Санкт Петербург хотноо Соёлын VIII форум эхэллээ. Энэхүү форум хэд хэдэн бие даасан сэдвээр өрнөж байгаа бөгөөд Оросын кино болон анимацийн шилдэг бүтээлүүдийг дэлхийд таниулах боломж юм хэмээн форумыг зохион байгуулагчид онцолж байна.
Дэлхийн кино урлагт Оросын эзлэх жин, Оросын уран бүтээлчдийн ур чадвар дэлхийн түвшинд хаана нь эрэмбэлэгдэж байна, кино урлагийн дэлхий нийтийн чиг хандлага зэрэг сэдвүүдээр уран бүтээлчид, шүүмжлэгчид, шинжээчдийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.
Форумд Оросоос гадна АНУ, Их Британи, Франц, Хятад зэрэг орны кино уран бүтээлчид оролцож байна.
Хэлэлцүүлгийг найруулагч, продюсер Федор Бондарчук, "Союзмультфильм" студийн удирдагч Юлиана Слащева, киноны зах зээлд дагнан ажилладаг “Экспоконтент" компанийн захирал Евгений Марков нар хөтлөн явуулна.
Форумын нэг зонхилох хэсэг нь Хятадын кино хэсэг байх ажээ. Хоёр улсын хамтарсан кино төслийг эрчимжүүлэх нь нэг гол сэдэв байх юм. Хятадын “Airmita” дистрибьютор компанийн захирал Ду Лян, China International Filmand Media компанийн продюсер Лю Сюань нар хүндэт төлөөлөгчдийн тоонд орж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ