Хувийн сургуулиудад энэ жил төсвөөс ₮17.5 тэрбумыг олгоно

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Хувийн сургуулиудад энэ жил төсвөөс ₮17.5 тэрбумыг олгоно

30 сая төгрөг хэр их мөнгө вэ. Зарцуулж буй хүнээсээ л хамаарах байх. Монголчуудын дундаж цалин 1.1 сая төгрөгт хүрлээ гэх Үндэсний статистикийн хорооны тайланд итгэвэл дундаж орлоготой иргэний 27 сарын цалин гэсэн үг. Түүнчлэн Монголд 905 мянган хүн сард 166 мянгаас бага орлогоор амьдралаа залгуулж буй гэх ста­тистикийг НҮБ-ын хийсэн судал­гаанаас харж болно. Тэгвэл өнөөх 30 сая төгрөг тэрхүү сая шахам хүний 15 жилийн хэрэглээний мөнгө болж байна. Ингээд бодо­хоор 30 сая гэдэг асар том тоо юм. Гэхдээ зарим хүний хувьд тийм биш. Жилийн 30 сая төгрөгийн төлбөртэй дунд сургуульд хүүхдээ сургадаг айл Монголд олон бий. Жишээ нь, British School of Ulaan­baatar гэхэд 10 мянган ам.доллар буюу бараг 30 саяын төлбөртэй. Өдгөө улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 147 хувийн дунд сургуулийн зургаа нь 10­-аас дээш сая төгрөгийн төлбөртэй аж. Мөн 10 сургуулийн төлбөр 5­10 сая төгрөгт багтаж буйг БСШУСЯ-ны мэдээллээс харж болно. Баячууд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бидэнд ямар хамаа байна, сургуулиуд зах зээлийн өрсөлдөөнийхөө зарчмаар л төлбөрөө тогтоож байна хэмээн шүүмжлэх нэгэн гарч магадгүй. Нэг талаар тийм л дээ. Гэхдээ 20, 30 саяын төлбөртэй сургуульд улс хувьсах зардал нэрээр жил бүр их хэмжээний мөнгө өгсөөр буйд л гол учир оршино.

Тав хүртэлх саяын төлбөртэй бол хувьсах зардлаа 100 хувь авдаг

Уг нь хувийн сургуулиудад хувьсах зардал өгч буйг хэв­лэлүүд шүүмжилж их бичдэг, шинэ сэдэв биш. Гэвч салбарын яам дүлий дүмбэ оргин арга хэм­жээ авдаггүйгээр үл барам өгөх мөнгөн дүн нь жил ирэх бүр өссөөр байгаа учир дахин хөндөхөөс аргагүйд хүрлээ. 2013 онд хувийн сургуулийн хувьсах зардалд улс 1.5 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2017 онд 10.4, 2018 онд 16.3 тэрбум төгрөг болж ахархан хугацаанд 10 дахин өсжээ. Тэгвэл энэ жил дээрх тоо мөн л нэмэгдэж, 17.5 тэрбум төг­рөг болоод байна. Сургуулиуд энэхүү мөнгийг хүүхдийнхээ тооноос хамааран хувааж авдаг. Гэхдээ таван сая хүртэлх төлбөртэй сургууль нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаа 100 хувиар тооцон авдаг бол 5­10 саяын төлбөртэй нь 70 хувь, 10­-аас дээш саяын төлбөртэй сургууль 30 хувиар тооцон авдаг байна. Жишээ нь, “Орчлон” сургууль 1270 сурагчтай. Улмаар 10 саяас дээш төгрөгийн төлбөртэй гэдэг утгаараа хувьсах зардлын мөнгөний 30 хувийг авдаг. Ингээд бодохоор улсын төсвөөс жил бүр 140 орчим сая төгрөг авдаг байж таарах нь.

15 саяын төлбөртэй хувийн сургууль улсаас жил бүр 140 сая төгрөг авч байна

Мөн 10 саяын төлбөртэй “Хоб­би” сургууль, 13 саяын төлбөртэй И Эс Эм сургууль улсын төсвөөс жил бүр 90 орчим сая төгрөг авдаг байна. Өндөр төлбөртэй сургуулиуд хувьсах зардлын 30 хувийг авдаг болохоор тоо нь харьцангуй бага байгаа хэрэг. Эдний шалгуураар бол долоохон хүүхдийн жилийн төлбөр. Харин тав хүртэлх сая төгрөгийн төлбөртэй сургуулиуд улсын сургуулийн нэгэн адил хувьсах зардлаа төрөөс 100 хувь даалгадаг. Дөрвөн саяын төлбөртэй, 500 хүүхэдтэй сургууль гэхэд ойролцоо­гоор 150­-170 сая төгрөг авдаг аж.

Хувьсах зардлын мөнгийг юунд зарцуулдаг вэ? 

Улсаас өгдөг энэхүү мөнгийг юунд, хэрхэн зарцуулах талаар нарийвчлан заагаад өгчээ. тухайлбал, багшийн цалингаас авахуулаад нийгмийн даатгалын шимтгэлийг нь хүртэл манай улс хариуцдаг юм байна. тун ч өгөөмөр загнаж байгаа биз. Үүнээс гадна бичиг хэрэг, ном хэвлэл, интернэтийн төлбөр, нормын хувцас, эм бэлдмэл, албан томилолт, тэр ч байтугай ахуйн эд зүйлсийг хүртэл энэ мөнгөөр авдаг. тухайлбал, анги танхимаа угааж цэвэрлэх вок, саванг нь хүртэл улс дааж байна. ингээд бодохоор манай улс олсон хэдийгээ багтааж ядсан, жигтэйхэн баян болчихсон мэт. гэсэн атал улсын дунджаас доогуур цалинтай хэрнээ асар их ачаалалтай ажилладаг улсын сургуулийн багш нарын цалинг нэмье гэхээр өгөх мөнгө олдоггүй, улс орны нөхцөл байдал хэцүүхэн байна хэмээн түмэн зовлон тоочих. Өнгөрсөн жил багш нар цалингаа нэмүүлэх гэж жагсаад, ажил хаялт зарлаад амжилтад хүрээгүй. Уг нь тэдний тавьсан шаардлагыг биелүүлж, хүссэн цалинг нь өгөхөд 35 тэрбум төгрөг хэрэгтэй юм билээ. Хэрэв өндөр төлбөртэй хувийн сургуульд хувьсах зардал нэрээр мөнгө өгөхөө больчихвол энэ мөнгөний талыг нь олчих боломж байна. Гэвч салбарын яам дорвитой санаачилга гаргасангүй, ард түмнийхээ төлөө гэж цээжээ дэлддэг улстөрчид ч бүлх залгисан мэт чимээгүй сууна. Хэвлэлийнхэн шүүмжлэн бичиж, иргэд эсэргүүцсээр байхад арга хэмжээ авахгүй байгаа нь үүний цаана хувийн сургуулийн бизнес эрхэлдэг улстөрчдийн нөлөө бий гэж хардахад хүргэнэ. Адаглаад л хүүхдийнхээ сурдаг сургуулийг дэмжчихье гэсэн бодол байдаг биз.

Харин одоо хөрсөн дээрээ бууя

Манай ерөнхий боловсролын сургуулиуд ямар өрөвдөлтэй дүр төрхтэйг бид мэднэ. Анги танхим хүрэлцэхгүйгээс болж гурван ээлжээр хичээллэдэг сургууль одоо ч байсаар. Ийм сургуулийн оройн ээлж 19­-20 цагийн үед тарна. Өвлийн хүйтэнд, харанхуй нөмөрсөн үед сургуулиасаа гарч байгаа хүүхэд гэр хүртлээ ямар их айдастай явдгийг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Мөн нэг ангид 50-­60 хүүхэд суралцдаг, хүүх­дүүд нэг ширээнд гурвуулаа шахцалдан суудаг, багш нарын ачаалал дэндүү их, цалин өчүүхэн бага, хүүхэд бүртэй тулж ажиллаж чаддаггүй гээд улсын сургуулийн зовлонг тоочоод байвал барагдахгүй. Энэ бүхнийг шийдэх гэхээр улс мөн­гөгүй гэсэн улиг болсон шалтаг хэлж ам тагласаар өдийг хүрлээ. Харин хувийн сургуульд манай улстөрчид, сайд дарга нар, баячуудын хүүхдүүд бөөнөөрөө сурч байна. Орчин нөхцөл, сургалтын чанарыг улсын сургуультай зүйрлэх ч юм биш. Хүүхдүүд ийм эрс тэс ялгаатай орчинд сурч, хүмүүжиж байхад дорвитой арга хэмжээ аваагүй хэрнээ өндөр төлбөртэй хувийн сургуульд хувьсах зардал нэрээр өчнөөн тэрбум төгрөг өгсөөр байгаатай яагаад ч эвлэрч чадахгүй нь. Хувийн сургуулийг тэжээж буй хувьсах зардлыг болиулж, багш нарын цалингийн нэмэгдэлд зарцуулж чадсан хүн жинхэнэ ардын баатар болно доо. Ё.Баатарбилэг сайд танд одоо ч ийм боломж байгааг сануулах нь илүүц биз. Задраад нэгэнт уначихсан энэ салбарыг та сайд байх хугацаандаа өндийлгөнө гэдэг шал худлаа. Зүгээр л Монголын мянга мянган хүүхэд, багш нарт нуруу тэнийх боломж олгож, энэ дэндүү шударга бус, дээдэст тал зассан хуваарилалтыг өөрчилчих хэрэгтэй. Ингэж чадах юм бол таныг магад сайнаар дурсах нь лавтай.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж