“Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Унгарын нийслэл Будапештийн “Ludovika Arena”-д боллоо.
Эрчүүдийн өрсөлдөөнд дэлхийн 43 орны 215 тамирчин 10 жинд өрсөлдсөн байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд бүтэн багаараа оролцсоноос 74 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 125 кг-ын жинд “Аварга” сургуулийн тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл нар хүрэл медалийн эзэн болсон билээ.
Харин 57 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар, 86 кг-д МУБИС-ийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт оржээ. Түүнчлэн 70, 79, 97 кг-ын жинд хүч үзсэн тамирчид маань шагналын оноо цуглуулсан. Будапештийн дэвжээнд олимпийн 57, 74, 86, 125 кг-ын жинд медалийн төлөө барилдсан нь залуу үе төрөн гарч ирж байгааг харуулжээ.
Мөн 65 кг-ын жинд 21 настай Т.Тулга “Токио-2020” олимпийн наадмын эрх авсан тул энэ удаагийн тэмцээнийг өнжсөн бол 97 кг-д 18 настай Э.Батмагнай тэмцээнээс тэмцээнд туршлагажиж цаашид энэ жинд их ирээдүй хүлээж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг 70 оноогоор тавдугаар байрт орж айрагдав.
Мөн чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд болж хүнд жинд “Монголиа Опен”, “Байгаль Опен” Олон улсын тэмцээий мөнгө, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ариунжаргал шагналт тавдугаар байрт оржээ.
А.СҮРЭН