгийн эрсдэл, хохирол дагуулж буйг, энэ удаад Цэц илт Ерөнхийлөгчийн захиалгаар ажилласан гэж эрх баригч намынхан, тэр тусмаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хардаж буй нь ойлгомжтой байсан, уур бухимдлаа ч твиттерт сад тавьсан. Цэцийн энэ шийдвэр уул уурхайнхныг баярлуулах биш тэдний нүдийг нь бүр орой дээр нь гаргасан дүгнэлт болсон юм. Үнэндээ, "Цэц юу хийчихэв ээ" гэж уулга алдсан уул уурхайнхан олон байна.   

Ямартай ч Цэцийн Их суудлын хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтуудыг хүчингүй болгосон өдрөөс эхлээд уул, уурхайн салбарынхан АМНАТ-ийг төлөхгүй болж байна. Хуульд байхгүй үндэслэлээр татвар авбал Үндсэн хуулийг зөрчинө.

Энэ мэтээр Үндсэн хуулийн Цэц ойлгомжгүй, тодорхойгүй олон шийдвэр гаргасны нэг нь Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль. Цэцийн дарга Д.Одбаярын нэр холбогдсонтой ижилхэн дуулианаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулгын тойргийн сонгогчид жил гаруйн хугацаанд төрд төлөөлөлгүй яваа нь Цэцийн гаргасан шийдвэртэй холбоотой билээ.  Ирэх 2020 оны сонгууль болтол Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болохгүй нь ойлгомжтой болсон.

 Д.Гантулгыг чөлөөлсөн нь зөв, гэхдээ Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах нь буруу гэж “өөх ч биш, булчирхай ч” биш дүгнэлтийг манай Цэц л гаргаж чадна. Уг нь манаж яваа Үндсэн хуульд нь монгол хүн сонгох, сонгогдох эрхтэй гэж тодоос тод биччихсэн байгаа шүү дээ. Даанч, даргын үг хууль. Манаж яваа хуулиа машинаар сольдог хүмүүс яаж ёс суртахуун, ёс зүйтэй байх билээ. Өнгөрсөн өвөл Үндсэн хуулийн бус аргаар хууль, шүүхийн эрх мэдлийг ҮАБЗ авахад Үндсэн хуулийн Цэц хаана байв аа гэж асуухаа бүр болъё.

Харин улс орноо секс дуулианы бай болгосон Цэцийн даргад  хариуцлага тооцохгүй бол Монголын нэр хүнд яах вэ. "Ард нь сууж явсан иргэн зүй бусаар харьцсан учраас онгоцны буудал дээр тухайн иргэнийн саатуулах, суудлын дугаар андуурагдах зэрэг асуудал гарсан. Цэцийн дарга Монгол Улсын иргэний хувиар тухайн нэр бүхий хүнийг хамгаалж, нислэгээс нь саатуулж болохгүй гэж хэлснээс үүдэн үл ойлголцол гарч, буруу ташаа мэдээлэл тарсан" гээд хамгаалаад өнгөрөх жижиг  асуудал яав ч биш. Д.Одбаяр гэж хувь хүний тухай биш Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргын ёс зүйн асуудал яригдаж байна. "Би бишээ, миний арын хүн" гэж хэлэхээр нь үнэмшчихдэг, намынхаа найз нөхрөө хамгаалаад үлдвэл Монголын Цэц улам шившиг болно. Монголын төрд шударга ёс тогтооно гэсэн үг чинь худал болно, УИХ-ын дарга аа.

Энэ хэрэг явдлаас харахад ард түмний амьд явах үндсэн эрхийн хамгаалагч, Үндсэн хуулийн шүүгчид Үндсэн хуулиа худалдаж иддэгийг болиулах, Цэцийн гишүүдээс өндөр ёс суртахуун, мэргэжлийн ур чадвар нэхэх  цаг болсон. Тэр тусмаа өнөөдөр хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Цэцийн гишүүдийн хараат бус байдал, ёс зүйн асуудлыг оруулж өгөх шаардлагатай болж. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэгдэж байгаа. Гуравдугаар хэлэлцүүлэг энэ сарын 11-ээс эхэлнэ. Гэтэл, нэмэлт өөрчлөлтийн эх хувилбарт Үндсэн хуулийг манах үүрэгтэй манаач нарынх нь тухай ганц өгүүлбэр, үг ч байдаггүй ээ. Үндсэн хуулиа мянга сайхан өөрчлөөд манаач нар нь ёс суртахуун, ёс зүйгүй бол Цэцийн дээр юу ч байж мэдэх нь.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж