Сэтгүүлчид мэргэжлийн ажлаа хийхэд улам эрсдэлтэй болж байна. Сүүлийн 10 жилийн байдлаар дэлхийн хэмжээнд 1000 гаруй сэтгүүлч ажлаа хийж яваад амь насаа алджээ. Тэдгээрээс 10 хүний нэг нь л шүүхээр шийдэгдсэн талаар өнөөдөр /2019.11.01/ “Нээлттэй нийгэм форум”-ын хурлын танхимд зохион байгуулж буй “Үнэн амьд байгаа” хэвлэлийн бага хурлын үеэр судлаачид хэлж байв.
“СЭТГҮҮЛЧДИЙН 93 ХУВЬ НЬ ЭХ ОРОНДОО, ДОЛООН ХУВЬ НЬ ГАДААД УЛСАД АМИА АЛДСАН”
“ЮНЕСКО-гийн мэдээлснээр 2006 -2017 он хүртэл дэлхий даяар 1010 гаруй сэтгүүлч амь үрэгдсэн. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн 93 хувь нь өөрийн эх орондоо, үлдсэн долоон хувь нь гадаад улсад ажлаа хийж яваад амиа алдсан байна. Мөн эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг халдлага, доромжлол тэр дундаа сошиал орчинд өмнөх жилүүдийнхээс ихэссэн үзүүлэлт гарчээ. Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчид шударга ёстой нүүр тулахгүй гэдгээ мэдмэгц улам ихээр хэрэг үйлдэх болсон байна. Тиймээс Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг НҮБ-ын 2030 оны хөгжлийн хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилго тэр дундаа хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх, сэтгүүлчийн аюулгүй байдал зэрэг холбогдох хууль, журмыг өөртөө багтаан тухайн хөтөлбөрүүдэд тодорхой хэмжээгээр нөлөөлөхөд хувь нэмрээ оруулж байна. Өнгөрсөн 2016-2017 онд дэлхийн хэмжээнд 182 сэтгүүлч амь насаа алдсан бол 2018 онд 80 гаруй, 2019 оны эхний байдлаар 44 сэтгүүлч амь үрэгдээд байна. Эдгээрээс ердөө 115 хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн” талаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга яриандаа дурдлаа.
Манай улсын сэтгүүлчдийн хувьд дөрвөн хэрэг бүртгэгдсэн байна. Мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой мөрдлөгө явуулж байсан тохиолдол байхгүй. Уг сэтгүүлчдийн амиа алдсан хэргийг мөрдөхдөө хийж байсан ажилтай нь уялдуулж, хэргийг тодруулдаг олон улсын практик байдаг талаар мэргэжилтнүүд онцолж байв.
МОНГОЛ УЛСАД АМЬ НАСАА АЛДСАН ДӨРВӨН СЭТГҮҮЛЧ БҮРТГЭГДСЭН
Уг хэвлэлийн хурлын Глоб интернэшнл төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд тус төвийн тэргүүн Х.Нарангэрэл 2018-2019 онд “Сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшин тодорхойлох судалгаа”-г хийсэн талаар мэдээлэл өгөхдөө “Дэлхийн бусад орнуудтай харьцуулбал манай улсын сэтгүүлчдийн нөхцөл байдал юу ч биш гэж хэлэх нь бий. Гэхдээ бид байнгын сонор сэрэмжтэй, ирээдүйд ирэх аюулыг урьдчилан харж, аюулгүй байдлаа хамгаалахын тулд өөрсдөө дугарахгүй бол байдал улам ноцтой болно. Тийм учраас Европын холбооны санхүүжилтээр хийсэн судалгаагаар анх удаагаа эмэгтэй сэтгүүлчдийн өмнө тулгарч буй асуудлын суурь мэдээллийг бий болгохыг эрмэлзсэн. Дараагаар нь сэтгүүлчдийн цахим аюулгүй байдлын орчны мэдээллийг цуглуулахыг хичээсэн байгаа. Цаашдаа дэлхий нийтэд нэлээд тулгамдсан асуудал болж, гүнзгийрүүлэн судлахаар байгаа. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө сэтгүүлчдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахад аль хэр анхаардаг вэ гэдгийг бас тусгайлан мэдээлэл цуглуулсан гэдгээрээ онцлог” гэв.
“СЭТГҮҮЛЧДИЙН 74 ХУВЬ НЬ МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХАД ЯМАР НЭГЭН СААД БЭРХШЭЭЛ ТУЛГАРДАГ"
Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хэн боловч аюулгүй орчинд аливаа сүрдүүлэг заналхийллээс ангид ажиллах эрхтэй. Уг судалгаанд өдөр тутмын мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлах, нийгэм эдийн засгийн чиглэлээр бичдэг 300 сэтгүүлчийг хамруулжээ. Судалгаанд хамрагдсан нийт сэтгүүлчдийн 74 хувь нь мэдээлэл олж авахад ямар нэгэн саад бэрхшээл тулгардаг гэж хариулсан бол 67 хувь нь сүрдүүлэг, дарамт, заналхийлэлд өртөж байсан гэжээ.
Мөн сэтгүүлчдийн 58 хувь нь ажлын багаж, хэрэгсэлд халдаж байсан, 52 хувь нь нийтлэл, нэвтрүүлгээ түгээхийг хориглосон, редакцийн цензуртай тулгарсан, 51 хувь нь нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан, 36 хувь нь шүүх хүчний байгууллагын дарамтад өртсөн, 20 хувь нь хувийн цахим хаягтай холбоотой мэдээлэл алдагдсан, 18 хувь нь бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан зэрэг зөрчлүүдтэй нүүр тулж байсан тухай Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төлөө төвийн сэтгүүлч А.Амартүвшин танилцууллаа.
Хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын их хуралд судалгааны зөвлөмжүүдийг хүргүүлнэ гэдгийг мэдэгдлээ.
Зөвлөмж 1. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг дэх Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тайлангийн зөвлөмж
Зөвлөмж 2. Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээний тайлангийн зөвлөмж
Зөвлөмж 3. Европын холбоо болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдааны хэлэлцээр болох GSP+ механизмын үр дүнтэй хэрэгжилтийг хангах замаар хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах зөвлөмж
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ