Төв банкны хараат бус байдал сэдвээр Амеркийн төв банк- Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан П.Волкер (1979-1987), А. Грийнспан (1987-2006), Б.Бернанке (2006-2014), Ж.Йеллен (2014-2018) нарын байр суурийг орчуулан хүргэж байна.
Төв банк түр зуурын улстөрийн дарамтаас ангид үед эдийн засаг хамгийн сайн байдаг."
Төв банк болон түүний тэргүүн эдийн засгийн сайн сайхан байдлын төлөө хараат бусаар ажлаа хийн түр зуурын улстөрийн дарамтаас ангид байх, ялангуяа улстөрийн зорилгоор Төв банкны тэргүүнийг огцруулах заналхийллээс ангид байх ёстойг тайлбарлахын тулд Холбооны нөөцийн системийн захирлуудын зөвлөлийг удирдаж байсан бид ийнхүү нэгдээд байна.
Бид дөрөв нийлээд 40 орчим жил улсдаа зүтгэсэн бөгөөд, Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын аль алинаас гаралтай Америкийн 6 Ерөнхийлөгч (Ж.Картер, Р.Рэган, Ж.В.Буш, Б.Клинтон, Ж.Буш, Б.Обама) биднийг томилж, зарим тохиолдолд бүрэн эрхийн хугацааг сунгаж байв. Бидний хэн хэн нь хуулиар заасан Холбооны нөөцийн сангийн зорилго болох “бүрэн ажил эрхлэлт” болон “үнийн тогтвортой байдал”-ыг хангахад эдийн засгаа чиглүүлэхийн тулд хүнд шийдвэрүүдийг гаргаж байсан. Эргээд харахад, бидний шийдвэр болгон төгс байгаагүй. Гэхдээ шийдвэрүүд түр зуурын улстөрийн ашиг сонирхол бус, харин америк иргэдийн эдийн засгийн урт хугацааны тусын тулд нам бус, улстөрийн бус үнэлэмжид тулгуурлаж гарч байснаараа сайн байж чадсан гэдэгт бид итгэдэг.
Холбооны нөөцийн сангийн нам бус статус нь огт хяналтгүй, эгэх хариуцлагагүй (accountability) гэсэн үг биш. Конгрессээс төв банкны эрх мэдлийг тодорхойлж өгдөг бөгөөд бүрэн ажил эрхлэлтийг бий болгох, үнийн тогтвортой байдлыг хадгалахыг даалгадаг. Төв банкны тэргүүн болон Холбооны нөөцийн системийн бусад удирдлагууд Конгрессийн өмнө нээлттэй сонсгол хийхийн зэрэгцээ олон нийтэд хандсан яриа илтгэлээр дамжуулж эдийн засгийн байдлын талаарх үнэлэлт дүгнэлтээ, хуулиар ногдсон үндсэн үүргээ хэрхэн биелүүлэх төлөвлөгөөгөө тогтмол тайлбарладаг. Америкийн Ерөнхийлөгч, Конгрессийн гишүүд, санхүүгийн зах зээлийн оролцогчид, эрдэмтэд болон хувийн хэвшил жирийн иргэд ч Төв банкийг тодорхой ямар нэг бодлогын шийдвэр гаргахыг зааж зөвлөж л байдаг. Энэ нь манай улсын засаглалын тогтолцоонд хүн бүрт байх ёстой эрх тул бид үүний эсрэг байдаггүй. Холбооны нөөцийн сан нээлттэй хэлэлцүүлгийг дуртай хүлээж авдгийг харуулах нэг жишээ бол “Fed listens” буюу “Төв банк сонсож байна” хөтөлбөр бөгөөд үүний хүрээнд Төв банкны удирдлагууд олон нийттэй харилцаж, бодлогын арга хэлбэрт орж магадгүй зарим өөрчлөлтийн талаар тайлбарладаг. Олон нийтийн идэвхтэй хэлэлцүүлэг мөнгөний бодлогыг илүү сайн болгоход ч тусалдаг.
Төв банк улстөрийн дарамтаас ангид, зөвхөн эдийн засгийн хатуу зарчим болон тоон мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаагаа явуулах үед эдийн засаг хүчтэй байж, хамгийн сайнаараа ажилладгийг манай орны ч тэр, гадаад улс орны ч тэр түүх ахин дахин харуулсан билээ. Сонгуулийн үеэр улстөрийн лидерүүд төв банкнаас эдийн засгийг богино хугацаанд дэмжих мөнгөний бодлого явуулахыг шаардсан жишээ маш олон бий. Харин судалгаа юу гэж харуулдаг вэ гэхээр мөнгөний бодлого тухай үеийн улстөрийн хүсэл шаардлагад тулгуурлахаар алс хэтдээ эдийн засгийн муу гүйцэтгэлийг бий болгож, өндөр инфляци болон эдийн засгийн тааруу өсөлтөд хүргэдэг. Тэр ч бүү хий л мөнгөний бодлогын шийдвэрүүд “улстөрийн ашиг сонирхлын нөлөөнд байна”, эсвэл “бодлого боловсруулагчдыг хугацаанаас нь өмнө огцруулна гэдэг заналхийллийн нөлөөнд байна” хэмээн ойлгогдох нь “төв банк эдийн засагт хамгийн тустай зүйлийг хийнэ” гэсэн олон нийтийн итгэлийг бууруулдаг. Энэ нь санхүүгийн зах зээл дээрх тогтворгүй байдал, эдийн засгийн таагүй үр дүнд хүргэх эрсдэлтэй.
Нам бус, хараат бус мөнгөний бодлого маш чухал байдаг учраас Конгресс ухаалгаар шийдэж Холбооны нөөцийн санг хараат бус агент болгосон бөгөөд бүс нутгуудын төлөөллийг хангаж, улстөрийн манипуляциас хамгаалж өгсөн. Тэдгээр хамгаалалтын нэг нь Холбооны нөөцийн сангийн захирлуудын зөвлөлийн гишүүдийн 14 жилийн бүрэн эрхийн хугацаа (тэргүүн болон дэд тэргүүн нар 4 жил) юм. Мөн Холбооны нөөцийн системийн салбар банкны захирлууд болон ХНС-ийн тэргүүн, дэд тэргүүнийг улстөрийн лидерүүдтэй бодлогын талаарх зөрүүтэй байр сууринаас болж бус, зөвхөн хууль зөрчсөн эсвэл төстэй зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд л ажлаас нь чөлөөлөх боломжтой явдал юм. Бүрэн эрхийн хугацааг ийнхүү хатуу тогтоосон нь Төв банкны шийдвэр түр зуурын улстөрийн нөлөөллөөс ангид байж, эдийн засаг болон Та бидний тусын тулд байлгахын тулд билээ.
Сонгууль бүр үр дагавартай байдаг. Энэ нь Холбооны нөөцийн сан болон Засгийн газрын бусад агентуудад ч хамаарна. Одоогийн Төв банкны тэргүүний 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусахад Америкийн Ерөнхийлөгч түүнийг дахин томилох, эсвэл шинэ хүнийг нэр дэвшүүлэх боломжтой. Нэр дэвшүүлсэн хүнийг Сенат батлах ёстой. Тэрхүү шийдвэрийг гаргах үед нэр дэвшигчийг улстөрийн холбоо сүлбээ, үйл ажиллагаа бус харин ур чадвар, үнэнч шударга байдлыг нь харж сонгоосой гэж бид найдаж байна. Холбооны нөөцийн сан хэсэг бүлэг улстөрчдийн төлөө бус, харин энэ улсын эрх ашгийн төлөө шийдвэр гаргах чадвартай байдлыг хамгаалах нь онцгой чухал юм.
Эх сурвалж: Wall Street Journal
2019.08.05
Холбоотой мэдээ