УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Үндсэн хуулийн Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосонтой холбоотойгоор “Хуульчид ажиллаж байна. Ойрын хугацаанд холбогдох хуулийг хэлэлцүүлж, батлуулна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс аливаа аж ахуйн нэгж зайлсхийх, төлөхгүй өнгөрөх нөхцөл байдал үүсгэхгүй” гэлээ.
-БНХАУ-ын 800 иргэнийг саатууллаа. Виз олгосон хүмүүст, хянаж шалгаж байх ёстой хүмүүст хариуцлага яригдах уу?
-Хятадын 800 иргэнтэй холбоотой асуудал мөнгө угаахтай холбоотой. Манай тусгай албад сайн ажилласан. Эхний ээлжинд хил гаалиар 1000 компьютер, 10 мянга гар утас илрүүлж чадаагүй, аялал жуулчлалын визээр нь аялуулаагүй хазайлгасан хүмүүст хариуцлага ярина.
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын талаар гадаадын хэвлэлд ёс зүйгүй үйлдэл гаргасан гэсэн мэдээлэл гарсан, Монгол Улс саарал жагсаалтад орсон, Үндсэн хуулийн Цэцээс АМНАТ-тай холбоотой хуулийн төслийн зарим заалтыг хүчингүй болгосонтой холбоотой цаг үеийн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатараас тодрууллаа.
–Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Солонгосын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлж, баривлагдсан гэж Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлжээ. Ёс зүйн хариуцлага ярих уу?
-Үндсэн хуулийн Цэцийн даргын талаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд шуугиан гарч байна. Үндсэн хуулийн Цэц тодруулж асуусан. Үндсэн хуулийн Цэцийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргасан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5-3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно. Цэцээс бидэнд өгсөн мэдээллээр Цэцийн дарга өөрөө ийм асуудалд ороогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсаны улмаас, суудал андуурагдсан гэсэн мэдээлэл өгсөн.
–Үндсэн хуулийн Цэц мэдээж хамгаалсан мэдэгдэл хийнэ. Бусад эх сурвалжаас мэдээлэл авсан уу?
-Энэ талаар бүх талын мэдээллийг авахаар БНСУ-д суугаа ЭСЯ-тай холбогдон ажиллаж байгаа.
-Төрийн өндөр албан тушаалтан өөрөө ийм хэрэгт холбогдоно гэдэг нь Монгол Улсын нэр хүнд гадаадад унагаж байгаа үйлдэл цөөнгүй гарч байна гэх шүүмжлэл гарч байна?
-Үнэхээр зөрчил гаргасан бол хариуцлага тооцно. Гэхдээ энэ хүрээнд Төрийн албаны ёс зүйтэй холбоотой хууль эрх зүйн шинэчлэл, ёс зүйг хуульчилсан төслийг бид бэлэн болгосон байгаа. Түүнээс гадна хуурамч мэдээ буюу fake news байж болох уу гэх мэтчилэн мэдээллээ сайн нягтлах хэрэгтэй. Ганц энэ асуудал ч биш
“АМНАТ-ЫН ТАЛААР ЦЭЦИЙН ШИЙДВЭРТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙГАА”
-Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалтыг Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Үүнээс болоод төсвийн орлого тасрах уу?
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар Цэцийн тогтоол гарсан. Цэцийн шийдвэр эцсийн шийдвэр байдаг. Тиймээс Их хурал яаралтай арга хэмжээ авч УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Цэцийн тогтоол гарвал холбогдох хууль тогтоомж, УИХ-ын бусад шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 15 хоногийн дотор шийдэх хуультай. Төсвийн орлого тасрах асуудлыг гаргахгүйгээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн 47.1-ийг өөрчлөн боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Сангийн яамныхантай хамтран ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ. Тиймээс төсвийн орлого тасрах нөхцөл байдал үүсгэхгүй байх боломж бий. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс аливаа аж ахуйн нэгж завших, төлөхгүй өнгөрөх нөхцөл үүсгэхгүй.
-Үнэхээр татварын давхардлын асуудал байсан юм уу. Энэ УИХ хуулийг баталсан шүү дээ?
-УИХ-ын даргын хувьд Цэцийн тогтоолыг үгүйсгэх боломжгүй байна.
-Улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасарна гэдгийг Сангийн сайд хэлсэн. Харин Уул уурхайн сайд өөр байр суурьтай байгаа гэж байна. Холбогдох яамд нь энэ асуудалд өөр өөр бодлого бариад байгаа учраас Цэц дээр хуулиа хамгаалж чадсангүй гэж харах хүмүүс ч байна?
-Салбарын болон төсвийн орлого бүрдүүлэх зарчмын зөрүүтэй санал бодлын зөрөлдөөнүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төсвийн орлого 1.3 их наядаар тасрахгүй байх хуулийн өөрчлөлтийг хийх гарц гаргалгаа гаргаад ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэхээр төлөвлөж байна. Ер нь АМНАТ огт төлөгдөхгүй болчихвол 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасрах эрсдэл бий. Гэхдээ энэ нь Цэцийн тогтоолыг авахгүй бай гэсэн үг биш. Давхардуулж байгаа зүйл заалт байвал засч залруул гэсэн чиглэл юм.
-Зарим компанийн лоббигоор энэ хуулийг УИХ баталсан гэдэг зүйлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга мэдэгдсэн. Та үүнд тайлбар өгөөч?
-Хүн болгонд хуулийг өөр өөрсдийнхөө тайлбарлах эрх бий. Ашигт малтмал ашигласан л бол төлбөрөө төлнө. Гэхдээ дахин боловсруулаад гаргаж байгаа бол эцсийн бүтээгдэхүүнээс л нэгдсэн журмаар авна. Журмаар зохицуулах боломжтой зүйлийг хуульд тусгаад зөрчил зөрөлдөөнд хүргэсэн байна гэж манай хууль зүйн ажлын хэсэг дүгнэлт гаргасан. Ажлын хэсэг ирэх долоо хоногт холбогдох байнгын хороодоор саналаа хэлэлцүүлэх чиглэлээр ажиллаж байна.
“ХИЛИЙН ШАЛГАН, ВИЗ МЭДҮҮЛЭГ ЗЭРГИЙГ ХАРИУЦДАГ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦНО”
-800 гаруй БНХАУ-ын иргэд Монголд хууль бус үйл ажиллагаа явуулсан үйлдлийг хуулийн байгууллага илрүүлж, шалгаж байна. Энэ асуудалд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулж байгаа гэж зарим хүн мэдэгдэж байгаа. УИХ энэ чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хариуцлагын асуудал ярих уу?
-800 иргэнтэй холбоотойгоор шаардлагатай арга хэмжээг хуулийн байгууллага авч байгаа. Тэдний үйлдлийг мөнгө угаахтай холбоотой гэж үзэж байгаа. Олон улсын онлайн мөнгөн гүйлгээ ашиглаж байж болзошгүй үйлдлийг таслан зогсоосон нь
Тиймээс тэдний хэрэглэж байсан 1000 гаруй компьютер, 10 мянган гаруй гар утсыг хилээр нэвтрүүлэхэд илрүүлж чадаагүй асуудал, виз мэдүүлэг зэрэгт хууль эрх зүйн арга хэмжээ авах шаардлагай. Ер нь бид цаашид олон улсын харилцааны асуудалд онцгой анхаарч ажиллах ёстой гэдэг нь саарал жагсаалтад орсон тод жишээ гэж харж байна.
-60 тэрбум, ЖДҮ-ийн асуудал эрх баригч намтай холбогддог. Өчигдөр 60 тэрбумтай холбоотойгоор хоёр хүнд хариуцлага хүлээлгэчихлээ. Одоо ЖДҮ-чдэд хариуцлага хүлээх үү?
-УИХ-ын түвшинд маш олон өөрчлөлт хийгдэж байгаа. ЖДҮ-ийн асуудал бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд бугшиж ирсэн идээ, бээр байсан. Үүнд хариуцлага тооцох, сахилгын асуудал яригдаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн. УИХ-ын түвшинд зохих арга хэмжээ авсан. Цаашид тусгай сангуудыг цэгцлэх, сахилга хариуцлагагүй, дэг журамгүй явж ирсэн зэрэг хууль эрх зүйн шинэчилж, өөрчилж хариуцлагатай болгож байгаа.
-Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан хариуцлагын асуудал яригдах уу. Ялангуяа Засгийн газрын хариуцлагагүй байдал гэж дүгнээд байгаа. Хариуцлага ярих уу?
-Монгол Улсад 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага 230 орчим хадгаламж зээлийн хоршоодын мөнгөн гүйлгээний асуудал сул байгаа нь саарал жагсаалтад орох нэг шалтгаан болсон. Одоогоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой болон 2020 төвсийн асуудал яригдаж байгаа учраас Эдийн засгийн байнгын хороонд Санхүүгийн зохицуулах хорооны даргын хариуцлагын асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн.