Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас анхааруулга гаргажээ. Тус анхааруулгад дурдаснаар, Монгол Улсын иргэн нь Эрхүү хотын замын хөдөлгөөнд оролцох үедээ монгол жолоочны үнэмлэхээ орос хэл дээр орчуулах шаардлагагүй гэдгийг анхаарууллаа.
Эрхүү хот орчмын замын цагдаагийн ажилтнууд монгол иргэдийн жолоодож буй машиныг зогсоож, бичиг баримт шалгаж, монгол жолооны үнэмлэхний орос орчуулга нэхэж, байхгүй тохиолдолд торгууль оногдуулах тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Энэ нь хууль бус үйлдэл бөгөөд жолооч та чухам ямар үндэслэлээр захиргааны зөрчил оногдуулж, торгуулийн арга хэмжээ авч байгааг тайлбарлахыг шаардах, улмаар торгууль төлөхгүй байх боломжтой юм байна.
ОХУ-ын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” Холбооны 196 дугаар хуулийн 25 дугаар зүйлийн 15 дахь заалтад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай олон улсын гэрээ, конвенцод ОХУ-тай хамт гишүүнээр элсэн ороогүй гадаад улсаас олгогдсон үндэсний жолооны үнэмлэхээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох үед тухайн үнэмлэхийг орос хэл дээр баталгаат орчуулга дагалдаж буй тохиолдолд ижил тэгш байх зарчмын дагуу хүчин төгөлдөр гэж үзнэ. Ингэхдээ тухайн жолооны үнэмлэх дээрх бичвэрүүд нь орос, эсвэл латин цагаан толгойн үсгээр бичигдсэн бол орчуулга шаардахгүй” гэж заасан байдаг.
Замын цагдаагийн ажилтнууд тус хуулийг үндэслэн захиргааны зөрчил нээн протоколд тусгадаг ба 500-5000 рублийн торгууль оногдуулдаг. Дээрх хуулийн заалтыг үндэслэхдээ “… Ингэхдээ тухайн жолооны үнэмлэх дээрх бичвэрүүд нь орос, эсвэл латин цагаан толгойн үсгээр бичигдсэн бол орчуулга шаардахгүй” гэснийг санаатай болон санамсаргүйгээр тайлбарладаггүй, авч хэлэлцдэггүй зөрчил өөрсдөө гаргадаг байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай олон улсын гэрээ, конвенц гэдэгт 1968 онд батлагдсан “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенц”-ийг ойлгоно. Тэгвэл тус конвенцид 1974 оны зургадугаар сарын 7-ны өдөр ОХУ нэгдэн орсон бол Монгол Улс 1997 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр нэгдсэн болно.
ОХУ, Монгол Улс нь дээрх конвенцийн гишүүн орнууд бөгөөд үндэсний жолооны үнэмлэх нь “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенц”-ийн шаардлагад нийцэх тул аливаа баталгаат орчуулга аль ч талдаа шаардлагагүй юм.
А.АНИР
Холбоотой мэдээ