"Хурдны үүлдрийн Монгол адуу шинээр буй болгож яагаад болохгүй гэж?!"

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

"Хурдны үүлдрийн Монгол адуу шинээр буй болгож яагаад болохгүй гэж?!"

"Хурдны үүлдрийн Монгол адуу шинээр буй болгож яагаад болохгүй гэж?!"

МАХНЫ ҮҮЛДРИЙН МОНГОЛ ҮХЭР ШИНЭЭР БУЙ БОЛГОЖ БОЛЖ БАЙХАД, ХУРДНЫ ҮҮЛДРИЙН МОНГОЛ АДУУ ШИНЭЭР БУЙ БОЛГОЖ  ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ?!

Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын олон залуу уяачдын хүсэлтээр Доктор А.Баярмагнай гуайтай ярилцлаа.

-Наадмын өмнөхөн таны нэг ярилцлага сонинд гарсныг санаж байна. Монгол адуун дээр суурилсан хурдны чиглэлийн үүлдэр хэвшлийн адууны тухай та ярьсан байсан. Энэ талаар тантай дэлгэрэнгүй ярилцаж тодруулаач гэж манай сэтгүүлийн уншигчид хүсэлт тавьсан юм аа. Эндээс яриагаа эхлэх үү?

-Тийм ээ! Манай Монгол адуу бол хурдны чиглэлийн биш, уналга эдэлгээний адуу юм л даа. Монголчууд олон мянган жилийн турш адуугаа уналгын чиглэлээр л өсгөж үржүүлж, эдэлж ирсэн, тэр дундаасаа л шилэн сонгож уяж уралдуулж ирсэн байна. Гэхдээ адуугаа хурдны чиглэлээр үржүүлэх ажпыг үе үе хийж зохих үр дүнд хүрч байсан байгаа юм. Би тэр тухай ярьсан юм л даа.

-Тэр яриагаа цааш үргэлжлүүлээч.

-Ийм жишээ олныг дурдаж болно оо. Ялангуяа 19-р зууны сүүлчээр хүн төрөлхтөн дотоод шаталтын хөдөлгүүр зохион бүтээж, автомашин гарч ирснээр “Соёл иргэншлийн хөдөлгүүр” гэгдэж байсан адуу гэдэг амьтны хүний нийгэмд гүйцэтгэж ирсэн бүх үүрэг нь машин руу шилжиж, адуунд зөвхөн спортын үүрэг нь буюу уралдах үүрэг нь үлдсэн, тэр цагаас Европ, Америкийн хөгжилтэй орнууд адуугаа хурдны чиглэлээр өсгөж, үржүүлж, хурдны олон үүлдэр буй болгожээ. Манайх ч энэ давлагаанаас нэг их хоцорсонгүй. Үүний тодорхой жишээ нь Галшарын хурдан үүлдрийн адуу. Энэ тухай би олон удаа ярьсан, бичсэн. Гэвч хүмүүс үүнийг одоо ч сонирхсоор л байгаа юм.

-Одоо үеийн уяач залуучууд бүр ч их сонирхож байна.

-Энэ ажлыг тэргүүлэн сэтгэж, бодлого болгон хэрэгжүүлсэн хүн нь Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав юм. Тухайн цагтаа харьцангуй өндөр боловсрол олсон энэ хүн, тэр цагийн шинэ соргог мэдээллийг олж мэдээд авхаалжтайгаар тусган авч бүтээлчээр хэрэгжүүлж чадсан байна. энэ ажлаа 1890-ээд оны орчим эхэлж 1920-иод оны дунд үе гэхэд Монгол адуун дээр суурилсан Оросын хурдны үүлдрийн адуугаар сайжруулсан шинэ хурдан үүлдрийн Галшар адууг буй болгожээ. Энэ үүлдрийн хүчирхэг үе нь 1920-иод оны дунд үеэс 1960, 70-аад оныг гартал үргэлжилж түүнээс хойш өргөн тархалтын үе нь эхэлжээ. Одоо цагт Сүхбаатар аймгийн морьд хурдан хурдаараа ялгарч байгаа нь энэ үүлдрийн тархацын нөлөө юм. Сонирхуулахад, Галшар адууг бие даасан хурдан үүлдрийн адуу мөн юм гэдгийг 2015 онд баталгаажуулсан байдаг. Энэ нь уг үүлдрийг үүсгэн бүрэлдсэнээс хойш 90-100 жилийн дараа гэсэн үг. “Лучше поздно, чем некогда” гэж ярьдаг даа. Өнгөрсөн зууны эхнээс өнөөг хүртэл аваад үзэхээр Монголд хагас зуун жил тутамд хурдны чиглэлийн адуу өсгөж, үржүүлэх ажил далайцтайгаар өрнөж ирсэн харагддаг.

-Үүнийгээ жаахан дэлгэрүүлж яриач.

-Эхнийх нь энэ Галшар адуу юм. Дараагийнх нь Жаргалант адуу. 1930-аад оны сүүлээс 1950-иад оныг дуустал 20 гаруй жил Монголд Морин завод байгуулаад амжилттай ажиллуулж байжээ. Энд бүр гадаадын мэргэжилтнүүд ажиллаж, Монголчууд хамтраад шинжпэх ухааны үндэслэлтэйгээр Жаргалантын гэх хурдны чиглэлийн адууг амжилттай гаргаж авсан юм. 1963 оноос анхны үр дүн нь илт харагдаж эхэлсэн байдаг. Энэ адууг 1966 онд тэр үеийн ЗХУ-аас авчирсан цэвэр үүлдрийн зургаан сайн азаргаар цус сэлбэн шинэчлээд улам сайн үр дүнд хүрсэн. Одоо бидний ярьдаг Морин тойруулгын адуу гэдэг тэр. Энэ ажлыг санаачлан зохион байгуулсан хүн нь МАА-ийн Мал эмнэлгийн албаны дарга, Морин тойруулгын дарга зэрэг алба хашиж явсан малын их эмч хурандаа Дондивийн Даш агсан билээ. Энэ адууг Монголын хурдан морины уяаны дэг сургуулиар уяж өндөр амжилтад хүрч, алдар цол, нэр хүнд олсон уяачид өнөөдөр бидний дунд амьдарч байна. Харин энэ адууг Монголын бие даасан хурдан үүлдрийн адуу гэдгийг өнөө хэр баталгаажуулаагүй байгаа нь харамсалтай. Энд эрдэмтэн мэргэжилтний санаачилга дутсан хэрэг ээ.

-Одоо орчин үед байдал ямар байна?

-1990 оноос хойш Монголын нийгмийн байгуулал өөрчлөгдөж чөлөөт эдийн засаг буюу зах зээлийн нийгэмд шилжсэнээр өргөн боломж нээгдэж, шинэ залуу бизнесменүүд олноор төрөн гарч, энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж, Анли, Араб зэрэг дэлхийн шилдэг хурдан үүлдрийн адуунаас эх орондоо оруулж ирэн, уугуул Монгол адуугаа шинэчлэн сайжруулж, “Шинэ Монгол” гэдэг хурдны үүлдрийн адууг буй болгох үйл явц амжилттай өрнөж, мэдэгдэхүйц үр дүнд хүрч байна. Гэтэл Галшар, Жаргалантын адууг анх буй болгож байх үед тохиолдож байгаагүй бэрхшээл энэ үед гарч ирлээ. Монгол адуугаа хайрлан хамгаалах нэрийн дор, эх орончийн баг өмссөн нэлээд хүмүүс энэ ажпыг хүчтэй эсэргүүцэж элдэв аргаар саатуулахыг оролдож байгаа нь нууц биш. Энэхүү сөрөг давлагааны уг сурвалж нь өнөөгийн Монголын нийгмийн сэтгэл зүй, зан суртахууны доройтлоос эх үүсвэртэй юм.

-Сэтгэл зүй, ёс суртахуун……..гэдэг чинь юу гэсэн үг вэ?

-20-р зуун буюу социализмийн үед өмчгүй байсан Монголчууд өнөөдөр хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн үед цөмөөрөө хувийн өмчтэй болох их өрсөлдөөнд хамрагдан оролцохдоо ёс суртахууны алдаа гаргаж, өөрөөсөө илүү өмчтэй болж буй бүхнийг үгүйсгэж, өөрөөр хэлбэл атаа хорслын мананд умбаж, “Тамын тогооны үлгэр”-ээ л бүтээцгээж байна. Өөрийн адуунд үржил, селекцийн ажпыг ухаалгаар зохион байгуулж, үр дүнд хүрч адуугаа сайжруулж чадаж байгаа хэсгийгээ хавчин гадуурхах маягтай байна. Зүй нь тэдний үлгэр жишээгээр ажиллаж адилхан амжилт руу тэмүүлэх ёстой атал, “Монгол адуугаа устгах гэж байна” гэж үндэслэлгүй үг яриа гаргаж олон түмнийг буруу тийш нь уруу татаж байгаа нь ихээхэн зохисгүй үйлдэл юм. Өнгөрсөн зуунд үүсэн бүрэлдэж, тодорхой бүс нутагт тархан идээшсэн Галшар, Жаргалантын адуугаар сайн наадаж байсан уяачид ийм санаа цухалдуулж, “ойрын зайны” улс төрчид үүнийг уухайлан дэвэргэж байгаа нь Монголын хурдан морины соёл, уралдааны хөгжилд яавч сайн нөлөө үзүүлэхгүй.

-Монгол адуугаа устгах гэж байна гэдэг үгийг тодорхой тоо баримтаар няцааж чадах уу, Та?

-Өнөөдөр Монгол улс 3 сая 938 мянган адуутай. Жил бүр улс, бүс, аймаг, сумын наадам^ уралдаанд 200 мянгаад морь уралддаг гэсэн тойм судалгаа бий. Улсын наадамд жил бүр

1500 гаруй морь уралддаг. Сүүлийн 3 жилд улсын наадамд уралдаж байгаа нас бүрийн морьдын 15-77 хүртэлх хувийг “үүлдэрлэг байдал” гэгчээр шалтгаалан хасаж байгаагаас үзэхэд бас ч уралддаг бүх адуугаа “Эрлийз” болгочхоогүй, нийт Монгол адууны 2 орчим хувьд л хүрч байгаа нь харагдаж байна. Тэгэхээр уралддаг бүх адуугаа “Шинэ Монгол” адуу болгочиход л тэд маань нийт Монгол адууны ердөө 4 орчим хувь нь юм гэдгийг хэн хүнгүй ухаарвал зохистой. Энэ нь Монгол адуугаа устгаж байгаа бус шинэ хурдны үүлдрийн монгол адуу үүсэн буй болж буй хэрэг юм.

1950-иад оны эхнээс Монгол малын үүлдэр угсааг сайжруулах ажил орон даяар өргөн далайцтай эхэлсэн байдаг. Үүний үр дүнд “Сэлэнгэ” үүлдрийн үхэр, “Орхон” үүлдрийн хонь, “Ангор”, мөн “Гурван сайхан” үүлдрийн ямаа зэрэг өндөр ашиг шимтэй шилмэл үүлдрийн мал бий болсон юм.

Зөвхөн Монгол үхрийг л гэхэд 10 гаруй төрлийн сайн үүлдрийн үхрээр сайжруулсан юм билээ. Энэ бүхнийг эсэргүүцэлгүй хүлээн авч хэрэгжүүлээд зохих үр дүнд хүрч, өнөөдөр ашиг шимийг нь хүртэж байгаа атлаа адуугаа сайжруулах гэхээр эсэргүүцэлтэй тулгарч байгаагийн шалтгааныг нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуунаас л эрэхээс өөр гарцгүй юм. Энэ асуудлыг манай төр засгийн шинэ, хуучин зарим зүтгэлтнүүд зөв өнцгөөс нь харахыг хүсэхгүй улс төржүүлж, “сонгуулийн өмнөх компани”-ийг үе үе өрнүүлж байгаа нь ихэд инээдтэй харагдаж байна.

-Одоо цаашид бид яах ёстой вэ?

-Яах ёстойг нь заадаг хүн нь би биш л дээ. Гэхдээ хөгжлийн зүй тогтлоор бол мал аж ахуйн салбарын шинжлэх ухааны байгууллагууд үүнд ухамсартайгаар хандаж, өргөн олон уяачдын хүсэл зориг, хөрөнгө, хөдөлмөр, үүсгэл санаачилгаар өрнөсөн энэ чухал ажпыг хөхүүлэн дэмжиж*мэргэжлийн арга зүйгээр заан чиглүүлж, наад зах нь “Шинэ Монгол” адуу бүрийг паспортжуулахаас эхлээд их ажил хийх хэрэгтэй байна.

Галшар адууг бие даасан үүлдрээр баталгаажуулахад гаргасан алдааг давтаж, Жаргалант, Шинэ Монгол адууг баталгаажуулахад цаг алдах ямар ч шаардлага байхгүй. Галшар үүлдрийг буй болж байх үед манай зоо мал эмнэлгийн шинжпэх ухааны хөгжлийн түвшин, шинэ үүлдэр баталгаажуулах хэмжээнд хараахан хүрээгүй байсан байж болох юм. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал шал өөр болж ийм боломж бололцоо бүрдсэн, зөвхөн энэ төрлийн шинжлэх ухааны ажилтан, мэргэжилтний бүтээлч санаачилгаас л хамаарах хэрэг юм.

Доктор Р.Жавзмаа тэргүүтэй эрдэмтэд “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг буй болгоод тоо толгойг нь өсгөж 30 мянгад хүргээд үхэр нэг бүрийг нь пасспорттой болгоод явж байсан туршлага бий. Өндөр ашиг шимтэй үхрийг ийнхүү шинжпэх ухааны арга зүйн дагуу буй болгож өсгөж, үржүүлж болдог атал, хурдны чиглэлийн шинэ үүлдэр хэвшлийн адууг өсгөж, үржүүлж яагаад болдоггүй байх билээ?!

Энэ асуудлыг хариуцсан Улсын мал эмнэлэг, үржпийн алба, МАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэн, мал зүйчид эрдэмтэд, санаачилгатай ажилламаар байгаа юм. Адууныхаа үүлдэр угсааг сайжруулах талаар бусдаасаа хоцорч сэтгэж, хожуу хөдөлсөн зарим хүмүүсийн “тамын тогоо”-нд хамт буцлалгүйгээр, бохир улс төрчдийн урхи мэхэнд уналгүйгээр мэргэжпийн      сэтгэлээр асуудалд хандан            ажиллахыг тэдгээр

хүмүүст уриалъя аа.

-Ярилцсанд баярлалаа!

Эх сурвалж: Ухаантай морь сэтгүүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж