-Өнөөгийн нийгэмд сонгуульд оролцох, ялалт байгуулах нь мөнгөтэй салшгүй холбоотой болсон. Тиймээс дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн санхүүжилтийг төр гаргаснаар нэр дэвшигчид тэгш, шударгаар өрсөлдөх боломж бүрдэнэ-
Монгол ардын нам/МАН/-аас зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа 22 намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар өчигдөр/IX.08/ уулзаж зөвшилцжээ. Тус зөвшилцөл уулзалтаас Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн асуудал болоод улс төрийн намуудын санхүүжилтийг төрөөс гаргуулах тухай ярилцаж шийдэлд хүрсэн байна.
Сонгогчдын саналыг гараар тоолж, 2012 оны Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүслээ
Улс төрийн 22 намаас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Сонгуулийн тухай хуулийг шинээр боловсруулах цаг хугацаа байхгүй тул 2012 онд батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сонгуулийн хуулийг өөрчилье гэдэгт санал нэгдсэн аж.
Сонгуулийг булхай луйваргүй, шударга явуулах, санал тооллогыг иргэд, сонгогчдод нээлттэй болгох үүднээс сонгогчдын саналыг машинаар биш гараар тоолох нь зүйтэй гэж намууд үзсэн байна. Гэхдээ энэ саналыг Ардчилсан нам ганцаараа дэмжээгүй аж. Мөн сонгуулийн тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг тэгш эрхтэйгээр сонгож өөрөөр хэлбэл намуудын жигд төлөөллийг оролцуулах санал гаргажээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат
Мөн гадаадад суугаа иргэдийн саналыг шуурхай авдаг байх, сонгуульд өрсөлдөх жендерийн оролцоо хувь хэмжээг тодорхой болгох нэмэгдүүлэх гэсэн 8 зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг санал нэгджээ. МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл "Төрөө шударгаар бий болгох, сонгуулийг шударгаар явуулахын тулд Сонгуулийн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс Сонгуулийн хуулийг ирэх намрын чуулганы хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд оруулж өгөөч гэсэн хүсэлт хүрүүлэх санал гаргасныг олонх дэмжсэн" хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ.
Улс төрийн намууд төрөөс нэг тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт авахыг шаардана
Сонгуулийн сурталчилгаа, үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг нэр дэвшигч өөрөөсөө болоод сонгогч, намын гишүүд хандиваар “босгодог”. Харин ирэх 2016 оны сонгуульд улс төрийн нам эвслүүд төрөөс тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилт авахаар шийдэж, хүсэлтээ хүргүүлсэн байна. Хамаг Монгол хөдөлмөрийн нам (ХМХН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн “Өнөөгийн нийгэмд сонгуульд оролцох, ялалт байгуулах нь мөнгөтэй салшгүй холбоотой болсон. Тиймээс дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн санхүүжилтийг төр гаргах зөв. Ингэснээр нэр дэвшигчид тэгш, шударгаар өрсөлдөх боломж бүрдэнэ” гэсэн юм. Төсөв алдагдалтай байгаа үед нэр дэвшигчдийн санхүүлжилтийг төрөөс гаргах боломжтой бий гэх асуултад тэрбээр хариулахдаа “Сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний дотор төрөөс сонгуулийн тойрог бүрийн нутаг дэвсгэр, хүн амын нягтаршилд тулгуурлан нэг нэр дэвшигчид олгох мөнгөний дээд хэмжээг тодорхойлдог. Гэхдээ энэ хөрөнгийг төр бус сонгогчид болон намын гишүүдийн хандиваас бүрдүүлдэг юм. Энэ хөрөнгийг нэг удаа төрөөс гаргах боломжтой гэж үзэж байгаа” гэсэн юм.
Улс төрийн намууд сонгуульд зарцуулагдах мөнгө болох 500 саяас нэг тэрбум төгрөгийг төрөөс гаргах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Хамаг монгол хөдөлгөөний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн
Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж чадахгүй байна
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Сонгуулийн тухай хуулийг Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байгаа. Ямар учраас энэхүү хуулийг дэмжихгүй гэж шийдсэнийг МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлээс асуусан юм. Тэрээр “Сонгууль ойртчихоод байхад Р.Бурмаа гишүүний ажлын хэсгийнхэн хэт удаан ажиллаж байна. Одоо цаг хугацаа бараг үлдсэнгүй. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийг шинээр батлах боломжгүй. Харин 2012 онд баталсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй. Ирэх онд болох УИХ-ын Сонгуулийн дараа АСЕМ-ын уулзалтын үеэр УИХ, Засгийн газраа тогтвортой болгосон байх ёстой. Үүнд Сонгуулийн хууль томоохон нөлөө үзүүлэх юм. Тиймээс улс төрийн намуудын боловсруулсан Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд оруулах хүсэлт гаргаж байгаа” гэлээ.
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл
Д.ЖАРГАЛ
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ