Тэд бидний тухай: Хотжилт ба өвчлөл

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Тэд бидний тухай: Хотжилт ба өвчлөл

Тэд бидний тухай: Хотжилт ба өвчлөл

Америкийн фото сурвалжлагч, нийтлэлч Николас Мюллерийн Монгол Улсын нийслэл Улаанбаатараас бэлтгэсэн нийтлэлийг орчуулан фото зургийн хамт хүргэж байна. Тэрбээр Монгол Улсад  ирж уур амьсгалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн, уул уурхай, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлын тухай цуврал нийтлэл гаргаж байгаа аж.

Монгол Улсын нийт хүн амын бараг тэн хагас нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Ойролцоогоор 1,5 сая хүн гэсэн үг. Сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй явагдаж байгаа нь ард иргэдийн хувьд түгшүүртэй нөхцөл байдлыг бий болгож, засгийн газарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг үүсгээд байна. Эдгээрээс хамгийн тулгамдсан асуудал нь агаарын бохирдол юм.

Хэдий Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах төрөл бүрийн арга, шийдлийг туршиж, хэрэгжүүлж байгаа ч Улаанбаатар нь ялангуяа өвлийн улиралд дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг хэвээр байна. Улаанбаатар хот агаар дахь PM2.5 (нарийн ширхэгт тоосонцор)-ын хэмжээгээр дэлхийд тавдугаарт бичигдэж байна.

Энэ жил агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газар хот руу нүүрс оруулахыг нэг мөсөн хоригложээ. Нүүрс бол тус хотын эрчим хүчний эх үүсвэр төдийгүй хотын ихэнх хэсгийг бүрдүүлдэг гэр хорооллынхны гол түлш. Засгийн газраас түүхий нүүрсний оронд илүү удаан шаталттай сайжруулсан шахмал түлш, мод түлэхийг иргэддээ уриалан, ажил хэрэг болгоод байна.

Улаанбаатар хот нь дөрвөн уулын дунд аяга хэлбэртэй хөндийд оршдог. Газарзүйн энэхүү байрлал хотыг агаарын бохирдлоос ангижруулахад саад болдог. Өөрөөр хэлбэл, аяга шиг хөндийд хурсан утаа нь хотыг яг л савны таг шиг бүрхчихдэг. Ингээд хотын дээгүүр бүрхсэн утаа нь агаар дахь тоос, тоосонцор, хорт хийг гаргахгүй таглачихдаг гэсэн үг.

Дээр хэлсэнчлэн нүүрс бол монголчуудын түлшний гол хэрэглээ. Жилд 10,000 өрх Улаанбаатарт нүүж ирдэг гэсэн тооцоо гарч, Засгийн газраас хүн амын шилжилт хөдөлгөөнийг зогсоохыг оролдсон ч эцэс төгсгөлгүй үргэлжлэх нүүдлийг хараахан барьж дийлэхгүй байна.  Хөдөөнөөс шилжин ирэгсэд албан ёсны зөвшөөрөлгүй хотод орж ирэн, ямар ч дэд бүтэцгүй гэр хорооллын захад ирээд буучихдаг.

Улаанбаатар хотын хамгийн их бохирдолтой хэсэг болох Баянхошуунд бохирдлын түвшин бусад газруудтай харьцуулахад хамаагүй өндөр байдаг. Тус газар нь сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн их хүн амтай , нягтаршил ихтэй газраар нэрлэгдэж байна. Оршин суугчдын ихэнх нь амьдралын түвшин тааруу энэ газар дэд бүтэц маш муу. Мэдээж нүүрсний хэрэглээгээр ч хамгийн өндөрт тооцогддог.

Баянзүрх дүүргийн эмнэлэгт Өмнөд Солонгосоос ирсэн эмч Жохак Ли жил тутам ирж энэ эмнэлэгт ажиллаж чадах чинээгээрээ олон өвчтөнд үйлчилдэг. Түүний өвчтөнүүдийн нэг нь зүрхний дутагдал, ходоодны өвчнөөр шаналж буй 13 настай Баярмаа охин. Энэ мэтчилэн монголчууд агаарын бохирдлоос шалтгаалах өвчлөлийн хажуугаар махны хэрэглээ маш их. Үүнийгээ дагаад цусны даралт ихсэх өвчин маш түгээмэл байдаг.

Насанд хүрэгчидтэй харьцуулахад хүүхдүүд хоёр дахин хурдан амьсгалдаг ба илүү их цагийг гадаа өнгөрүүлдэг тул агаарын бохирдолд хамгийн их өртдөг хүмүүс бол хүүхдүүд. Энэ улсад хүүхдүүдийн 50 хувь нь агаарын бохирдолтой холбоотой өвчнөөр өвдөж байна гэсэн тооцоо бий. Улаанбаатарт амьдардаг хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд амьсгалын замын, зүрх судасны болон мэдрэлийн эмгэгүүд элбэг тохиолддог. Өвлийн улиралд дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг болох Улаанцаатар хотод 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос үүссэн өвчлөлөөр нас бардаг. "Нүүрсээ худалдаж авч чадахгүй иргэд өвлийн хамгийн хүйтэн саруудад дулаан байхын тулд хаягдал дугуй шатаадаг" гэж Ли эмч хэлэв.

Оршин суугчид маск, агаар цэвэршүүлэгч, утаагүй зуух ашиглах зэрэг өөр өөрсдийн хэмжээнд авч чадах богино хугацааны шийдлүүдийг хэрэгжүүлдэг. Тун удахгүй өвлийн оргил хүйтэн сарууд эхэлнэ. Хүн бүр л дор бүрнээ өвлийн бэлтгэлээ базааж байна. Нүүрс хэдий бохир, утаа ихтэй ч хөлдөж үхэхгүйн тулд нүүрсээ түлэхээс өөр аргагүй шүү дээ.

Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 оны гуравдугаар сард баталжээ. Энэхүү хөтөлбөрт тусгагдсанаар агаарын бохирдлын өнөөгийн түвшинг 2025 он гэхэд 80 хувиар бууруулах зорилт тавьжээ. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газар ойрын арван жилийн хугацаанд зургаан ширхэг нүүрсээр галладаг цахилгаан станц шинээр барихаар төлөвлөж байна.

Энэ бүгдээс харахад Улаанбаатар нь Ази болон дэлхийд агаарын бохирдлын түвшин хамгийн өндөр үзүүлэлттэй хэвээр байх нь ойлгомжтой юм. Агаарын бохирдлын асуудал аюултай түвшинд хүрч, эрүүл мэндийн салбарт маш их хохирол үзүүлж байна. Ялангуяа дэд бүтэц хөгжөөгүй, гэх хорооллын ядуу тарчиг амьдралтай бүлгийн хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн их нэрвэгдэж, өвчин зовлондоо тарчилж байна.

Уул уурхайг дагаад гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирэх болсон тус улсын элийн засаг өсөлттэй байгаа ба 2019 оны ДНБ-ний өсөлт 6-с дээш хувьтай байх төлөвтэй байна. Гэхдээ энэ эдийн засгийн өсөлт, эрчимтэй хотжилтын хажуугаар хүн амын эрүүл мэнд, байгаль орчны асуудлыг орхигдуулахгүй хослуулан тогтвортой, тэнцвэртэйгээр улс орноо хөгжүүлэх даалгавар Засгийн газарт ирээд байна.

Эх сурвалж: The Diplomat

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж