Италийн хамгийн олон үзэгчтэй “Канале-5” сувгийн "Ту Си Күэ" буюу "Чи үнэ цэнэтэй" нэвтрүүлэгт Монголын оюун ухааны академийн тамирчин их мастер Б.Шижир-Эрдэнэ оролцож, эхний шатандаа тэнцээд байна. Тэрбээр нэг багц хөзрийг 12.74 секундэд цээжлэн дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа юм. Шоуны ялагч болбол тэрбээр 100 мянган еврогийн эзэн болох юм.
-Эхний шатанд тэнцсэнд баяр хүргэе. Үзэгчид хэрхэн хүлээн авч байна вэ?
-Шоунд орохдоо нэлээн сандалтай байсан. Миний хувьд яг анх удаа том тайзан дээр, олон хүний урд юм цээжилж үзсэн. Энэ үед олон зүйл толгойд бодогддог юм билээ. Гэхдээ аль болох өөрийгөө тайвшруулж, зүгээр л бэлтгэл дээрээ байгаа юм шиг байхыг хичээж байсан. Ингээд үзэгчид рүү аль болох бага анхаарал хандуулахыг оролдсон. Яагаад гэвэл үзэгчдийн сэтгэл хөдлөлийг анзаараад байвал улам сандрахаар байсан. Шоуг саяхан зурагтаар үзсэн чинь үзэгчид их гоёор хүлээж авсан байна лээ. Эхний шатанд тэнцсэн. Одоо 3-4 шат бий. Тэр болгонд эхний шат шиг хүлээлтийг яаж бий болгох талаар бодож, бэлтгэж байна.
-Шоуны ялагчийг 100 мянган еврогоор шагнадаг. Магадгүй ялагч болвол шагналын мөнгөөрөө юу хийх вэ?
-Сайн мэдэхгүй байна. Ялагч болбол тэрнийхээ дараа л шийдвэр гаргая.
-Хичээлийн хажуугаар шоунд оролцохоор ачаалал улам нэмэгдэж байгаа байх. Энэ бүхнийг яаж зохицуулж байна вэ?
-АНУ-ын “Diablo Valley” коллежийн гуравдугаар дамжаанд программ хангамжийн чиглэлээр суралцаж байгаа. Энэ жил маш их хичээлтэй байгаа болохоор ой тогтоолтын бэлтгэлээ тогтмол хийж чадахгүй байна. Гэхдээ зав гаргаад долоо хоногт нэг удаа дасгал хийхийг хичээж байгаа.
-Завгүй ажлынхаа завсраар бага ч гэсэн зав гаргасанд баярлалаа. Амжилт хүсье.