“Гэрэлт гудамж”-нд шөнө болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

“Гэрэлт гудамж”-нд шөнө болохгүй

“Гэрэлт гудамж”-нд шөнө болохгүй

Хүүхдээ салхилуулах ээжүүд, шатар тоглон хуучлах өвгөд, дугуй унаж сурахаар аавтайгаа ирсэн охин тэд бүгд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Гэрэлт гудамж"-ийг зорин иржээ. Арваннэгдүгээр сар гарч байгаа ч гадаа дулаахан тогтуун, намрын улирлыг санагдуулам сэтгэлд  таатай. 

Удалгүй нар жаргахад “Гэрэлт гудамж” бүхэлдээ нил  ягаан өнгөөр хучигдав. "Гэрэлт гудамж"-ийг нийтэд нь 240 метр урттай сүүлийн үеийн гэрлээр тоногложээ. Тоолж барамгүй ягаан  өнгийн гэрэл нүд гялбуулна. Харах  тусам сэтгэл татаж, нүд баясгах уг гудамж Японы Кувана хотын шөнийн гудамжийг санагдуулах бөгөөд энд ашиглагдсан гэрлүүдийг газар дэлгээд тавихад 40 км орчим болох гэнэ. Улаанбаатарт өнгө зүс нэмэх  дээрх гудамж өнөөдөр /2019.11.01/ нээлтээ хийх хэдий ч манай сурвалжлах баг урьтаж сурвалжлага бэлтгэсэн нь энэ юм.

Тус гудамжны анхны үйлчлүүлэгчид нь эндхийн оршин суугчид болох болов уу. Учир нь орой бүр цахилгааны монтаж шалгахын тулд гэрлийг асаахад хүүхдээ дагуулан эцэг, эхчүүд олноор ирдэг аж. 

"ГЭРЭЛТ ГУДАМЖ”-ИЙГ ХАРАХЫГ ХҮССЭН ХҮН БҮР 5000 ТӨГРӨГИЙН ХУРААМЖ ТӨЛНӨ

“Гэрэлт  гэр” төслийг “Love light land” ХХК болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2018 оны тавдугаар сарын 1-ээс эхлүүлсэн байна. Төслийн хүрээнд 42 метрийн диаметртэй, 15 метр өндөртэй ган төмрөн бүтээц бүхий Азидаа хамгийн томдоо тооцогдох гэр барьж байна. Гэр ирэх хавар ашиглалтад орно.  Одоогоор угсралтын ажил хийж байгаа юм. Үүнээс гадна 400 метрийн урттай усан оргилуур  болох  Монголын хамгийн урт усан сувгийг гэрэлт нуман арк, гэрлээр чимэглэн ашиглалтад оруулах аж.

Энэхүү усан гудамж нь зундаа  хүүхдүүдэд усан завьт үйлчилгээг үзүүлэх бол өвөлдөө мөсөн гулгуурын суваг болгон ашиглахаар төлөвлөжээ. Түүнчлэн халуун хоол, амттан, зууш, ундаагаар үйлчлэх зориулттай  есөн бага гэрийг Монгол урчууд нарс модыг уламжлалт аргаар нумруулан хийн,  360 градус бүхий харагдацтай шилээр бүрсэн нь онцлог, содон харагдаж байв. Харин “Гэрэлт гудамж”-ыг харахыг хүссэн хүн бүр 5000 төгрөгийн хураамж төлөх аж.

"БОРОЛДОЙН ЦАГ"  ХӨРСӨН ДЭЭР БУУХ НЬ

 

Бас нэг сонирхол татсан мэдээлэл нь үлгэрийн гэрүүдийг бяцхан хүүхдүүдэд зориулан бүтээж байгаа юм байна.  Бүрэн сийлбэр бүхий гэрт хүүхэд багачуудад зориулсан ардын аман зохиол, үлгэр, туульсийг үзүүлж сонирхуулан үндэсний өв соёлоо өвлүүлэх арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулна гэж төсөл хэрэгжүүлэгчид тодотгов. Мэдээж, хаа холоос Монголыг, Улаанбаатарыг зорин ирж буй жуулчдын нүдийг хужирлах газрын нэгээр дээрх газар болох нь  тодорхой. Ийнхүү Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөр хэв маягтай хийгээд үндэсний соёл, урлаг, ёс заншлыг агуулсан Боролдойн гэр  арванхоёрдугаар сард  сүндэрлэх нь ээ.

ЭНД АРХИ, ТАМХИ ХЭРЭГЛЭХИЙГ ХАТУУ ХОРИГЛОНО

“Love light land” ХХК-ийн Ерөнхий захирал, “Гэрэлт гэр” төслийн санаачлагч,  хэрэгжүүлэгч Т.Улаанбаатар “Төслийнхөө санааг 2016 оны валентинаар  эхнэртээ зориулж гэрээ чимэглэж байгаад олсон. Эхлээд санаагаа үндэсний цэцэрлэгт хүрээлэнд танилцуулсны дараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж 2017 оны эхээр дэмжигдэж дөрвөн га газрын зөвшөөрөл авсан. Хотын дарга асан Су.Батболд “Яг зураг төслийнхөө  дагуу хийж чадах уу. Их сайхан төсөл байна ” гэж дэмжиж байсан.  Хүүхдийн 100-ийн гэрэлт гудамж хийгдэхээс өмнө төслийн санаагаа олоод нийслэлээс зөвшөөрөл авах гэж багагүй хугацаа алдсан.

Хүүхдийн 100-ийн гэрэлт гудамжнаас ялгарах нэг онцлог нь энд архи, тамхи хэрэглэхийг хатуу хориглосон. Үүнд харуул хамгаалалтын ажилчид хяналт тавина. Өнөөдрийн байдлаар төслийн бүтээн байгуулалтад зарцуулсан тэрбум 800 төгрөгийн 60 орчим хувийг  зээлээр үлдсэнийг нь “Love light land” ХХК-аас гаргасан. Манай компани нь энтертайнмент буюу соёл урлаг, шоу бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бүтээн байгуулалтын үед хүмүүсийн шүүмжлэл хэл ам их гарсан. Гэхдээ ажлаа хийж дуусгаад юу хийснээ харуулна даа гэж бодож ирсэн. Өнөөдөр орой тэр цаг нь” гэв.

Одоогоос гурван  жилийн өмнө Сөүлийн гудамжнаа анхны "Гэрэлт гудамж"-ийг сүр дуулиантайгаар нээсэн. Хүмүүс  гадаадын улс орнуудад байдаг шиг үнэхээр үзэмжтэй, гоёмсог шөнийн гудамжийг төсөөлж байсан уу ихэд дурамжхан байсан цаг саяхан. Залуус тэнд шөнөжин дуулж, бүжиглэж, наргиж, цэнгэж, зугаалж, зугаацаж өнгөрөөдөг байсныг хотын дарга С.Амарсайханы шийдвэрээр цуцалсан билээ. Хэдийгээр хүүхэд залуусын орой, үдэш зорьж очих хотын нэгээхэн хэсэг болж чадсан ч нөгөө талаар ариун цэвэр болоод, оршин суугчдын амар амгалан байдалд сөргөөр нөлөөлдөг байсан "Шөнийн гудамж"-ийг өнгөрсөн зургадугаар сард  буулгасан юм. Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дахь  дээрх газраас  залуус  цогц үйлчилгээг авах боломжтой боллоо.

Street Food-ний хэсэг
халуун хоол, амттан, зууш, ундаагаар үйлчлэх зориулттай бага гэр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
116
ЗөвЗөв
16
ХөөрхөнХөөрхөн
13
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж