"Болзооны хүчирхийлэлд охид ихэвчлэн өртөж байна" | News.MN

"Болзооны хүчирхийлэлд охид ихэвчлэн өртөж байна"

"Болзооны хүчирхийлэлд охид ихэвчлэн өртөж байна"

Цагдаагийн байгууллагын мэдээллээр бэлгийн хүчирхийлэлд өртөх охидын тоо жил бүр өсч байна. Тухайлбал, 2018 оны байдлаар 218 охин 8-17 насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, 3500 орчим нь өсвөр насандаа ээж болжээ. 

"Хөөрхөн зүрхнүүд" төрийн бус байгууллага нь 2012 оноос эхлэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүдэд нөхөн сэргээх эмчилгээ үзүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд хүчирхийлэлд өртсөн 100 гаруй охидод сэтгэл зүйн туслалцаа үзүүлсэн байна. Иймээс хохирогчдын сэтгэл санааны байдал, тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийн талаар тус төрийн бус байгууллагын ерөнхий зохицуулагч Б.Оюундарьтай дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе.


-“Хөөрхөн зүрхнүүд” төрийн бус байгууллагад өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэчнээн охид хандсан бэ. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Манай төрийн бус байгууллага 2012 оноос хойш бэлгийн хүчирхийлэлд өртсөн буюу 18-аас доош насны эрэгтэй, эмэгтэй хохирогч хүүхдүүдэд нөхөн сэргээх нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 2018 оны тухайд 30 гаруй хохирогч хандсан бол тогтвортой, урт хугацаагаар сэтгэл зүйн туслалцаа авсан 25 тохиолдол бий. Энэ он гарсаар бид 23 хэрэг дээр ажиллаж байна. Тэдгээр хүүхдийн 40 орчим хувь нь бага насны хүүхэд байна. Гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдийн 70-80 хувь нь ураг төрлийн бэлгийн хүчирхийллийн хохирогч буюу төрөл садан, хамаатан садан ойр дотны таньдаг, тухайн хүүхдийн итгэлийг олж авсан ийм хүмүүс хүчирхийлэл үйлдсэн байдаг.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээ маш чухал байх. Хохирогчийг эргээд нийгэмшүүлэх асуудал бодит байдалд ямар байдаг вэ. Ямар хүндрэл тулгардаг юм бол?

-Эдгээр хүүхдүүд хүчирхийлэлд өртөхөөс өмнө нийгэм сэтгэл зүй бие махбодь, хөгжил төлөвшилтийн хувьд ямар нэгэн эмгэггүй хэвийн байсан. Гэтэл хүчирхийллийн улмаас хичээл сургууль, нийгэм хамт олонд өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй байх, бие даах чадварт нь сөрөг нөлөө учирдаг.

Тэгэхээр энэ сөрөг нөлөөлөл нь хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Магадгүй арав, түүнээс олон жилийн дараа сөрөг үр дагавар гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс сэтгэл заслын урт удаан хугацааны эмчилгээнд хамрагдах нь чухал.

Манай улсад сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө үзүүлэхийг сэтгэл зүйн үйлчилгээнд хамруулчихлаа гэж үздэг. Гэтэл энэ тийм биш. Дор хаяж тав ба түүнээс дээш урт удаан хугацаанд хүүхдэд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх нь маш чухал. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийг эргээд нийгэмшүүлэх, эрүүлжих боломжийг олгож байна гэсэн үг юм.

Хүүхдүүд айдас түгшүүрээс болоод сэтгэл хөдлөлөө нуух, зан үйлийн өөрчлөлтөд орох, хорт зуршилд автах, амиа хорлохыг завдах гэмт мэт сөрөг үзэгдлүүд илэрдэг учраас эдгээр эрсдэлийг даван туулах чадварыг олгож сэтгэл санааны дархлаатай болгож байна гэсэн үг. Тиймээс бид дээрх хүүхдүүдэд сэтгэл зүйн анхан шатны боловсрол олгож байна гэж хардаг.

-Нөхөн сэргээх эмчилгээг ямар байдлаар үзүүлдэг вэ?

-Нөхөн сэргээх үйлчилгээ зөвхөн сэтгэл зүй гэхгүйгээр урлаг спортоор дамжуулаад хүүхдийг нийгэмшүүлэх боломжтой. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэнэтхэн дотогшоо болох гэх мэтчилэн өдөр тутмын харилцаанд нь маш том өөрчлөлт ордог учраас бид эцэг эхчүүдтэй мөн харилцах нь чухал. Хүүхэдтэй байнгын хамт байгаа хүмүүс тухайн хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг дэмжиж ярилцаж байх хэрэгтэй. Магадгүй оройтоод ирэхэд нь "Чи дахиад л оройтож ирлээ. Оройтож ирж байгаад л тэгүүлээ биз дээ чи" гэх мэтчилэн тухайн хүүхдэд тохиолдсон үйл явдлыг дахин сануулах сэдрээх, үйлдэлтэй шууд холбож тайлбарлах нь хохирогчийг буруутгах маш том сэдэл болж байдаг. Тэгэхээр хохирогчийг хамгаалах бүхий л талууд хүүхдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ойлголттой байх нь маш чухал байгаа юм.

-Охид гэлтгүй эрэгтэй хүүхэд ч мөн ялгаагүй бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэв үү?

-Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг бодвол сөрөг нөлөө ихтэй харагддаг. Компюьтер тоглоомонд донтох хорт зуршилд автах, сургууль завсардах сөрөг үр дагавартай. Энэ нь яваандаа гэмт хэргийн холбогдогч болох нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй.

ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГЧИД ЁС БУС, БУСАРМАГ ҮЙЛДЛЭЭ ДАЛД БАЙДЛААР ИЛЭРХИЙЛЖ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

-Бэлгийн хүчирхийллийн цаад шалтгааныг та юу гэж харж байна вэ. Гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийг харахад ихэвчлэн ураг, төрлийн хүмүүс байдаг гэсэн?

-Бэлгийн хүчирхийлэлд өртөж буй иргэдийн 90-95 хувь нь охид, эмэгтэйчүүд байдаг. Хөвгүүдийн тоо харьцангуй цөөн байдаг ч хүчирхийлэлд өртдөггүй гэсэн үг биш юм. Тэр дундаа хүчирхийлэлд өртсөн хөвгүүд цагдаа, хууль хяналтын байгууллагад хандахгүй, нуугдмал шинж чанартай байх магадлал маш өндөр.

-Бэлгийн хүчирхийллийн төрлөөс шалтгаалан хохирогчдын насны байдал харилцан адилгүй байдаг уу?

-Бэлгийн хүчирхийлэл дөрвөн төрөл байдаг. Ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл, болзооны бэлгийн хүчирхийлэл, үл таних хүний буюу гудамж талбайн, гэрлэгсдийн хүчирхийлэл гэж ярьдаг. Үүнээс эхний гурав нь бага насны хүүхдэд тохиолддог. Ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл буюу аав өвөө, хойд аав, гэрээр нь орж гардаг гэх мэт тухайн хүүхэдтэй ойр таньдаг хүмүүс дээрх гэмт хэргийг үйлддэг.

Харамсалтай жишээ хэлэхэд нэг эмэгтэй зуны амралтын хугацаанд нагац дүүгээрээ хоёр хүүхдээ харуулж байжээ. Дүү нь гэх 25 настай залуу энэ хугацаанд найман настай охиныг нь хүчиндсэн тохиолдол гарч байсан.

Үүнээс дүгнэхэд, хэрвээ хүүхдээ хэн нэгэнд үлдээхээр болбол эсрэг хүйстнийхээ хүнтэй нь ганцааранг нь үлдээхгүй байх гэх мэтээр өдөр тутамдаа анзаарч байхад гэмгүй. Гудамж талбай буюу танихгүй хүний зүгээс үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийг судлаад харахад ихэвчлэн тухайн хүүхдийг судалсан урьдаас төлөвлөсөн тохиолдлууд байдаг. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр олон нийтийн газар гудамж талбайд харанхуй шөнө, сургууль руу нь явуулахгүй байх хэрэгтэй.

Болзооны бэлгийн хүчирхийлэл буюу сүүлийн жилүүдэд интернет орчинд хүүхдүүдийг садар самуунд уруу татаж, биеийн хэсгээ ил гаргасан зургаа дараад явуулахыг шаардаж, сүрдүүлэх улмаар анги хамт олонд нь хэлнэ хэмээн сүрдүүлсэн байдлаар хууран мэхэлж бэлгийн харилцаанд орсон тохиолдол цөөнгүй гарч байна. Болзооны хүчирхийлэл ихэвчлэн охидын дунд үйлдэгдэж байгаа бол гудамж талбай, ураг садангийн хүчирхийлэлд бага насны хүүхдүүд өртөх магадлал өндөртэй байна.

-Хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ. Эцэг эх, асран хамгаалагчид юуг анаахарах хэрэгтэй вэ?

Хүүхдэд багаас нь мэдлэг олгох нь маш чухал. Тухайн хүүхдэд чиний биед хэн хүрч хэн хүрч болохгүй, чиний хувийн орон зай бусдын хувийн орон зайд хэн халдаж болохгүй юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй. 21 дүгээр зуунд бид хуучинтайгаа эвлэрээд хохирч буй хүүхдийг хараад сууж огт болохгүй. Жишээ бид бага насны хүүхдэд сургалт хийхдээ багш нар, боловсролын байгууллагаар дамжуулан заадаг.

-Танай байгууллага нийт хэчнээн охидод туслалцаа үзүүлсэн бэ. Охидод тулгамдаж буй асуудал юу байна вэ. Бэлгийн хүчирхийлэл маш олон сөрөг үр дагавартай шүү дээ?

-Ихэвчлэн сэтгэлзүйн хохирол маш өндөр байдаг. Одоог хүртэл Монгол Улсад сэтгэл зүйн хохирлыг барагдуулах тогтолцоо байдаггүй. Охидыг эрүүл мэндийн хувьд харахаар бэлгийн замын өвчин авсан, жирэмсэлсэн зулбасан, жирэмсний хожуу үед нь мэдсэн, хүүхдээ төрүүлсэн тохиолдол цөөнгүй байна.

Үүнээс гадна хүчирхийллийн улмаас онгон хальс нь цоорсон, хярзан нь урагдсан, оёдол тавиулсан тохиолдол бий. Охидын хувьд эрүүл мэндийн хувьд эрүүл болсон ч түүнээс үлдсэн сэтгэл санааны шарх насан туршид нь үргэлжилдэг. Насанд туршийн сэтгэл санааны хохирлыг яагаад ярьж байна гэхээр тухайн үед хүчирхийлэл болоход хүчирхийлэл үйлдэгчийн шинж тэмдэг, өвөрмөц царайг нь хүүхэд санахгүй юм гэхэд үйл явдал болсноос хойш 5-10 жилийн дараа гудамжинд явж байхад яг тэр хүний үнэртэй ус эсвэл адилхан эд зүйлс, хувцастай хүн зөрөхөд хүчирхийлэлд өртөж байхдаа мэдрэгдсэн мэдрэмж нь тухайн мөчид мэдрэгдэж байдаг.

ХҮҮХДЭД БАГААС НЬ МЭДЛЭГ ОЛГОХ НЬ МАШ ЧУХАЛ

-Бэлгийн хүчирхийллийн тоо жил бүр өсч байна гэх?

-Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоог харахад энэ төрлийн гэмт хэрэг өсч байна гэж харж байгаа. 2017 оны байдлаар 300 хэрэг байсан бол 2018 онд 500 хэрэг бүртгэгдсэн. Гэхдээ энэ чиглэлээр ажилладаг олон улсын судлаачид цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нэг хэргийн цаана арван гэмт хэрэг бүртгэгдээгүй байна гэж үздэг. Магадгүй ураг төрлийн бэлгийн хүчирхийлэлд өртчихөөд найз нөхдөдөө, гэр бүлийнхэндээ хэлэлгүй яваа тохиолдол өсвөр насны охидын дунд их байгаа.

-Хэвлэл мэдээллээр хүчирхийллийн гэмт хэрэг тэр дундаа бага насны хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлэх нь хэр зохимжтой вэ?

-Хэвлэлээр тоо баримт, кейс задлахаар цагдаагийн байгууллагаас үүнийг ард иргэдийг айдас түгшүүрт оруулна, хүчирхийлэл үйлдэгчид сэдэл авах магадлал өндөр гэж ярьдаг. Харин ч эсрэгээр бид нар их ярьж байх хэрэгтэй. Энэ бол нууц гэдэг юм уу үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр асуудал биш гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хохирогчид ярьж байж хүчирхийлэл үйлдээд байгаа этгээдүүд ял завшихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд дуугарч эхэлснээр хүчирхийлэлд өртөгсдийн тоо нэмэгдэж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ тоог охидын үзлэг хийснээрээ илрүүлж байна гэж ташаа ойлгодог тохиолдол байгаа.

-Охидын үзлэгийг яагаад болиулах ёстой гэж?

-Охидын үзлэг жил болгон дунджаар 1-2 удаа хийдэг. Охидын үзлэгээр бэлгийн хүчирхийллийн хохирогчийг ил гаргана харж болохгүй. Хохирогчийг сургууль даяар нь мэднэ. Хохирогч дахиад хохирогч болно. Хохирогчид нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлээгүй байж зөвхөн хууль эрх зүйн асуудлыг анхаарах нь нэг талдаа өрөөсгөл ойлголт. Өөрөөр хэлбэл хүчирхийлэгчийг яллахдаа хохирогчийг тэр чигээр нь хаячихдаг тохиолдол манайд гарч байна. Ялангуяа цагдаагийн байгууллага байнга холбоотой байх хэрэгтэй.

Жишээ нь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын эхээр ээжийгээ дагаад айлд очсон есөн настай охиныг ээж нь архидан согтуураад ухаангүй болсон хойно нь ээжийнх нь найз гэх этгээд хүчиндсэн байсан. Тухайн үед охин гаднаас утас олж аваад, цагдаад мэдэгдсэн байгаа юм. Тэгээд мэдүүлэг өгөөд байтал ээж ухаангүй байсан учраас асуудлыг мэдэхгүй, манай хүүхэд худлаа яриад байгаа, согтуу хүмүүс хажууд нь байхаар айж түгшсэн байх мэтээр хандсан.

Гэтэл энэ хэрэг Гэр бүл хүүхэд залуучуудын газар энэ жилийн долдугаар сард ирсэн. Энэ хугацаанд юу болсон гэхээр ээжийнх нь зүгээс хараа хяналт сул, хүүхдийг үл хайхардаг байдал ажиглагдсан. Дээрх хугацаанд цагдаагийн байгууллага тухайн ээжтэй холбоо тогтоогоогүй байх жишээтэй. Дараа нь өнөөх охин манай байгууллагаас үйлчилгээ авсан. Энд юу харагдаж байна гэхээр салбар дундын уялдаа холбоо дутмаг байна. Хүчирхийллийн талаар анхны мэдээлэл ирсэн бол холбогдох байгууллагууд мэдээллээ солилцох ёстой. Салбар дундын тогтолцоо сул байна шүү дээ.

-Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон охид эмэгтэйчүүд танай байгууллагад ханддаг уу?

-Дотоодын бэлгийн мөлжлөгт өртсөн 17 настай охин манай байгууллагаар жил гаруй хугацаанд үйлчилгээ авсан. Манайх бэлгийн мөлжлөгт биш бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэгт үйлчилгээ үзүүлж ирсэн.

-Танай төвд хандсан хүүхдүүдээс хамгийн бага нь хэдэн настай хүүхэд байсан бэ?

-Манайд хамгийн бага нь гурван настай хүүхэд ирсэн. Тэр хүүхдийг хойд аав нь их оролддог байсан. Ингээд зогсохгүй охин насанд хүрэгчдийн яриа ярьдаг болсон байсан. Гурван настай хүүхэд насанд хүрэгчдийн яриаг зохиож ярихгүй шүү дээ. Ялангуяа санаатайгаар хэн нэгнийг буруутгаад ярих ямар ч сэдэл хүүхдэд байдаггүй.

Тэгэхээр бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байгаа тохиолдол урт удаан хугацааных байдаг. Яаж илэрч байгааг нь харахад нэг бол хохирогч бэлгийн замын халдварт өвчин тусах, жирэмсэн болох, тохиолдолд илэрч байна. Үгүй бол хэн нэгэн гуравдагч этгээд найз нөхөд нь мэдсэнээр илэрч байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд бэлгийн хүчирхийлэл ноцтой асуудлын нэг байх. Тэдгээр хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг учраас энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирох тохиолдол цөөнгүй гардаг байх тийм үү?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй бид тулж ажиллаж чадахгүй байна. Шалтгаан нь эдгээр бүлгийн хүмүүстэй ойр дотно холбогдохгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд манайхаас сургалт хийсэн тохиолдол цөөхөн. Тэдгээр хүүхдүүдтэй ажиллаж байхад бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртөж байсан тохиолдол маш их байдаг. Хүүхдүүд хэнд хандахаа мэддэггүй тохиолдол их байна.

Манай төвд жилийн өмнө оюуны бэрхшээлтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөөд үйлчилгээ авч байсан. Тухайн үед бид үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсан. Хүүхэд байцаалт өгөхдөө хольж солих, дүрслэлээ сайн илэрхийлж чадахгүй байхад нь нөгөө талын өмгөөлөгч, хуулийнхан “наадах чинь өөрөө дуртай байсан, худлаа хэлж байгаа юм” гэж байсан гэсэн. Энэ хэрэг шийдэгдэж охиныг хүчирхийлсэн гурван хүн ял авсан. Тэд хамар хашааны залуус байсан бөгөөд хичээлээ тараад явж байхад нь “сайн уу миний дүү. Энд юу хийж яваа юм наашаа ороод ирээч" хэмээн яриа өдөж хууран мэхлэх замаар бүлэглэн хүчирхийлсэн байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүчирхийллийн асуудал маш нуугдмал байдаг. Энэ дээр дорвитой ажилласан томоохон ажил байхгүй. Энэ бүлгийн хүүхдүүд рүү чиглэсэн ажил хүндрэлтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогийг нэгдүгээрт мэргэжилтнүүд мэдэхгүй байна. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 116, 29 дүгээр сургуулийн хүүхдүүдэд бид сургалт явуулах гэхээр хаалттай байдаг. Тухайлбал, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээгээр 29 дүгээр сургуульд очиход харамсалтай бидний саналыг хүлээж аваагүй.

-Ярилцсанд баярлалаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. urologist 2019-11-01 197.211.58.141

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2019-11-01 202.21.107.75

Ямар ч аймаар эмзэглэмээр хэргүүд вэ. Бүх хүн л сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд их архидаж байна. Харах зүгийн харагчин тэнгэрүүд минь тэнгэрээ битгий алдаач та нар минь үрсээ хамгаалах ёстой үүрэгтэй одонд төрсөн хүмүүс шүү дээ. Тугалаа дагуулсан бух байдаггүй байгаль чанараа гээж болохгүй шүү эмэгтэйчүүд минь.

Avatar

zochin 2019-11-01 66.181.161.35

buzar hvn hognuud Shorond hataaval taarah hvnii adguud bndaa Argagvi shvv dee Hvmvvs vmar ch uhamsar baihgvi tenegrel obchtei ulam munhag manguu bolj bndaa

Avatar

Zochin 2019-11-01 67.81.189.74

Hohirogchid hohirohoosoo omno oroldood b.gaa,sejigteng eej,egch,bagsh,tsagdaa,niigmiin ajiltnuudad esvel emchid hel,b** ai,doromjluulsnaas,ilchilj ooriigoo avar

Avatar

Зочин 2019-11-01 103.57.92.61

Гудамжинд ч автобусанд ч өдөж хоргоох биед нь эмзэг хэсэгт нь хүрэх, үг хэлээр доромжлох элдэв хандлагатай санал тавих зэрэг нь хэрээс хэтэрсэн шүү, үүнийг анхаарч байгаа хууль хяналт олон нийтийн болон хүний эрхийн байгууллага хаана ч байхгүй, ядаж нэгдсэн судалгаа байхгүй, бүгд л нүд нь таглаастай чих нь бөглөөстэй байна. Хүчирхийлэл үйлдэгч нь өөгшөөд л үйлдэл нь шат ахиад л улам л боловсроод л сэтгэцийн өөрчлөлт нь гүнзгийрээд л байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж