Монголын эмэгтэй жүдочдын бараг бүхий л дээд амжилтын эзэн, жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга Х.Эрдэнэт-Од өдгөө үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ. Саяхан л зодог тайлж, кимоноо эвхсэн гавьяат маань өдгөө бүсгүй жүдочдын нэлээд чамбай дасгалжуулагч болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээний үеэр Х.Эрдэнэт-Од гавьяат шавь нараа дасгалжуулаад тун завгүй өнжив. Жүдогийн спортод 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан гавьяатыг суудалдаа ч тогтож чадахгүй, шавь нартаа санаа зовохыг нь харсан үзэгчид ямар сайндаа л “Гавьяат ч өөрөө гараад барилдчихмаар л санагдаж суугаа байх даа” хэмээн ярилцаж байхав. Түүний дасгалжуулсан манай охидын шигшээ баг энэ удаагийн “Дэлхийн цом”-оос багаараа хүрэл медаль хүртсэн билээ.
Б.Энх