С.Зоригийн сүнсийг чөлөөлж өгөөч, Ерөнхийлөгч өө!

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

С.Зоригийн сүнсийг чөлөөлж өгөөч, Ерөнхийлөгч өө!

С.Зоригийн сүнсийг чөлөөлж өгөөч, Ерөнхийлөгч өө!

Шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн онц ноцтой хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг мөрдөн шалгах үедээ эрүүдэн шүүсэн гэгдэж, Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар ял тулгуулж байгаа ТЕГ-ын экс дарга Б.Хурцын өмгөөлөгч өнгөрсөн Даваа гаригт   мэдээлэл хийхдээ  С.Зоригийг хөнөөсөн хэргийн бодит үнэнийг ярих гэхээр төрийн маш нууц зэрэглэлтэйд тооцогддог тул “амаа үдэх”-ээс өөр аргагүйддэг тухайгаа ярьжээ.  Тиймээс өмгөөлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулгад төрийн нууцад хамааруулсан эрүүгийн хэргүүдийг ил болгох талаар хүсэлт гаргаж байгаа юм байна.

Экс тагнуулчийг шүүхэд аваачсан  "эрүүдэн шүүсэн” гэх дуулиант асуудалд өмгөөлөгчийн зүгээс тайлбар мэдээллийг өгвөл  төрийн нууц задруулсан гэх ялд унах хуулийн заалттай.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг Монголын тагнуул, цагдаа прокурор 18 жилийн дараа олж. ял шийтгэл хүлээлгэсэн. Гэвч, энэ нь зарим нэг улстөрчдөд таалагдахгүй байгаа билээ. Тиймээс хэргийг задлах, захиалагчийн хэргийг замхруулахыг удаа дараа оролдсоор ирсэн.
Товчхондоо, эрүүдэн шүүсэн хэргээр экс тагнуулчийг шүүхээс илүү С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг суллаж, захиалагчийн хэргийг замхруулах сонирхол Хууль зүй, Дотоодын хэргийн сайд Ц.Нямдоржид байгаа юм.  Тэрбээр шоронгийн эмнэлэгт тарвалзаж буй хэрэгтнүүдийг суллахыг Ерөнхийлөгчөөс хүссэн тухайгаа чуулганы хуралдаан дээр өөрөө ам алдсан билээ.

Төрийн нууцад хамааруулсан, 21 жилийн турш олны анхаарлын төвд байлгаж ирсэн эрүүгийн том хэрэг бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг. Нийтдээ 104 хавтас бүхий материалыг ил болгохыг Б.Мэргэн өмгөөлөгч хүсчээ.

Онц ноцтой энэ хэрэг олон жилийн турш олон улстөрчийн албан тушаалд очих, амин зуулгаа дээшлүүлэх “хэрэгсэл” болж ирсэн.  Ц.Нямдоржоос эрлээд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өдгөө ч  элдэв худал мэдээллээр иргэдийн тархийг угааж сууна.
Тэдний эсрэг тайлбар, мэдээлэл өгөх гэхээр төрийн нууц гэх хоёр үг саад тээг болсоор ирсэн байдаг.

Тиймээс л С.Зоригийн амь насыг хөнөөсөн  хэргийн 104 хавтас материалыг ил болговол ядаж олон нийт дэх элдэв янзын хардлага тайлагдаж,  улстөрчдийн эрх ашгийн сонирхол нь ил болно. Хуульчид энэ хэрэг дээр ажиллах  боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Б.Булган хамжигч уу, хохирогч уу, Ц.Амгаланбаатар,Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар алуурчид уу, хэлмэгдэгчид үү, захиалагч  нь  хэн бэ гэсэн олон жилийн  хардлага, таамаглал, хэрүүлийн учиг тайлагдана. Хорин нэгэн жил өндөлзсөн талийгаачийн яс амарна.

Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсаны дараа, 2016 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэргийн зарим хэсгийг нууцаас гаргасан байдаг.  

Үүнээс нэг жилийн дараа 2017 онд хэрэгтнүүдийн өмгөөлөгч болчихсон Ц.Нямдорж сайд мэдээлэл хийхдээ "С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж, гурван иргэнд ял шийтгэл хүлээлгээд байгаа. Энэ гурван иргэнтэй холбогдолтой 14 мянга 926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргалаа. Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцын зэрэглэлд үлдлээ” гэж шоудаж байв. Түүний хэлснийг прокурор Д.Баярмагнай  үгүйсгэж,  Нууцын зэрэглэлээс гаргасан хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Дараа нь Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийгөө гаргасан мэт ярьж байна” хэмээн хариу тайлбар өгч байсан юм.

Ямартаа ч олон жил улс төрд, улстөрчдөд ашиглагдаж ирсэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг төрийн нууцаас бүхэлд нь гаргаснаар Б.Хурц гэм буруугүй иргэдийг хэлмэгдүүлсэн эсвэл Ц.Нямдорж гэм буруутнуудыг өмгөөлөөд байгаа үгүй нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, тагнуулч, сайд хоёрын хэн нь худалчийг иргэд, олон нийт мэдэж авах  болно  гэсэн үг.

Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмнөөс Ерөнхийлөгчид захидал бичиж суугаа Ц.Нямдорж сайдад тэрхүү 104 хавтас материалыг ил болгох сонирхол бий эсэхийг мэдэхгүй. Байсан бол тэрбээр аль хэдийнэ ил болгож,  энд тэнд хэвлэлийн хурал зарлан, эвийлж халаглаад явах байсан биз ээ.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлд төрийн болон албаны нууцыг ил болгох  дөрвөн үндэслэлийг зааж өгсөн байдаг. Тэрхүү дөрвөн үндэслэл нь:

  • 19.1.1 нууцлах хугацаа дуусгавар болсон
  • 19.1.2 нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн болон албаны нууцад хамааруулсан тодорхой мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон
  • 19.1.3 тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон.
  • 19.1.4 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан нь тогтоогдсон зэрэг аж.

Уг хуульд зааснаар төрийн болон албаны нууцыг ил болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх эрхтэй.

Тэгэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг  хэлмэгдүүлээд, хийгээгүй хэрэг тохсон нь үнэн юм бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст материалуудыг   бүхэлд нь ил гаргах эрх Засгийн газрын гишүүн Ц.Нямдоржид бий юм. Харамсалтай нь, Монголын шударга ганц сайд Ц.Нямдорж хэргийн тухай биш хэрэгтнүүдийнх нь тухай, захиалагчийг олох биш задлах тухай яриад байгааг   харахаар түүнд энэ хэргийг төрийн нууц хэвээр байлгах тодорхой ашиг сонирхол байгаа ч юм шиг.  Нэгд, сонгуулийн санал авах хэрэгсэл болгох. Хоёрт, хэн нэгэн өрсөлдөгчөө намнах зэвсэг болгон ашиглах.  Гуравт, захиалагчийг хамгаалах, хэргийг задлах. Үгүй юм бол өнөөдөр ч энэ хэргийг төрийн нууцаас гаргах эрх түүнд бий. Гэтэл тэр хэрэгт биш хэрэгтнүүдэд анхаарах болсон. Тиймээс Төрийн тэргүүнээс гуйх гуйлт байна.  С.Зоригийн хэргийг төрийн нууцаас гаргаж, түүний сүнсийг чөлөөлж өгнө үү, Ерөнхийлөгч өө!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж